|

АРХАНГАЙ АЙМГИЙН МХГ-ЫН ДАРГА АСАН Ц: Би алт олборлогч компаниас 200 сая төгрөгийн хахууль аваагүй


Авлигатай тэмцэх газраас хэд хэдэн албан тушаалтантай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тухайлбал, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Ц-ийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж, прокурорт хүргүүлсэн байна. Тэрбээр даргаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан хэрэгт холбогджээ. Тодруулбал, тэрбээр Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан,  худалдан авах ажиллагааны явцад болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр түүнийг АТГ-аас шалгаж байсан аж. Шалгалтын ажиллагаа дуусаж, түүнийг хэргийг прокурорт шилжүүлжээ.

        Энэ талаар Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга асан Ц-той холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Би алт олборлогч компаниас 200 сая төгрөгийн хахууль аваагүй. Анх АТГ-т өргөдөл очихдоо 200 сая гэж бичсэн байсан юм билээ. Хуулийн байгууллага нь хэдэн төгрөгийн хахууль авсныг тогтоох байлгүй. Надад бусдаас авлига авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг байхгүй” гэлээ.

https://ergelt.mn/news/59/single/22054

0 сэтгэгдэл