|

Хойд Солонгосын генералууд яагаад дайн тулаанд яваагүй мөртлөө энгэр дүүрэн одонтой байдаг вэ?

Хойд Солонгосын генералууд яагаад дайн тулаанд яваагүй мөртлөө энгэр дүүрэн одонтой байдаг вэ?

 

1990-ээд онд Этиопын иргэний дайнд багахан хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлснийг эс тооцвол Солонгосын хойгийн дайнаас хойш БНАСАУ улс дайн хийгээгүй юм. Мэдээж хоёр Солонгосын хил дээр жижиг хэмжээний мөргөлдөөн байнга гардаг ч тэдгээрт үсрээд л 100-аад цэрэг оролцсоны дээр маш бага хүн амь эрсдсэн байдаг. Тэгвэл Хойд Солонгосын цэргийн офицерууд, тэр дундаа генералууд нь ямар гавъяа байгуулсан болоод толгойноос хөл хүртлээ одон медалаар чимдэг юм бол?

Солонгосын олон улс төрийн зүтгэлтэн, сэхээтнүүд улсаа Японы дарлалд байхад нь Орос руу дүрвэн гарсан байдаг. Тэдний нэг нь Хойд Солонгосын үүсгэн байгуулагч Ким Ир Сен юм. Тэрээр ЗХУ-ын Ажилчин, тариачдын Улаан армийн 88-р батальоны командлагчийн үүргийг гүйцэтгээд зогсохгүй Зөвлөлтийн хэд хэдэн медаль, түүний дотор Лениний хоёр одонг (ЗХУ -ын дээд шагнал) хүртсэн байдаг. 

 

 

Мэдээж хэрэг Солонгосын дайны дараа тулаанд гавъяа гаргасан дайчдаа шагнах үүднээс ЗХУ-ын одонгуудыг Ким Ир Сен дуурайн тараасан юм. Тэр бүү хэл олон тооны медаль, одон, тууз, мөрдөс, шагнал зэргийг ЗХУ-д захиалгаар хийлгэдэг байсан бөгөөд ганцхан мөнгөн медалиудыг нутагтаа хөнгөн цагаанаар хийдэг байжээ. Энэ үеэс цэргийнхнийг хэтрүүлэн шагнах уламжлал эхэлсэн байдаг. 

 

 

Юун түрүүнд Хойд Солонгос нь цэргийн дарангуйлалтай орон гэдгийг ойлгох хэрэгтэй. Цэргийнхэн тус улсын хамгийн дээд давхаргын хүмүүс бөгөөд тус улсын нийгэм, улс төрийн бусад бүх салбарыг удирдан захирдаг. Тэд үүнийг дагаад нийгмийн хамгийн том ачааг үүрдэг хэмээн олон нийт (үгүй ядахдаа эрх баригчид нь) үздэг учраас дайн тулаан бус нийгэмд гаргасан ололт амжилтаараа шагнагддаг байна. 

 

 

Жишээлбэл хамгийн олон загас барьж улсад тушаасан цэрэг өлсгөлөнгийн эсрэг хүч нэмрийг орууллаа хэмээн "Улсын загас агнуурын медаль"-ийг хүртэнэ. Энэ мэт газар тариалан, уул уурхай, барилга, коммунист үзлийг ухуулан таниулсныхаа төлөө авдаг одонгууд бий. 

Гэхдээ энэ нь Хойд Солонгосын генералууд ийм олон шагнал хүртсэн гол шалтгаан биш юм. Жинхэнэ шалтгаан нь алдарт "гурван үеийн дүрэм"-тэй холбоотой. 

 

 

Хойд Солонгосын гурван үеийн дүрмийг удам залгах ёс гэж ойлгож болно. Үүний дагуу эцгээс хүүд нь ажил мэргэжил, албан тушаал, эрх ямба төдийгүй шагнал нь хүртэл уламжлагдана. Өөрөөр хэлбэл тэр олон одонтой генерал ганцхан өөрийнхөө төдийгүй аав, өвөөгийнхөө шагналыг зүүж байгаа гэсэн үг. 

Бусад орнуудад эцгийнх нь одон зөвхөн тэр хүний шагнал хэмээн дурсагддаг бол Хойд Солонгост үр удам нь өвөг эцгийнхээ үргэлжлэл учраас гавъяаг нь мөн өвлөн авах эрхтэй гэж үздэг аж. 

Гэхдээ үүнийг дагаад гурван үеийн дүрэм мөн ял шийтгэл дээр ч гэсэн үйлчилдэг. Жишээлбэл тухайн хүн эх орноосоо дүрвэх гэж байгаад баригдсан бол түүний үр хойч нь шийтгэлийг нь хуваалцан амсаж, хорих ангид амьдралаа өнгөрүүлдэг байна. 

 

https://www.caak.mn/view/8288613/

0 сэтгэгдэл