|

Сүга Ёшихидэ 72 насандаа Японы Ерөнхий сайдаар сонгогдлоо

Сүга Ёшихидэ 2021 оны есдүгээр сард дуусгавар болох Абэ Шинзогийн бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлнэ. Тэрээр өмнө нь Абэ Шинзогийн үйл хэрэг, хүчин чармайлтад талархал илэрхийлээд түүний хэрэгжүүлж байсан эдийн засаг болон гадаад харилцааны бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ амласан.
Сүга Ёшихидэ намын даргаар сонгогдсоныхоо дараа "Би Акита мужийн нэгэн энгийн тариачны ууган хүү болж мэндэлсэн. Би улс төрийн ертөнцөд ямар ч танил тал, цусан холбоогүйгээр тэгээс эхэлсэн бөгөөд Либерал ардчилсан намын бүх уламжлал, түүхийн хамт энэхүү намын дарга болж чадлаа. Би өөрийн бүх хүчээ Япон улс болон энэ улсын ард иргэдийн төлөө дайчлан ажиллах болно” гэсэн юм.

Суга Ёшихидэ гэж хэн бэ?

Сүга Ёшихидэ 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд Японы Акита мужийн Огачи тосгонд гүзээлзгэнийн аж ахуй эрхэлдэг тариачин айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр ахлах сургуулиа төгсөөд Токио хотод нүүж ирсэн бөгөөд хуулийн бакалаврын зэрэгтэй болохын тулд 1973 онд Японы Хосей их сургуулийн оройн ангид элссэн байна. Сүга Ёшихидэ их сургуулийнхаа төлбөрийг олохын тулд картонон цаасны үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд зөвхөн сургалтын төлбөр хямд гэдэг шалтгаанаар Хосей их сургуулийг сонгож байжээ.
Тэрээр сургуулиа төгсөөд Японы парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхимын сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож, парламент дахь Либерал ардчилсан намын гишүүн Оконоги Хикосабүрогийн туслахаар ажиллах болсноор улс төрийн карьераа эхлүүлсэн байна. Тэрээр 11 жилийн турш Оконоги Хикосабүрод үнэнч зүтгэсний эцэст 1986 онд өөрийн улстөрчийн карьераа эхлүүлж, 1987 оны дөрөвдүгээр сард Ёкохама хотын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Хожим Сүга зөвлөлийн гишүүн болох хүртлээ тойргийнхоо 30000 өрхөөр нэг бүрчлэн явган зочилж, нийт зургаан хос гутал элэгдүүлсэн талаараа дурссан байна. Тэрээр тухайн үед анх удаа ачаалал ихтэй метроны буудлууд дээр сонгуулийн сурталчилгаагаа хийж, олон нийтийн өмнө илтгэл тавьдаг байсан нь өдгөө Японы улстөрчид болон нэр дэвшигчдийн дунд сонгуулийн хамгийн түгээмэл сурталчилгааны арга хэлбэр болсон юм.
Сүга Ёшихидэ 1996 онд Канагава мужаас анх удаа Японы парламентад сонгогдсон байна. Үүний дараа тэрээр 2000, 2003, 2005 онуудад парламентын гишүүнээр дөрвөн удаа дараалан сонгогдоод байхдаа Койзүми Жүничиирогийн Засгийн газрын үед Японы Дотоод хэргийн дэд сайдаар томилогдож анх удаа гүйцэтгэх засаглалын бүрэлдэхүүнд орж иржээ. Дараа жил нь буюу 2006 онд Абэ Шинзогийн анхны Засгийн газрын Дотоод хэрэг, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээг хувьчлах сайд болж дэвшсэн бол арванхоёрдугаар сард нь Японы хүн амын хэт төвлөрлийг сааруулах бодлогыг тэргүүлэх болсон байна. Нэг жилийн хугацаанд тэрээр татвар төлөгчдөд орон нутгийн засаг захиргаанд мөнгө хандивлах замаар суутгал авах боломжийг олгодог Японы "төрөлх хотын хандив" системийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Хэдий Сүга Ёшихидэгийн сурталчилгааны арга барилаас болж 2009 оны сонгуульд нам нь ялагдал хүлээсэн гэж үздэг ч Либерал ардчилсан намын гишүүд түүнийг 2011 онд сонгуулийн ерөнхий менежер, 2012 онд Ерөнхий нарийн бичгийн даргаар томилж байсан аж. Тэрээр 2000 оны эхэн үеэс эхлэн Абэ Шинзотой ойр байсаар ирсэн бөгөөд 2012 онд түүнийг дахин Ерөнхий сайдын төлөө өрсөлдөхийг ятгаж чадсан байна. Сүга Ёшихидэ Абэгийн бусад олон дагалдагч нараас ялгаатай нь Дэлхийн II дайнаас хойш Япон улс цэргийн хүч ашиглахыг хориглосон Үндсэн хуулийн 9-р зүйлийг шинэчлэх, Абэгийн олон жилийн турш хийж ирсэн хувийн амбицаасаа илүүтэйгээр эдийн засагт анхаарлаа хандуулахыг зөвлөж байв.
Ингээд 2012 онд Абэ Шинзо ялалт байгуулж Сүга Ёшихидэ түүний хоёр дахь кабинетын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож, өнөөдрийг хүртэл долоон жилийн турш нэг албан тушаалаа хашсан байна. Абэгийн Засгийн газарт зөвхөн Сүга Ёшихидэ болон Японы Шадар сайд Асо Таро нар л долоон жил Абэ Шинзогийн дэргэд баруун, зүүн гар болон зүтгэсэн байна. Сүга Ёшихидэ өөрийг нь улс төрд оруулсан Оконоги Хикосабүрогийн охин дүүтэй гэрлэж, гурван хүүгийн хамт энгийн орон сууцанд хамт амьдардаг байна.

Эх сурвалж: itoim.mn

0 сэтгэгдэл