|

Архангайд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа

Архангайд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа

 


Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Архангай аймаг буюу УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзаж санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгуулийн санал хураалт болоход цөөхөн хоног үлдлээ. Энэ удаагийн УИХ-ын сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлогтой. Дэлхийн олон улс оронд  коронавирусийн цар тахал дэгдэж, олон мянган хүмүүсийн амь насыг авч одож олон мянган хүнийг өвчин зовлонд нэрвэгдүүлж, ажилгүй болголоо. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөл байдалд бид амьдарч байна. Геополитик, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт биш өчүүхэн төдий вирус биднийг байранд нь тавилаа. Эх дэлхий амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус хамхуул мэт  чимээгүй  ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Үндэсний эв нэгдэлтэй  байх нь чухал байна. Гэхдээ Монгол Улс тайван сайхан  байна. Дэлхийн тусгаар тогтносон улс орнуудаас цар тахал дэлгэрээгүй, нэг ч хүн амь насаа алдаагүй цорын ганц  улс Монгол болж үлджээ. Энэ бол монголчууд бидний хувьд том амжилт. Тиймээс  бид цаашид  улам хариуцлагатай байх хэрэгтэй. Ард иргэд, улс орныхоо төлөө  цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн  байгууллага, төрийн тусгайгийн алба хаагчид, төрийн албан хаагчдад Архангайчуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Монголчууд бид өөрсдөө төмөр зам тавьдаг болсон. Дорнодын Эрээнцавын боомтоос Сүхбаатарын Бичигтийн боомт хүртэл төмөр зам тавина. Зам дагаж хөгжил ирдэг. Хөшигтийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг ирэх 2021 онд ашиглалтад оруулна. Энэ нисэх буудлаар дамжин гурван сая жуулчин ирнэ. Эх орныг маань дэлхий даяар сонирхож байна. Тэд аялахад хамгийн таатай улс бол Монгол гэж онцолж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлснээр та бидний эдийн засаг илүү хөгжинө. Засгийн газраас ирэх 30 жилийн хөгжлийг тодорхойлсон "Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрийг баталлаа. Энэ хөтөлбөрт 1500 гаруй эрдэмтэн, судлаач ард иргэд ажиллаж оюун бодлоо шингээсэн. Та бүхэн минь мөрийн хөтөлбөртэй  сайн уншиж танилцаарай, бас "Алсын хараа 2050” урт хугацааны хөтөлбөрийг уншиж сонирхоорой. Энэ удаагийн сонгууль ирэх 30 жилийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны алхам байх болно” гэлээ.

Мөн тэрээр Архангай сүүлийн үед хөгжиж байгаа бол энэ нь өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д сонгогдсон гурван гишүүний гавьяа гэдгийг онцолж, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарыг багаар нь дэмжихийг уриалав. Архангайчууд ч сайн ажиллаж байгаа Ерөнхий сайдаа багаар нь дэмжинэ гэсэн юм.

Архангай аймагт МАН  ирэх дөрвөн жилд дараахь ажлуудыг хийхээр тусгажээ.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-300
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
  • Түрээсийн орон сууц- 200

2. Дулааны станц барьж, Цэцэрлэг хотын агаарын бохирдлыг үе шаттай бууруулна.

3. Төвлөрсөн инженерийн байгууламжийг сумдад бий болгож, сумын төвийн иргэдийг тохилог орон сууцаар хангана.

4. Шинэ спортын ордон барина.

5. Хүүхэд залуучуудын амарч, зугаалах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн /Парк/ байгуулна.

6. МАА-н түүхий эдэд түшиглэн хөнгөн үйлдвэрийн дамжлагат цогцолборууд бий болгож хөгжүүлнэ.

7. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн замуудыг барьж дуусган сумын төвүүдийг сайжруулсан болон хатуу хучилттай замаар холбоно.

8. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газар, халуун рашаан түшиглэн "Хангайн бүсийн” аялал жуулчлалын төв болгох ажлыг эрчимжүүлж, үзвэр үйлчилгээг сайжруулна.

9. Байгалийн түүхийн музей барина.

10. Цэцэрлэг хотын ойролцоо онгоц буух нисэх зурвас бий болгоно



0 сэтгэгдэл