|

“Томоохон гол, нуурын хөндийд оршдог учир Тариатад цас, мөндөр элбэг ордог”

 

“Томоохон гол, нуурын хөндийд оршдог учир Тариатад цас, мөндөр элбэг ордог”

 

 

Энэ сарын сүүлчээр манай орны зарим нутагт цочирч хүйтэрч болзошгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Эл тандалт, мэдээлэл баттай байж болзошгүйг сануулах цаг агаарын онцгой үзэгдэл Архангайн Тариат сумд болсон тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд түгэв. Тодруулбал, Архангай аймгийн Тариат сум, Тэрхийн цагаан нуур орчимд өнгөрсөн даваа гаргийн үдээс хойш цас, мөндөр холилдон орсон гэж орон нутгийн иргэд мэдээлсэн юм. Тус аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрынхнаас энэ талаар тодруулахад "Тариат сумын төвөөс зургаа орчим км-ийн зайд хэсэг газарт багахан хэмжээний мөндөр орсон. Иргэдийн ярьж, бичиж буй шиг их хэмжээний цас ороогүй. Тэрхийн цагаан нуур орчимд ийм үзэгдэл болсон байж болзошгүй. Тодорхой мэдээлэл алга” гэв.

Архангай аймгийн Тариат сумд зун нойтон цас хаях, мөндөр орох тохиолдол өмнө нь хэдэнтээ гарсан. Тодруулбал, 2014, 2017, 2019 оны долоо, наймдугаар сард тус нутагт цас орж байжээ. Үүнд юу нөлөөлдгийг цаг уурчдаас лавлахад "Тариат сумын нутагт Тэрх, Чулуут, Суман, Тэрхийн цагаан, Хөдөө зэрэг томоохон гол, нуур байдаг учраас хүйтэн уур амьсгал зонхилдог. Ялангуяа Завхан аймгийн Тосонцэнгэл сумтай хиллэдэг хэсэг, Цахир сум тал руугаа их хүйтэн. Өдийд нимгэн хувцастай явахад жинддэг” хэмээн ярилаа.

Ташрамд дурдахад, тус аймгийн нийт нутагт өнгөрсөн сард бороо хур элбэг байснаас Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир зэрэг голын усны түвшин өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-35 см-ээр нэмэгдсэн байна.


0 сэтгэгдэл