-ХАМГИЙН МУЛГУУ ҮЙЛДЛҮҮДИЙГ ХАМГИЙН ИХ ХАРИУЦЛАГА ЯРЬДАГ МАН-ЫНХАН ГАРГАЖ БАЙГААГ ХАРЖ БАЙНА УУ, Д.АМАРБАЯСГАЛАН ГЕНСЕК ЭЭ-
Монголчуудыг маанагууд удирдаж байна. Түмнээ төлөөлөн төрд томилогдсон төлөөлөгчдөө маанаг гэж хэлэх эвгүй байгаа ч хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгнээс нь ажихад хамгийн оновчтой нь энэ үг болж таараад байна. Монголчууд тэнэг, эргүү, балай, ухаан муутай хүмүүсийг арай эерүүлэн маанаг гэж нэрлэдэг. Тэгвэл улстөрчид ямар учраас маанаг хэмээн цоллуулахдаа хүрэв гэж үү. Өдийд адаглаад ирэх оны улсын төсөв, энэ жилийн төсвийн тодотгол үр дүнтэй байсан эсэх талаарх гал гарсан хэлэлцүүлгүүд өрнөж байх учиртай ч даанч тийм зүйл өнгөрсөн өдрүүдэд нэгээхэн ч болсонгүй. Харин нохойгоор шинжүүлсэн цаг агаарын төлөвөө сошиалаар зарлагч УИХ-ын дарга, нохойтойгоо зэрэгцэн цасан дээр мөлхсөн нүцгэн шалдан зөвлөх, замын хөдөлгөөний түгжрэл гэж юу байдгийг биеэрээ амсаагүй ч түгжрэл бууруулна гэх сайд, түүнийг нь хэрэгжүүлэхийн тулд хотын А зэрэглэлийн бүсэд орон сууц худалдаж авснаа баярхагч төлөөлөгч, сайдын суудлыг мөнгөөр авч чадаагүйгээ зарлагч УИХ-ын гишүүн тэргүүтнүүдээс ард түмэн юун бодитой шийдвэр, зөв гаргалгаа, алсыг харсан бодлого хүлээх. Харин ч эсрэгээрээ айж, бэргэж, цөөнгүй нь жигшиж байна. Монгол төрийн бодлогыг ийм хүмүүс төлөвлөж, боловсруулж, хэрэгжүүлдэг гэж үү хэмээн алмайрч байна. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн сошиал солиорол хэрээс бүр хэтэрлээ. Хэдхэн жилийн өмнө улстөрчид өдөр тутмын сониноор “хэрэлдэж”, бие биенийхээ булхай луйврыг баримт нотолгоотой дэлгэлцэж, “дайтдаг” байсан бол одоо хувийнхаа сошиал хаягаар галзуурдаг, маанагтдаг болчихлоо. Ойрын гуравхан хоногт болсон тавхан жишээг дурдъя.
Г.ЗАНДАНШАТАР: АНХНЫ ЦАСНААР УУЛАНД ГАРЧ ЦАГИЙН БАЙДЛЫГ ШИНЖВЭЭС ЭНЭ ӨВӨЛ ХҮЙТРЭХ ТӨЛӨВТЭЙ ШҮҮ
УИХ-ын дарга нь ууланд нохойтойгоо очоод л ирэх өвлийн өнгийг “шинжилчихэж” байна. Энэ тухайгаа пэйж хуудастаа “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар ууланд нохойтойгоо гарч, цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм байна” хэмээн нохойтойгоо авахуулсан зургаа нийтэлсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд байна. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Билэгт “Өвөл болохоор хүйтэн болдог” гэж хэлээд хэвлэлээр төдийгүй УИХ-ын хэмжээнд адлуулж, бангадуулж байсантай УИХ-ын даргын дээрх үг ялгаа юу билээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.СҮХБААТАР:БИ ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХГҮЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, МАШИН ЖОЛООДДОГГҮЙ ГЭСЭН ҮГ
УИХ-ын даргын мэргэ төлөг ийн буухаас хэдхэн цагийн өмнө Монгол Улсын Хот хариуцсан сайд, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “2009 онд С.Баярын Засгийн газрын үед 400 автобус авсан байна. 13 жилийн тэртээд парк шинэчлэлт хийж. Одоо нийт автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болжээ. 576 автобус ашиглалтаас гарахаар хүндрэл үүснэ. Хоногт 2 сая 800 мянган хөдөлгөөн хийж байгаагийн 1.8 сая нь хувийн автомашин байна. 685 мянга нь нийтийн тээврээр, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна. Бид хувийн машинаар зорчих хөдөлгөөнийг 1.5 сая болгоё. Нийтийн тээврээр зорчигчдыг мөн нэг саяд хүргэе. Явган зорчигчдыг 64 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Парк шинэчлэлийг гүйцээхэд Засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана. 24-өөс дээш суудалтай автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө. ... Бид ирэх жил хийсэн ажлаа дүгнэхэд Э.Бат-Үүлээс дутуу биш, илүү л гарсан байх болно” гэсэн билээ. Хийх ажлаа төлөвлөх бус, хэн нэгэнтэй барьцаж, уралдаж буй мэт түүний энэхүү үгийг олон нийт шүүмжлэхэд тэрбээр нэгэн жиргээчид “Би жолооны үнэмлэхгүй. Өөрөөр хэлбэл, би машин жолооддоггүй гэсэн үг” хэмээн уурссан байдаг. Төрийн сайд хүн таарсан хүн бүхэнтэй муудахаас гадна өөрөө замын хөдөлгөөний түгжрэлд саатаж, түгжирч үзээгүй хүн түгжрэлийн шалтгааныг хэрхэн тайлж, олох нь тун эргэлзээтэй.
Х.БУЛГАНТУЯА: ДЭМЖСЭН ХҮМҮҮСТ БАЯРЛАЛАА. МӨНГӨ ТАРААСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
Хотын сайд Ж.Сүхбаатарын сошиалаар хавьтсан бүхэнтэйгээ хэрэлдэж, алхам бүхнээ тайлбарлан, сурталчилж суух зуурт ХНХ-ийн сайдад горилогсдын тоонд нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа твиттер хуудастаа “Булгантуяа сайд болох нь гэж баахан бичив. Дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Мөнгө тараасан зүйл байхгүй. ... нар өөрийн хүслээр жиргэдэг хүмүүс. Сошиал давалгаагаар сайд болдог юм байхгүй. Зарим нь болчих вий гээд бие нь муудчих шиг боллоо. Happy weekend” хэмээн бичиж, жиргээчдийг бүтэнсайн өдрийг бүтэн ярих юмтай өнгөрүүлэв.
С.МӨНХЧУЛУУН: ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД АЖЛЫНХАА ХАЖУУД НҮҮГЭЭД ИРЧИХЛЭЭ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг ийн мэдэгдэл хийхээс хэдхэн цагийн өмнө ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ажлынхаа хажууд нүүгээд ирчихлээ” хэмээн нүүр хуудастаа бичсэн нь олны шүүмжлэлд өртөв. МАН-ын Генсек ЗГХЭГ-ын дарга болсноос хойш Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулах, бууруулах тухай ажлууд ундарч, түүнтэй холбоотой ажлын хэсэг дэгсдүүлж хэлбэл, төрийн байгууллага бүрд байгуулагдаж байх шиг байна. Ийм ч учраас дарга, цэрэггүй бүгд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гар бие оролцогч болж харагдахыг хүсэж байгаа энэ цаг үед түүний ийн нүүсэн тухайгаа бичсэн нь “Замын ачааллыг бууруулахын тулд хүн бүр хотын төвд амьдар, орон сууц худалдаж ав гэсэнтэй ялгаа юу байна” хэмээх шүүмжлэлд өртөж, түүнийг олон нийт баярхсанд тооцон дургүйцлээ илэрхийлсээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.ДЭМБЭРЭЛ:ЦАСАНД БАЯРЛАДАГ ГУРАВ
Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч асан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн зөвлөх Б.Дэмбэрэл дотуур хувцаснаасаа өөр хувцасгүй, чармай шалдан цасан дээр хөрвөөсөн, ноходтойгоо зэрэгцэн мөлхөж байгаа видео бичлэгээ “Манай Баянзүрхэд хяруу унахгүй, шууд цас орлоо. Цасанд баярладаг гурав” хэмээх тайлбартайгаар тавьсан нь өчигдөр сошиалчдын тэнэглэлийг бараг тэргүүлэв.
Галзуу, солиотой нь мэдэгдэхгүй, чин үнэндээ ард олны амьжиргаа, эрүүл мэндийн хийгээд ер нь аль ч хуулийн төсөл бүр бодлого гаргах түвшинд ажиллах чадамжгүй байж мэдэх ийм тэнэг үйлдэл гаргагсдыг төрд түмэн олныг төлөөлүүлж ажиллуулах хэрэг байна уу. Хувийн сошиал орон зайдаа юу оруулах, хэрхэн элийрэх нь хувь хүний эрхийн асуудал ч төрд биднийг төлөөлөгчид бүр иймдээ тулсан тэнэг үгс, үйлдэл, зураг, видеогоор олон нийтийг ийн доромжилж, даажигнамааргүй байна аа. Ард иргэдийн амьжиргааг нийтээр нь дээшлүүлэх, боловсрол, соёлоор соён гэгээрүүлэх цогц, ганхашгүй бодлого боловсруулах даалгавартай төрд томилогдсон хүмүүс иймэрхүү царайтай байгаа учраас л мянга мянган залуус эх орноо орхиж, харьд угаагч, түгээгч, зөөгч, ачигч, цэвэрлэгч хийхийг илүүд үзэж байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.
0 сэтгэгдэл