|

Эмч нарын дунд "Шинэ технологи, ур чадвар-өвчтөн төвтэй тусламж" онол практикийн бага хурал болов



Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч нарын дунд "Шинэ технологи, ур чадвар-өвчтөн төвтэй тусламж" сэдвийн хүрээнд онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.
Коронавируст цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд завсардаад байсан Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээний томоохон хэсэг нь онол практикийн бага хурал байлаа.
Энэ жилийн онол практикийн бага хурлыг Хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангай агсны гэр бүлээс санаачлан "Хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангай агсны нэрэмжит" болгосон нь онцлог байсан юм.
Онол практикийн бага хуралд Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын 18 судлаач эмч нар өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлснээс Эрүүл мэндийн газрын судлаач эмч, мэргэжилтэн Г.Ариунтуяа, Э.Ариун-Эрдэнэ, Э.Бямбацогт нарын "Архангай аймагт 2021 онд бүртгэгдсэн коронавируст халдварын дэгдэлтийн судалгаа", Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч А.Ганхуяг, "Хэвлийн дурангаар шулуун гэдэсний өмнөд ханад тор тавьж сойж бэхлэх, шулуун гэдэсний урвалтыг засах мэс заслын үр дүн" эрдэм шинжилгээний ажил шалгарчээ. Онол практикийн бага хурлын судалгаа шинжилгээний ажлыг шүүн явуулахаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-иас эрдэмтэн багш нар уригдан ирсэн юм. Хурлын шүүгчээр МУ-ын Ардын багш, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва, ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат нар иржээ.

0 сэтгэгдэл