|

Арын сайхан хангайн алдартнууд....

Санжмятавын Нинжбадгар Архангай аймгийн Их Тамир сумын нутагт 1924 онд сэхээтэн түшмэлийн гэрт мэндэлж, 1942 онд МУИС-ийг байгуулагдахад тоо физикийн тэнхимд элсэн 1946 онд төгсөөд 1947 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг дүүргэжээ.

Тэрбээр сургуулиа төгсөөд ШУХ-д лекторын товчооны эрхлэгч, МУИС-д багшийн ажлыг хашиж байв. 1956-1957 онд Монгол улсад анх удаа ШУА-ийн харъяа Одон орны оргилыг байгуулах ажлыг гардан хийж, анхны захирлаар нь ажиллаж байжээ.

С.Нинжбадгар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цөлөгдсөн ханиа дагаж 20 гаруй жил (1965–1990) үндсэн мэргэжлээсээ хөндийрөн 1965–1968 онд Хөвсгөл аймгийн Ханх суманд бага сургуулийн багш, 1968–1985 онд Дархан хотын Политехникумд багш хийж байлаа.

Ингээд 1990 оноос өөрийн байгуулсан Одон орны судлалын оргилдоо эргэн ирж, амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл эрдэм шинжилгээний ажлаа хийсээр байсан цуцашгүй хөдөлмөрч, гадаад дотоодын мэргэжил нэгтнүүддээ өндрөөр үнэлэгдсэн гарамгай судлаач байв.

Түүний бүтээлээс:

• Некоторые данные о землетрясениях на территории МНР. - Бюллетень по сейсмологии, №6, 1958

• Улаанбаатарын Одон орны оргил байгуулах газрыг сонгосон тухай (А. Н. Дадаевтай хамтарсан). Зөвлөлтийн байгалын ухааны мэдээ сэтгүүл, №1, 1963

• Зенит дуранг шинжилсэн урьдчилсан дүн (хамтарсан өгүүлэл), мөн мэдээ, 1964

• «Орчлонгийн тогтоц» ном. Улаанбаатар–Бээжин, 1952, 1955

• Одон орны ухааны дунд сургуулийн сурах бичиг. 1964 оноос удаа дараа хэвлэгдсэн.

• «Одон орон» дээд сургуулийн сурах. УБ 1967

• Монгол цаг улирлын бичиг, 1952–1963, 1998 оноос 2008 онд нас барах хүртлээ жил бүр.

• ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын харъяа Физикийн институттэй хамтран хийсэн "Сибирь ба Монголын байгал, нийгмийн онцгой гоц үзэгдлийн товчоон" хэмээх бүтээлд хамтран зохиогчоор оролцсон. Эрхүү 2003.

• «Түшсэн заяа» хувийн дурсамж, 2005.

• «Монгол зурхайн лит» судалгаанд зориулсан 10 х.х.ном. УБ 2006

• Уран зохиолын чанартай гурван өгүүллэг

• Нэг жүжгийн зохиол бичсэн нь бүх 18 аймгийн тайзнаа болон телевизийн дэлгэцнээ тавигдсан.

• Хялбарчилсан лекц товхимол, сонин хэвлэлд өгсөн шинжлэх ухаан – танин мэдэхүйн өгүүллэгүүд нийлээд 80 орчим гарсан байна.

0 сэтгэгдэл