|

Тонга улсын засгийн газар галт уулын дэлбэрэлтээс хойш анх удаа мэдэгдэл гаргажээ

Тонга улсын засгийн газар галт уулын дэлбэрэлтээс хойш анх удаа мэдэгдэл гаргажээ

 

Бямба гарагт болсон галт уулын дэлбэрэлтийн дараа гадаад ертөнцөөс таслагдаад байгаа Тонга арал улсын засгийн газар өчигдөр анх удаа албан ёсны мэдэгдэл гаргажээ.Сүүлийн 30 жилийн хугацааны хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлтийн улмаас урьд өмнө тохиож байгаагүй том байгалийн гамшиг Тонгад нүүрлэсэн тухай уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Тонга улсын газар нутаг бүхэлдээ зузаан үнс нурманд дарагдаж, 15 метрийн өндөртэй давлагаа хоёр жижиг арлынх нь бараг бүх байшин барилгыг газрын хөрстэй тэгшилжээ.

Тухайлбал 50 хүн амьдардаг Манго арлын бүх байшин сүйдэж, Фонойфуа арал дээр ердөө 2 айлын сууц тэсэж үлдсэн байна. Одоогоор гурван хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байгаа ба хохирлын тоо цааш нэмэгдэх нь тодорхой байгааг мэдээлжээ. Галт уулын дэлбэрэлтээс үүссэн мөөг хэлбэртэй үүл агаар мандлын стратосферийн давхаргад хүрч, Тонга улсын бүх 170 арлыг халхалсан байна. Хүн амьдардаг олон аралтайгаа Тонгагийн засгийн газар холбогдож чадахгүй байгаагаас хохирлын хэмжээг бүрэн гаргах боломжгүй байгаа ажээ.
Эрүүл мэндийн тусламж, ус, хүнс ачсан цэргийн хөлөг онгоцыг холбоо тасарсан арлууд руу илгээснээ тус улсын ерөнхий сайд Сиаоси Совалени мэдэгдсэн байна.
Одоогоор Шинэ Зеландын агаарын хүчний нисэх онгоцноос авсан зураг болон сансрын хиймэл дагуулын зургаас гамшгийн дараа Тонгагийн бусад арлууд ямар байдалтай үлдсэнийг ерөнхийд нь харж болж байгаа.
Эдгээр зургуудаас харвал хүн амьдардаг суурингууд бүхэлдээ сүйдэж, цөөн тооны барилга байгууламж бүтэн үлдсэн байна.
Нийслэл Нукуалофа хотын нисэх буудлын хөөрөх, газардах зурвас зузаан үнс нурманд дарагдсан тул онгоц буух боломжгүй болоод байгаа аж.
Далай доогуур татагдсан холбооны кабел тасарсан тул гадаадад байдаг Тонга улсын иргэд хамгийн богинодоо хоёр долоо хоног орчмын дараа ар гэрийнхэнтэйгээ холбогдож болохоор байна.
Шинэ Зеландын гадаад хэргийн сайд Нанаяа Махута өчигдөр хэлэхдээ галт уулын үнс нурам Тонгад онгоц буулгахад саад болж байгааг мэдээлжээ.
"Нукуалофа хотын нисэх буудлын хөөрөх, газардах зурвасыг үнс нурмаас цэвэрлэсний дараа хүмүүнлэгийн тусламж ачсан C-130 Hercules нисэх онгоц Тонгад хүрэх боломжтой болохоор байна” гэж тэр хэлсэн юм. Австралийн засгийн газар бас Даваа гарагт Тонга улсын гол дэд бүтцийн байгууламжуудын хохирлыг үнэлэх зорилготой цэргийн нисэх онгоцыг илгээжээ.
 
Эх Сурвалж: Ikon.mn

0 сэтгэгдэл