|

Зураач УНДРАА: ХҮН ХҮҮХЭД МЭТ ГЭГЭЭН ЗӨН МӨРӨӨДЛӨӨ ГЭЭСЭН БАЙДАГ

 
 Зураач УНДРАА: ХҮН ХҮҮХЭД МЭТ ГЭГЭЭН ЗӨН МӨРӨӨДЛӨӨ ГЭЭСЭН БАЙДАГ

Зураач Вандангийн УНДРАА:

 

- Юуны өмнө үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Өөрийн чинь үзэсгэлэнд бүтээлийг харахад их гэгээлэг өнгө төрхтэй, нэг тийм тайван амгалан мэдрэмж төрж байсан. Гэр бүлийн сэдэвтэй зургууд их харагдаж байна. Яагаад энэ сэдвийг сонгож зурах болсон юм бэ?

- Баярлалаа. Би гэрлээд гурван сайхан хүүхэдтэй болсон. Айлын гэргий болоод үр хүүхэд, хань ижлээсээ амар амгалан, гоё сайхныг мэдэрч, гоё сайхан энергитэй зүйлд илүү их дурлаж, татагдаж, зурдаг болсон байх. Тиймээс байгаа орчин маань л их нөлөөлсөн болов уу.

- Таны зурагнуудад их тод өнгийг их голчилсон байна. Ер нь бүх зурагнууд чинь ийм байсан уу? Сүүлийн үеийн зурагнууд нь зөвхөн ийм байна уу?

- 2012 оноос хойшхи зурагнууд ер нь иймэрхүү тод өнгө голчилсон байгаа. 2005 онд төгсөөд, 2006 оноос эхлээд уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Энэ явцдаа бол эрэл хайгуул хийгээд зохиомжлог давтамжтай зураг зурдаг байлаа. Гэр бүлийнхээ хүнтэй учраад, гэр бүлийн, тод өнгөтэй, хайр дурлалын сэдэвтэй зурагнууд л их зурж байгаа. Гарч ирж байгаа энэ гоё өнгөнүүд бол миний дотоод хоёрдахь ертөнц юм даа. Би тийм ертөнцөд л амьдраад байна гэсэн үг байх.

- Өөрийн чинь зурагнууд их зохиомжтой юм. Ялангуяа эвтэй дөрвөн амьтан гэхэд л шинэлэг байдлаар зурсан байна?

- Эвтэй дөрвөн амьтдыг дээр дээрээ гараад алим авах гэж байгаа байдлыг яагаад өөрчилж болохгүй гэж бодсон. Би ер нь зурагнуудаа аль болох инээдмийн талруугаа зурах гэж хичээдэг. Одоогоор эвтэй дөрвөн амьтны 20-иод цуврал гарчихсан байна. Жижиг том хэмжээтэй, янз бүрийн л байгаа. Би хийе гэсэн юмаа л хийдэг. Сэтгэлгээний хувьд баригдах дургүй. Цаашид маш их олон санаанууд байгаа. Тиймээс тэдгээр санаануудаа хэрэгжүүлээд явна даа.

- Уран зургийн янз бүрийн урсгал чиглэлүүд олон байдаг. Өөрөө ямар чиглэлийн зураач вэ?

- Өөрийгөө модерн, шинэ үеийн урлагт орох байх гэж боддог байсан. Гэтэл судлаад үзэхээр Францаас уламжлалтай гэнэн сэтгэлгээний урлагтай илүү их хамааралтай юм шиг байгаа юм. Гэнэн сэтгэлгээний урлаг гэдэг нь хүүхдэрхүү зурдаг чиглэл юм л даа.

- Миний хувьд гэнэн сэтгэлгээний урлагийн талаар анх удаа л сонсож байна. Энэ урлагийн талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

- Иймэрхүү төрлөөр зурдаг зураач нар олон байдаг. Пикассо ч бас хүүхэд шиг зурахыг мөрөөдөж байсан гэдэг юм байна лээ. Элдэв янзийн бодол, хүлээс, изм-д баригдаагүй, хэт дураараа, хүүхдийн гэнэн сэтгэлгээгээр зурна гэдэг сонирхолтой шүү дээ. Хүн хүүхэд үеийнхээ гэгээн зөн мөрөөдлийг гээхгүй явах ёстой. Зарим хүмүүс миний зургийг хараад "Хөөх энэ чинь хүүхдийн зураг юмуу” гэдэг. Энийг нь би шүүмжлэл талаас нь хүлээж авдаггүй. Харин баярлаад илүү хүүхэд шиг зурсан байна ш дээ гэсэн үүднээс хүлээж авдаг. Би энэ сэдвээр зурахдаа анх өөрийнхөө гэр бүлийнхний зургийг зурж үзэсгэлэндээ тавьсан юм. Гэтэл тэр зураг маань хүмүүст таалагдаад, манай гэр бүлийг зураад өгөөч гэсэн хүсэлт их ирдэг болсон. Зарим гэр бүлүүд хүүхэд гаргаагүй ч гэсэн би тэдэн хүүхэдтэй болмоор байна гэх мэтчилэн бэлгэдэл, зөн мөрөөдлийн зураг их зуруулдаг. Ер нь л өөрийн хүсэж буй зүйлээ бэлгэдлийн чанартайгаар зуруулдаг хүмүүс олон байдаг.

- Хүнд хамгийн анхны юм бүхэн маш их дурсамжтай байдаг. Нууц биш бол хамгийн анхны зарсан зураг чинь ямар үнэ хүрсэн бэ?

- /Инээв/ Хамгийн анхны үзэсгэлэн дээрээ анхныхаа зургийг зараад бөөн баяр болж байлаа. Нэг гадаадын хүн 350$-оор зургийг маань худалдаж авч байсан.

- Та аль сургуулийг төгссөн бэ?

- 1998 онд Гандигийн нэрэмжит дүрслэх урлагийн дунд сургуулийг төгссөн. Тэндээс би одоо энэ зураад байгаа чиглэлийнхээ ерөнхий зураглалыг олж авсан. Дараа нь 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Энхбат багшийн удирдлаган доор дүүргэсэн. Тэнд зурах арга барил, техникийг илүү эзэмшиж, мэргэшсэн.

- Цаашид энэ чиглэлээрээ зураад байх уу?

- Дотроос гарах юм зөндөө байгаа болохоор зураад л байна байх.

- Комикс, номын чимэглэл зураг зурж байсан гэсэн. Энэ тухайгаа дэлгэрүүлж ярихгүй юу?

- Тиймээ. Би хүүхдийн төлөөх ажлуудыг дэмжиж ажилладаг. Хүүхдийн төлөө байгууллагууд миний зургийг ашигладаг. Ариунтунгалаг охинд зориулж, Сэтгэлийн зураг нэртэй анхны хандивын үзэсгэлэнг зохион байгуулж байлаа. Сүүлд хүүхэд судлаач Хорлоо багштай хамтарч Монгол хүүхдүүддээ зөв дадал хэвшил олгох "Сайн мууг ялгая” цуврал гарын авлага дээр ажиллаа. Гурав дахь цуврал нь БИ МОНГОЛ ХҮҮХЭД нэрээр Монгол ахуйд амьдрах ухаанд сургах 60 дадал нэрээр гарсан. Хүүхдүүд хувийн ариун цэвэртээ хэрхэн анхаарах, гараа хэрхэн угаах, хоолоо идчихээд аяга тавгаа хэрхэн хураах гэх мэтчилэн хамгийн наад захын ахуйн соёлд суралцаж, төлөвшүүлэх тал дээр энгийн хөөрхөн зөвлөмжүүдийг гарын авлага болгож зурсан.

- Нийтдээ хэдэн үзэсгэлэн гаргасан вэ? Манай зураачид маш мундаг болсон. Гадаадын үзэсгэлэнд зурагнуудаа явуулж, шагналт байруудад их ордог болжээ. Таны хувьд энэ тал дээр хэр зэрэг ажиллаж байна?

- 2006 оноос хойш жилдээ нэгээс хоёр үзэсгэлэнд оролцдог байсан. Гадаад дотоодын үзэсгэлэнд нилээд оролцсон. Вьетнамд болсон үзэсгэлэнд манай орноос арван эмэгтэй зураач оролцсоны нэгэнд би явсан юм. Уг үзэсгэлэнд оролцоход Насаа эгч маань надад санал тавьсан болохоор Насаа эгчдээ их баярладаг. Тэнд очоод долоо хоногийн хугацаанд бусад орны олон зураачтай туршлага солилцсон. Дэлхийн 110-аад орны төлөөлөгчид ирсэн байсан. Үзэсгэлэн нээгдэхэд Насаа эгч бид хоёрын зураг хамгийн эхэнд гарсан нь надад их сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тэр үеэр болсон Шаазан чимэглэх уралдаанд миний бүтээл тусгай байр эзэлж байсан.

- Зураач хүний хувьд Монголын уран зургийн өнөөгийн түвшинг хэрхэн харж байна?

- Манай зураачид бусад улсын зураачидтай хөл нийлүүлэн алхаж байгаа гэж бодож байгаа. Ялангуяа 9/76 галерейн Гантуяа эгчийг энд нэрлэмээр байна. 2015 онд зураачдыг Итали руу биналд явуулсан. Одоо 2016 оных нь бүртгэл явагдаж байна. Манай зураачид ер нь хаана ч нүүр улайхааргүй болж байгаа. Тэр энэ гэж нэрлэхээсээ илүү бүх л галерейнуудын янз бүрийн урсгалууд, бие биенийхээ орон зайг нөхөөд байдаг юм болов уу гэж боддог. Бүх зураач нар нэг л төрлийн юм зураад хошуураад байвал манай урлаг хөгжихгүй. Ер нь манай урчууд болон дизайнаруудын бүтээл дэлхийн хэмжээнд аль хэдийн үнэлэгдээд тэмцээн уралдаанд аварга болоод байгаа шүү дээ.

- Зарим уран зураг маш их үнэд хүрдэг. Уран зурагт ер нь юуг нь хамгийн их үнэлдэг юм бэ? Техник ажиллагаа, гүйцэтгэлийг нь хардаг юм уу, эль эсхүл тухайн зураачийн сэтгэлгээ зохиомжийг нь харж үнэлдэг юм уу?

- Уран зураг гэдэг хүний дотоод сэтгэлээс гарч ирж байгаа зүйл болохоор үнэд хүрдэг юм болов уу. Би оюутан байхдаа анх Пикассогийн зурагнуудыг хараад "Бид нарыг бодитой зүйл зур” гээд л байдаг. Гэтэл энэ зураач ямар их чөлөөтэй, хийсвэр сэтгэлгээ нь хөгжсөн хүн юм бэ? гээд л боддог байсан.

- Анх зураг зурах гараагаа хэзээнээс эхэлж байв? Ямар хүн нөлөөлөв?

- Би багаасаа л урлангийн нөхцөлд амьдарсан хүн. Аав маань маш их сийлбэр хийдэг, бас бусад олон нарийн юмыг урлаж чаддаг, их авъяаслаг хүн байсан. Цаасны технологичоор Румынд сургууль төгссөн юм. Монголдоо анх удаа лаа, ариун цэврийн цаасны үйлдвэрийг оруулж ирж байсан хүн. Аавынхаа үлгэр дуурайл, өөрийн хүсэл тэмүүлэлээр зураач болсон гэж боддог доо. Аавынхаа хийж байгаа юманд дурлаж, хийх гээд байгаа оролдлогыг минь хараад аав маань их урам авсан байх. Энэ л миний хүсэл мөрөөдлийг биелүүлэх охин гээд л... Дөнгөж таван настай байхдаа анх сийлбэрийн хутга барьж байсан. Хамгийн анх баргил гээд зөөлөн чулуун дээр Доналд Дакыг сийлж байгаад харамсалтай нь би гараа нилээн ангайтал зүсчихсэнээс болоод түүнээс хойш аав маань намайг хутга бариулахаа больчихсон. Тэгээд бас гар нь эвдэрчихнэ гээд гурил ч зууруулдаггүй байсан. Их л хайрладаг байсан даа. Одоо бол аав маань бурханы оронд очоод долоон жил болж байна. Мөн аав маань бурхан бүтээдэг байсан. Хайлчилбар, тосон будаг, харандаа гээд бүх л зүйлээр юм хийдэг. Олон талын авъяастай хүн байсан. Аавд маань очиж үзээгүй газар, аялаагүй орон ч гэж бараг байхгүй. Японд л очоогүй, дээгүүр нь онгоцоор нисэж явахдаа харж байсан гэдэг. Хэлний хувьд ч их авьяастай, мундаг хүн байсан. Би анх Дүрслэх урлагийн дээд сургуульд орохдоо 19 настай байсан мөртлөө аавыгаа дагуулаад очиж байж билээ. Ер нь л аав маань хамаг ажлыг минь нугалж өгдөг байсан. Одоо харин миний хань бүх л зүйл дээр намайг ойлгож, дэмжиж, ажилд маань тусладаг.

- Хэтийн зорилго болон мөрөөдлийнхөө талаар бидэнтэй хуваалцахгүй юу?

- Би юманд нэг их айхтар шунаад байдаггүй. Харин амьтанд их хайртай. Миний мөрөөдөл гэх юм бол сайхан агаартай, байгалийн үзэсгэлэн төгс газарт амьтны хүрээлэн нээгээд, урлангаа байгуулаад, үзэсгэлэнгээ гаргах юмсан гэж л мөрөөддөг. Ер нь бол маш тайван амгалан нөхцөлд, юунд ч баригдалгүй, зургаа л зурах хүсэлтэй.

- Монголынхоо хүндэлж явдаг зураачдаас дурдвал...

- Авьяаслаг, ажлын төлөө уйгагүй явж байгаа тийм л зураачдыг их хүндэлдэг. Тухайлбал Нурмаа эгч, Хонгороо эгч, Насанцэнгэл эгч гэх мэтчилэн олон сайхан зураачид байна. Залуу уран бүтээлчдээс Энхномин, Номин байна. Мөн Золбоотөгөлдөр зураач бас өөрийн гэсэн хүүхдэрхүү, гэнэн сэтгэлгээтэй. Бид хоёр 2014 онд хамтын үзэсгэлэн гаргаж байсан. Надад түүний зурагнууд маш их таалагдсан. Нэр дурдаагүй ч олон мундаг зураачид байдаг. Би ер нь хөдөлмөрч уйгагүй хүмүүсийг бүгдийг нь л хүндэлдэг.

- Чиний хувьд захиалгын зураг их зурж байна уу?

- Тиймээ. Гэр бүлийн зураг, захиалгын зураг их зурдаг. Захиалгын зураг зурахад нөгөө хүмүүсийнхээ талаар судалж, хүсэл мөрөөдлийг нь багтааж, ойлгож, судалж зурах шаардлага их гардаг. Гэхдээ зарим нэг хүмүүс зургаа зуруулж дуусчихаад, энд тэнд нь тийм ч юм нэмэх хэрэгтэй байна гэдэг нь хүндрэлтэй байдаг. Тиймээс анхнаасаа л бүх зүйлээ их сайн тохирч, ярьж байж зурах хэрэгтэй.

- Австракт зураг зурдаг уу? Бас хэрхэн ойлгодог вэ?

- Би австракт зураг зурах гэж оролдож үзсэн. Чадахгүй байна лээ /инээв/. Тэгэхээр зурж байгаа тэр хүмүүс агуу байна. Тэр өнгө будгийг яаж нялаад байна гэдэг тухайн хүний авьяас чадвар юм. Ер нь зураач нараас гарч байгаа бүх чадварыг би үнэлдэг. Бүгд л өөрийн гэсэн онцлог шинжтэй, дахин давтагдахгүй болохоор бие биенийхээ дутуу орон зайг нөхдөг байх. Тэр нь сайн, тэр нь муу гэж ярихын аргагүй л дээ. Зарим нэг их хүнд сэдэвтэй зурагнууд байдаг. Гэхдээ тэр хүмүүс ч гэсэн нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг зурж байгаа болохоор үгүйсгэж болохгүй, байх л ёстой сэдэв.

Сэтгүүлч Б.Нанзаддорж

"Ухаантай морь” сэтгүүл


0 сэтгэгдэл