|

Монголоо алдаж буй монголчууд

Монголоо алдаж буй монголчууд

 

Монголчууд бид бол дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц онцлог, өв соёл, зан заншилтай ард түмэн. Үүгээрээ дэлхийн 200 гаруй улс, үндэстнээс ялгардаг. Ялгарах ч ёстой. Монгол хүн гэж хэн бэ. Монгол цустай, монгол царай төрхтэй л бол монгол хүн гэж хэлэх үү. Харагдах байдлаараа тийм байж болох ч, даяаршиж буй дэлхий ертөнцөд амьдарч байгаа монгол хүн үндэснийхээ зан заншил, хэл соёлоороо ялгарч байж жинхэнэ монгол хүн хэмээн нэрлэгдэнэ. Энэхүү ялгарах шинж тэмдэг болсон хэл соёл, зан заншлаа мартвал бид зөвхөн монгол царай төрхтэй л хүн болж хувирна. Тиймээс монгол зан заншил, хэл соёлоо таньж мэдэх, эрхэмлэн дээдлэх, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх нь чухал.

Үндэстнийхээ өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулсан л бол боллоо гээд орхиж үл болно. Манай улс Үндэсний баяр наадам, хөөмийн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуй, монгол ардын уртын дуу, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол шагайн харваа, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, хөхүүрийн айраг эсгэх арга зэрэг соёлын биет бус өвөө ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Улс орнууд өөр өөрсдийн өв соёлоо ЮНЕСКО-д бүртгүүлснээр тухайн өв соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүргийг дэлхий хамтын нийгэмлэгийн өмнө хүлээдэг. ЮНЕСКО-гийн конвенцод улс үндэстэн бүхэн өөрийн соёлын дархлааг төр, засгийн бодлогоороо хамгаалах ёстой гэсэн утга агуулгатай заалт ч бий. Энэ нь тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх ёстой гэсэн үг. Тэгвэл монголчууд энэ үүргээ хэрхэн биелүүлж өв соёлын дархлаагаа хэр хадгалж, хамгаалж, өвлөн тээж яваа билээ. Сүүлийн үед монгол гэх онцлогийг харуулсан өв соёлын дархлаа улам л бүдгэрч байгаа нь нууц биш. Монголоо алдсан монгол гэж хэлц үг бий. Хаа нэг ганц тоон дээр хэлэгддэг байсан энэ үг өнөөдөр олон тоон дээр хэлэгдэхээр нөхцөл байдал бий болсон. Бид Монголоо алдаж буй монголчууд болчихоод байна. Харин Монголоо алдсан монголчууд болохгүйн төлөө яах ёстой вэ.

Өөрийн хэл, соёл, өв уламжлалаа үл тоон өрөөлийнхийг даган дуурайх нь үндэсний дархлаагаа алдаж байгаагийн нэг шинж. Өөрийнхийг голж, өрөөлийнхийг шүтэх явдал нь бидний Монгол хэмээх ялгарлыг бүдгэрүүлэх боллоо. Зурагтаар уртын дуу явмагц сувгаа сольдог. Сувгаа солих зуураа эмээ өвөөгийн залуу байх үед ийм дуу хит болж байсан юм байх даа гэж бодох, бүр хэлэх залуус олон болсон. Нийгэм, цаг үеэ дагаад үзэж сонсох зүйл өөрчлөгддөг ч уртын дуу бол монголчуудын хувьд үеийн үед хит дуу нь байх ёстой. Бид уртын дуугаараа л бусад улс үндэстнүүдээс ялгарна. Бүгд уртын дуугаа сурж дуулах албагүй ч үнэ цэнийг нь мэддэг байх ёстой. Үнэ цэнтэй, бахархах ёстой зүйл гэдгийг нь таньж мэдүүлэхгүй бол тоох хэрэггүй, хоцрогдсон, хуучин зүйл гэх ойлголт хүүхэд залуусын дунд улам л хүрээгээ тэлсээр байна. Энэ нь хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотой. Монгол үндэстний гол ялгарал, өв соёлынх ихэнх нь орон нутагт, малчин түмэнд хадгалагдаж буй. Гэвч малчид ч үндэсний өв соёлоо гээх болжээ.

Монголоо алдаж буй монголчууд

Түүхч, доктор Б.Баатархүү

Өнөөгийн даяаршиж буй нийгэм, хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, уул уурхай зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголчуудын уламжлалт ахуй, соёл ихээхэн өөрчлөгдөж байна. Устаж байна гэхэд хилсдэхгүй. Дорж, Дулмаа, Бат гуайг бид 150 наслуулж чадахгүй. Дорж гуай маргааш ч хорвоогийнхоо жамаар өөд болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр, манай уламжлалт соёлыг тээж яваа, тээгчид бурхан болоод дуусч байна. Манай улс ХХ зуунд эрчимтэй хотожсон. Хүн амын шилжилт хөдөлгөөн, үйлдвэржилт, өнөө цагийн нийгэм, эдийн засгийн байдал, уул уурхай гээд энэ бүхнийг дагаж уламжлалт нүүдлийн мал аж ахуй өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой өв соёлын зүйлүүд устаж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа гэхэд манайд уламжлалт өв соёлын тухай ярих настай хүн байхгүй болно. Хуучны эд өлгийн зүйлсүүд тэр чигтээ мартагдах, алга болох тийш хандсан. Нөгөө талаар, уламжлалт соёл гэдэг бол хэрэглээн дээрээ тогтож байдаг. Гэтэл манай малчид уламжлалт эд, өлгийн зүйлийг хэрэглэхээ больж байна. Жишээ нь, айргаа хөхүүрэнд эсгэхээ больж, хуванцар саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, Хятадын бэлэн бүтээгдэхүүнээр хийдэг болсон. Морио унахаа больж мотоцикль хэрэглэдэг боллоо гэх зэргээр хэрэглээгээ дагаад нүүдлийн иргэншил өөрчлөгдөж байна. Монгол гэрээр жишээ авч үзэхэд, өнөөдөр гэрт малчин айл амьдардаг, эсвэл гэр хорооллын ядуу айлууд амьдардаг гэсэн ойлголт бий болсон. Өнөөдөр та монгол гэртээ амьдар гэх нь утгагүй. Гэхдээ монгол гэр юу юунаас бүрддэг, ямар давуу талтай гэдгийг мэддэг байх ёстой. Монгол Улс гэж байгаа цагт мал, малчин хоёр байна. Харин мал дагасан соёл нь алга болох гээд байна. Мал дагасан соёл алга болбол мал аж ахуй нь тахиа, гахайны аж ахуйгаас ялгаагүй болж хувирна. Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд болсон болоогүй их, дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал дээр гардаггүй, малд дургүй болдог. Таван хүүтэй малчин айлын хүүхдүүд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин нэртэй төв газрын ажилгүй, малын зүс ч мэдэхгүй хүн маллаж байна.

Б.Баатархүү докторын хэлж байгаачлан монгол өв соёлыг тээж яваа гол хүмүүс болох малчид хөдөлмөрөө хөнгөвчлөх хэрэглээнээсээ болоод өв соёлоосоо холдож яваа нь үнэн ч тэдний ой санамжид бол хадгалаастай байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин өв соёлынхоо дэргэд нь байх боломжгүй, энэ их хотжилтын эрин зуунд амьдарч буй хүмүүс хүүхэд залуучууддаа өв уламжлалаа таниулах нь чухал. "Монголчууд соёлын дархлаагаа үлгэр, домогтоо хадгалдаг” хэмээн яруу найрагч Г.Мэнд-Ооёо бичсэн байдаг. Энэ нь ардын аман зохиолд үндэсний соёлын нарийн элементээ хадгалж, түүгээр үр хүүхдээ хүмүүжүүлдэг байсныг хэлсэн хэрэг. Тиймээс хот суурин газарт амьдарч буй хүмүүс хүүхдүүддээ Монгол ардын үлгэр, домгийг уншиж танилцуулах нь чухал. Гэвч үзэж харах, цаг заваа зарцуулах зүйл олон болсон энэ үед хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг аав ээж, эмээ өвөө цөөрч, уламжлал алдагдсанаар монгол дархлаа уусч хайлсаар байна. Ийм орчинд өссөн хүүхдүүд монгол гэрийн тооно, унь, босго, тотго, баганыг ялгаж нэрлэж мэдэхгүй, тэр ч бүү хэл аргал, хоргол, хомоолыг ялгаж танихгүй "Адилхан малын баасыг яаж ялгадаг юм бэ” гээд сууж байх жишээтэй. Хүүхдийг эх барьж авах эмчид түүхийн мэдлэг шаардлагагүй. Харин монгол эцэг, эхээс мэндэлсэн хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэхэд түүх, өв соёлын тухай ойлголт, мэдлэг хэрэгтэй. Үндэстнийхээ онцлогийн утга агуулга, ялгарал, өв соёлоо ирээдүй хойч үеийнхээ ой санамжид суулгаж явах нь хамгийн чухал гэдгийг төрийн шагналт түүхч О.Батсайхан онцолсон юм.

Монголоо алдаж буй монголчууд

Төрийн шагналт, түүхч О.Батсайхан

Үндэсний үнэт зүйлсээ үргэлж өнгөлж дээдэлж байх явдал тун чухал шүү. Ядаж нэг өдөр үндэсний баяраа үнэн зөвөөр нь тэмдэглэж, монголчууд өөрсдийн бахархал, түүх соёлоо дээдэлж, заншвал цаашид хэвшихэд хэрэгтэй. Ер нь монголчууд түүх, соёл, зан заншлаа өдөр тутам дээдэлдэг болчихвол хэн хожих вэ. Бид л хожно. Бид түүхээ мэдэхгүй бол энэ үндэстэн мөхөх аюултай. Түүх бол та бидний ой санамж. Ой санамжаа алдвал юу болохыг хэн бүхэн мэднэ. Тиймээс энэ монгол гэдэг үндэстэн өөрийн түүх, соёлоо мэдэж, өөрийгөө таньж, түүхээсээ сургамж авч, ирээдүй хойчийнхоо ой санамжид суулгах учиртай. Ингэж гэмээнэ монгол үндэстэн өнө удаан оршин тогтноно. Үүнд зан заншил болсон Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баяр, бусад түүхэн ойгоо тэмдэглэхийн ач холбогдол оршдог юм.

"Үндэсний их баяр наадам бол монгол дархлааг дэмжих вакцин” гэж хөдөлмөрийн баатар, төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хэлсэн байдаг. Үнэхээр л монголчууд наадмаараа монгол зан заншил, өв уламжлалаараа бахархаж монгол хүн гэдгээ илүү мэдэрдэг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд наадмаа хүндлэх, бахархах сэтгэл бага багаар алдарч, монгол дархлаа дундарсаар байна. Монгол эр хүний ёс жудаг, эрэмбэ дараа, ахас ихсээ хүндлэх ёсыг өвлүүлэн тээж яваа гэгддэг бөхчүүд нь өөр хоорондоо даваагаа наймаалцах, сэргээш хэрэглэж шударга бусаар өрсөлдөх гээд монголчуудаа баярлуулахаасаа илүү бухимдуулах нь их боллоо. Энэ байдал нь сүүлдээ бүр гаарч түрүү бөхөөс нь сэргээш илрээд байна. Мөн өнгөрсөн зуны улсын баяр наадмаар улсын цол хүртсэн харваачаас анх удаа сэргээш илэрсэн. Түүнчлэн уяачид нь морио уралдуулахдаа монгол, эрлийз гэж маргалдах болов. Үүнээс болж үндэсний их баяр наадмаа гэх монголчуудын сэтгэл дундарч, монгол өв соёлоо тээгчдийн нэр хүнд унаж байна. "Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн догдлон хүлээдэг байсан ард түмэн маань наадмаас наадмын хооронд жудгаа алдсан бөхчүүдээсээ болж талцаж маргалддаг боллоо.

Монгол зан заншил, өв соёл бүдгэрэхийн хэрээр монгол бахархал, омогшил дундарч байгаа нь харамсалтай. Яг үнэндээ the HU хамтлаг шиг гэнэт цойлон гарч ирсэн монгол бахархлаас өөр бахархах зүйлс ховордлоо гэвэл нэг их буруудахгүй болов уу. Олон жилийн турш бахархаж ирсэн монгол бахархлууд маань түүнийг тээж яваа муухай монгол хүмүүсээс болж улам бүрдгэрсээр байна. Уг нь үндэсний өв соёлд шингэсэн Монгол Улсын түүхэн бахархлууд монголчуудын сэтгэл зүрхэнд байнга хадаатай явах учиртай.

Монголоо алдаж буй монголчууд

Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров

Түүхэн бахархал бол бидэнд бий. Үүнийг үгүйсгэж болохгүй. Түүнийг давтахын төлөө явах биш, ой санамжид байх ёстой зүйл. Миний хувьд Монгол бахархал гэдэг томьёоллын дор юуг оруулж болох вэ гэвэл хоёр зүйл л байх ёстой. Нэгдүгээрт, үнэт зүйл, хоёрдугаарт, бусдаас юугаараа өөр вэ гэдэг зүйл. Тэр өөр нь л бидний бахархал болж чадна. Ижил зүйл бол бахархал биш. Юугаараа өөр байгаагаа олох юм бол тэр өөр зүйл нь бусдад байх ёсгүй. Бусдад байхгүй тэр өөр зүйл нь бидний давуу чанар байх учиртай. Энэ л бидний бахархал юм. Монгол хүн хаана ч очсон бусад хүмүүстэй ижил. Харин өөр болгож байгаа нь монгол эх орон, газар нутаг, цаг улирал, туулж ирсэн түүх, зан заншил, ёс суртахуун. Хамгийн ойрын жишээ бол ардын дуу, морин хуур Монголын бахархал. Монгол эх орон, мал малласан малчны соёлоос бий болсон түүхэн урлаг. Сахарын цөл, Шанхайгаас энэ аялгуу гарах ямар ч боломжгүй. Тэд чадахгүйдээ, эсвэл хүн нь муудаа биш амьдралын хэв маяг, орчин нь хэзээ ч бүрдэхгүй учраас тэр. Эрс тэс уур амьсгал бидний бахархал. Байгальтайгаа холбогдоод бид таван хошуу малыг мянга, мянган жил маллаж, гаршуулсан. Мал малласан энэ үйл явдал нь зөвхөн хувцас хунар, идэш уушаа бэлдсэн явдал биш. Бүхэл бүтэн соёлын тогтолцоо болж төлөвшсөн. Энэ тогтолцоо бол бидний давуу чанар. Тиймээс мал маллах нь бидний нэг бахархал юм. Өнөөгийн нүүдлийн уламжлалт соёл, дэлхийн соёлын ололт хоёрыг хольж цогцлоосон монголчуудын оюун санаа дэвшингүй давуу чанар. Үүний тод жишээ нь, монгол хүүхдүүд дэлхийн оюуны спортод амжилт үзүүлж байна. Тиймээс монгол бахархлыг ингэж системчилж авах хэрэгтэй.

0 сэтгэгдэл