Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрч буй сумдад Засаг дарга Д.Золжаргал ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байгаа. Энэ удаад ажлын баг Хашаат суманд ажиллаж, холбогдох арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэн ажиллав.
Мөн цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тусгаарлах байрны шаардлага хангалт, Эрүүл мэндийн төвийн бэлэн байдал, бэлтгэл ажлын зэрэгтэй танилцаж, сумдын Эрүүл мэндийн төвд хуваарилагдсан эмнэлгийн зориулалттай халад, амны хаалт, тусгаарлах байрны хэрэгсэл зэргийн нөөцийн судалгаа хийв.
Уулзалтын үеэр Засаг дарга Д.Золжаргал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Батцэцэгийн гаргасан саналыг үндэслэн 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийт 400 шуудай тэжээл Хашаат суманд хуваарилан өгч, малчдад хүргэхээр болсныг дуулгав.
Мөн тус сумын Соёлын төвийн барилга нь улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Хатуу Төмөр" ХХК барьж, 2020 онд ашиглалтад оруулсан боловч дээврээсээ хоёр хэсэг газраар дусаал гоожсон байдалтай байгаа аж. Түүнчлэн, барилгын хэд хэдэн хэсгийн дулаалга засварын ажлыг хийж гүйцэтгээгүй тул дээрх компанид хүсэлтийг уламжилж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг уламжилсан юм.
Уулзалтын төгсгөлд, 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Хашаат сумын эрэгтэй сурагчдын дотуур байрны засварын ажилд зарцуулагдах төсөвт өртөг зэрэг хэд хэдэн хөтөлбөр тусгагдсан байгааг онцлов.
0 сэтгэгдэл