|

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшигчийг танилцуулжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден засаг захиргааныхаа гол албан тушаалуудад дараах хүмүүсийг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа танилцуулжээ. Тодруулбал, Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан тушаалд Ричард Ли Буанганыг, Бүгд Найрамдах Мали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Рахна Сачдева Корхоненыг, Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яамны Төлөвлөлт, үнэлгээ хариуцсан нарийн бичгийн даргын туслахад Ребекка Хаффажиг, Ахмад дайчдын хэрэг эрхлэх яамны Ахмад дайчидтай харилцах зөвлөлийн даргад Жайме Арейзага-Сотог тус тус нэр дэвшүүлжээ.

Монгол Улсад суух Элчин сайдад нэр дэвшээд буй Ричард Ли Буанган нь Гадаад харилцааны албаны ахлах ажилтан, Сайд-зөвлөх зэрэгтэй бөгөөд өдгөө Төрийн департаментын Олон нийттэй харилцах товчооны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахын орлогчоор ажиллаж байна. Үүнээс өмнө Р.Буанган Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны дэд нарийн бичгийн даргын туслах, Төрийн нарийн бичгийн даргын гүйцэтгэх туслахаар ажиллаж байжээ.

Р.Буанган мөн Олон нийттэй харилцах товчоонд удирдах албан тушаал хашиж байснаас гадна Йерусалим хот дахь Ерөнхий консулын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дараа нь БНХАУ-ын Бээжин хот дахь АНУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн дэд атташе, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Түүнчлэн Төрийн департаментын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга нарын газарт, мөн Францын Парис, Кот-д’Ивуарын Абижан хотуудад гадаад томилолтоор ажилласан байна. Р.Буанган Техас муж улсын Остин хот дахь Сент Эдвардын нэрэмжит их сургуульд бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрбээр Төрийн департаментын олон шагнал хүртсэн бөгөөд мандарин хятад, франц, испани хэлээр ярьдаг ажээ.

0 сэтгэгдэл