Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан цусны даралт ихсэлт юм. Гэвч үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой төдийгүй бүрэн эдгэрдэг өвчин. “Даралт ихслээ” гэх хандлага иргэдийн дунд зөвхөн ахмад хүний ярианд бий гэх ойлголт сүүлийн жилүүдэд өөрчлөгдөн эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж байна. Цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх нь эрүүл, зөв дадалтай болох энгийн алхамаас эхлэхийг эмч мэргэжилтнүүд онцолж байна.
Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг (УГТЭ), ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн телевиз хамтран зохион байгуулж буй билээ.
Тус аяны баг энэ сарын 19-24-ний өдрүүдэд Өмнөговь, Дорноговь аймгийн иргэдийг цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн боловсрол олгохоор Улаанбаатар хотоос хүлгийн жолоо залсан юм.
Эдгээр өдрүүдэд орон нутгийн иргэдэд шууд үзлэг хийн, зөвлөгөө өгч зорилтот бүлгийн 1355 иргэнийг зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа. Үүнээс Өмнөговь аймагт 835 иргэн, Дорноговь аймгийн аяны эхний өдөр 520 иргэд хамрагджээ.
Цусны даралт ихсэлт нь зөвхөн өндөр настай болон эрсдэлт бүлгийнхэнд тохиолдох өвчин биш тул энэ тухай мэдээлэл, зөвлөгөө өгч, цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийснээс Өмнөговь аймагт 1022 иргэн, Дорноговь аймгийн аяны эхний өдрийн байдлаар 617 иргэдэд хүрч ажилласан байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 10 гаруй хувь нь шинээр оношоо тодорхойлуулж, өөрт тохирох эмчилгээний заавар зөвлөмжийг цаг алдалгүй авсан нь цаашид аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх томоохон алхам боллоо гэдгийг аяны багт багтсан эмч нарын бүрэлдэхүүн онцгойлон дурдаж байлаа.
Мөн эдгээр аймгуудын 120 эмч, мэргэжилтнүүдэд орчин үеийн эмчилгээний арга зүйгээр хангах танхимын болон ажлын байрны дагалдан сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан мөн энэхүү аяны хүрээнд эдгээр аймагт ажиллаж буй эмч, мэргжилтнүүд эмнэлгийн үйлчилгээг үзүүлж, эмчилгээ зөвлөгөө өгснөөр цусны даралт ихсэлтээс улбаатай хот руу ирэх иргэдийн урсгалыг сааруулах ажлуудыг хэрэгжүүллээ.
Аяны баг өнөөдөр Дорноговь аймагт дээр дурьдсан үзлэг, оношилгоо, эрт илрүүлэг, сургалт мэдээллийн ажлаа гүйцэтгэн, дээрх тоон үр дүнгээ улам ахиулсаар эргэн Улаанбаатар хотын зүг буцах билээ. Энэхүү аяныг өмнө нь нийслэл болон төв, баруун бүсийн нийт 8 аймагт амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд ирэх 8-р сард Орхон, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүрч ажиллах юм.
0 сэтгэгдэл