|

Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд аравдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж гадаадад оршин суугаа  Монгол Улсын иргэний хүүхдэд 2020 оны аравдугаар сарын 1-н хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ.

Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа билээ. 2020 оны дөрөвдүгээр сарын дүнгээр 1,122,400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд аравдугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрд 100,000 төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна. 

Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.

Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100,000 төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор шийдвэрлэсэн байна.

Одоогоор 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар  гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 18 хүртэлх насны 27,000 хүүхдээс 12,000 нь Хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авдаг байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл