Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойгоо бид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Харин энэ жил тэгш буюу 100 жилийн ойтойгоо золгож буй таван аймаг бий. Тэдгээр аймгууд ойн баяраа хэзээ, хэрхэн тэмдэглэх тухай мэдээллийг хүргэе.
Архангай аймгийн 100 жил
Шинэхэн арслангаар 100 жилийн ойгоо мялааж буй Архангай аймаг энэ жил ойн баяраа энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх юм. Аймгийнхаа 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид зургаан салбар хороог хуралдуулж тодорхой үүрэг, чиглэл өгч, баярын товоо ийнхүү гаргажээ. Тус аймаг нь бөхчүүдээс гадна урлаг соёлын алдартан олонтой. Тиймээс эдгээр өдрүүдэд дуу хуур тасрахгүй байх ажээ. Үүнээс гадна аймгийн төвөөс 2.5 километрийн зайд “RN complex” аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж байгаа юм байна. Одоогоор бүх барилгын ажил дууссан бөгөөд тохижилтын ажил ч шувтрах шатанд явж буй тухай онцолжээ. Энэхүү цогцолборыг байгуулах болсон учир нь тус бүсэд түгжрэл байхгүй, автомашины зогсоол хангалттай гэж үзсэн байна. Үүнээс гадна тус цогцолборт өдөр бүр арга хэмжээтэй байхаар төлөвлөсөн гэнэ. Онцолбол явуулын цирк болон амьтны хүрээлэн байх аж. Мөн энэ жил аймгийн 100 жилээс гадна Ихтамир, Тариат, Хашаат, Хотонт, Цахир, Цэнхэр, Жаргалант, Цэнхэр зэрэг сумдын тэгш ой тохиож байна. Эдгээр сумдын баярын арга хэмжээ энэ сарын 16-наас эхэлж, өнөөдөр дуусгавар болох ажээ.
Завхан аймгийн 100 жил
Очирваань Отгонтэнгэрийн шүншигтэй Завхан аймаг энэ жил түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. Аймгийн баяр наадам энэ сарын 10-12-нд болсон бол тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам долдугаар сарын 19-21-ний өдрүүдэд нэгэн зэрэг болох ажээ. Тодруулбал Завханмандал, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Яруу зэрэг сум тэгш ойгоо тэмдэглэх юм. Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30, 31-нд болох аж. Завхан аймгийн хувьд тэгш ойдоо зориулж олон ажил төлөвлөсний нэг нь Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” зорилтод арга хэмжээ юм. Тиймээс 100 жилээрээ төрөөс биеийн тамир, спортын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангах, спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ард иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын арга хэмжээг түлхүү зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна Л.Ванганы нэрэмжит Завхан амгийн хөгжимт жүжгийн театр Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийг өргөн барих ажээ.
Төв аймгийн 100 жил
Түүхт Төв аймгийнхан энэ жил мөн 100 жилийнхээ ойтой золгож байна. Үүнээс гадна Баяндэлгэр, Баянжаргалан, Дэлгэрхаан, Заамар, Мөнгөнморьт, Эрдэнэсант зэрэг сумдынх нь тэгш ой тохиож байгаа юм. Эдгээр сумдын баярыг энэ сарын 10-12 болон 21-23 ны өдрүүдэд зохион байгуулах ажээ. Харин аймгий 100 жилийг 26, 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх юм байна. Тус аймгийн хувьд баярын өдрүүдээр эрийн гурван наадмыг зохион байгуулах ажээ. Тодруулбал 26-ны өдөр хязаалан насны морьдын уралдаанаар наадам эхлэх бол үндэсний сур болон шагайн харваагаар үргэлжлэх ажээ. Мөн “Миний нутаг” уран зургийн үзэсгэлэнгийн нээлт Төв аймгийн музейд болох бол “Зуунмод цэргийн хүрээ”-ний ёслол, хүндэтгэлийн жагсаал, Монгол Улсын төрийн далбаа, аймаг, сумдын туг мандуулах арга хэмжээ зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг тусгасан байна. Төв аймгийн 100 жилийн ойн баярын голлох арга хэмжээнүүд нь соёлын тоглолтууд байх юм. Тодруулбал “Төв түмний гоёл” үндэсний хувцас, өв соёлын арга хэмжээ, “Дүнжингаравын эгшиглэн” хүндэтгэлийн концерт, “Төв түмний үдшийн цэнгүүн” зэргийг онцолж болох юм байна.
Хэнтий аймгийн 100 жил
Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийчүүд энэ жил түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Мөн Баян-Адарга, Баян-Овоо, Биндэр, Галшар, Дадал, Жаргалтхаан, Мөрөн, Өмнөдэлгэр зэрэг сумын тэгш ой тохиож байгаа билээ. Эдгээр сумдын баяр энэ сарын 19, 20-нд болох ажээ. Харин 100 жилийн ойгоо 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх юм байна. Хэнтийчүүд ойгоо угтаж орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Найман аваргын цэцэрлэгт хүрээлэн”-д хөгжмийн аяар оргилдог усан оргилуур бүтээн байгуулахаар болсон байна. Мөн баярын өдрүүдийн онцлох үйл ажиллагааны нэг нь “Сэцэн ханы хурд-2023” буюу аймгийн 100 жилийн ойн сорилго уралдаан байх нь ээ. Энэхүү уралдааны гол зорилго нь аймгийн аварга хүлгийг алдаршуулахад оршиж байгаа юм байна. Үүнээс гадна эдгээр өдрүүдэд урлаг соёлынхны нэгдсэн тоглолт хөг нэмэх ажээ. Мөн тус аймаг энэ ондТөв цэнгэлдэх хүрээлэнгээ засч тохижуулсан гээд олон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Түүнээс онцолбол 100 жилийн ойн хүрээнд 600 хүний суудалтай соёлын төв өргөө ашиглалтад орж байгаа бол баярын өдрүүдэд их эзэн Чингис хааны музейгээр зочилж, их түүхийн харгуйгаар аялах боломжийг олгох юм байна.
Говь-Алтай аймгийн 100 жил
Говь-Алтай аймгийнхан Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойгоо энэ онд тэмдэглэхээр төлөвлөж байна. Тодруулбал ирэх сарын 1, 2-нд зохион байгуулах ажээ. Тус аймгийнхан ойн хүрээнд “100 бүтээлч” ажил аянг эхлүүлсэн билээ. Үүний хамгийн эхнхий ажил нь 1240 хүнтэй хийсэн “Жангар” туульсын арга хэмжээ юм. Мөн баярын өдрүүдийн үйл ажиллагааны оргил хэсэг нь Хантайшир уулын аймгийн түүхийг өгүүлсэн дөрвөн боть номыг дэлгэх ажээ. Үүнээс гадна аймгийн тухай баримтат кино, танилцуулга зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан байна. Үүнээс онцолбол эхний өдөр “Хантайшир экспо-2023”-ыг зохион байгуулах юм байна. Мөн орой нь залууст зориулсан соёл урлагийн тоглолттой бөгөөд энэхүү тоглолтын гол хэсэг нь гэрлийн шоу байх ажээ. Харин хоёр дахь өдрийн өглөө их насны морьд уралдах бол орой эрийн гурван наадмынаа шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулснаар 100 жилийн ойн арга хэмжээ өндөрлөх юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
0 сэтгэгдэл