Цахир суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн барилга, цэцэрлэгийн өргөтгөл, сумын Эрүүл мэндийн төвийн барилгын ажлууд хийж байгаа боловч гүйцэтгэлийн ажил түр зогссон байдалтай байгааг аймгийн Засаг даргад сумын удирдлагууд хэлэв.
Цахир суманд шинээр барьж буй 10 ортой Эрүүл мэндийн төвийн барилга ажлыг 2019 онд улсын төсвийн 1 тэрбум 440.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн боловч барилгын гүйцэтгэл үргэлжилж байх хугацаанд цууралт өгчээ. Одоогоор барилгын гүйцэтгэлийн ажил бүрэн зогссон байдалтай байна.
Засаг дарга Д.Золжаргал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал нар хамтран дээрх барилгын явцад хяналт шалгалт хийж, цууралтын шалтгаан нөхцөл байдлыг тодруулах шинжилгээ авч, тодорхой шийдэлд хүрэхийг албаны мэргэжилтэн, алба хаагч нарт үүрэг болгов.
Түүнчлэн томилолтын хүрээнд Цахир сумын хуучин Эрүүл мэндийн төвийн нөхцөл байдалтай танилцлаа. Уг барилга нь сүүлийн есөн жилд шаардлага хангахгүй, цэвдэг, цууралтын улмаас дулаан алдалт ихтэй, хүйтний улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй болсон байна. Иймд аймгийн Засаг дарга яаралтай эмнэлгийг шилжүүлэх шийдвэр гаргаж, холбогдох албаны хүмүүст үүрэг өгөв.
Мөн Цахир сумын Соёлын төв болон Хангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгууд газрын цэвдгээс үүдэлтэйгээр цонх, хаалга, ханаараа цуурч, чанарын шаардлага хангах боломжгүй болоод байгаа аж.
0 сэтгэгдэл