|

Ж.Байден: Цар тахалтай хийж буй тэмцэлд бид бахдам амжилт гаргасан

 
 

Ж.Байден: Цар тахалтай хийж буй тэмцэлд бид бахдам амжилт гаргасан

 

Манай улсад сүүлийн саруудад коронавирусний халдварын тохиолдлын тоо мэдэгдэхүйц буурч, бид цар тахалтай тэмцэхдээ "бахдам амжилт” гаргалаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд үг хэлэх үеэрээ мэдэгдэв.
"Тусгаар тогтнолын өдрийг хүртэл бид халдварт өвчинтэй тэмцэхдээ дахин олон зүйлийг туулах шаардлагатай байгаа ч та бүхний зүтгэлээр бахдам амжилтанд хүрсэн. Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа ороход буюу 1 дүгээр сарын 20-ны үетэй харьцуулахад халдварын тохиолдлын тоо илт буурсан. Буурсаар ч байна” гэж тэрбээр хэлжээ.
"Өнгөрсөн нэгдүгээр сард бид долоо хоногийн дотор настай иргэдээ хэдэн арван мянгаар нь алдаж байсан. Тухайн үед тэдний нэг хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 67 хувьд хүрчээ. Вакцин хийлгэсэн иргэдийн тоо 200 саяын босгыг даваад байгаа тухай бид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Тэгвэл одоогоор энэ үзүүлэлт 215 саяд хүрээд байна” хэмээн тэрбээр мөн ярьсан байна.
Коронавирусний вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран гудамжинд амны хаалт зүүхгүй явахыг зөвшөөрсөн зөвлөмжийг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мягмар гарагт нийтэлжээ. Түүнчлэн вакциндаа бүрэн хамрагдсан иргэд кафе, зоогийн газрын задгай талбайд суух боломжтой болоод байгаа аж. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл