Сонгууль дөхөөд ирэхээр гэнэт хорвоод байхгүй сэцэн мэргэд төрж, хошин шогийнхон ч атаархам үзэгдлүүд цувардаг нь угаасаа жам шахуу болоод байгаа. Жирийн үед ч гэсэндээ манай эрхэм улстөрчдийн үйлдлүүд угаасаа алиалагч ч гайхам, жүжигчид ч атаархам болсон. Ямарсайндаа хөөрхий хошин шогийнхон ажилгүй шахам болчихоод байх вэ?
Энэ жилийн сонгуулийн хувьд "Та битгий гайхаарай” гэдэг шиг эртнээс элдэв бусын зүйл үзэхэд даралт харвачихааргүй бэлэн байдалд байх нь зүйтэй гэдгийг бараг хүн болгон мэдэж байгаа биз дээ.
Эхнээсээ "хэвтэр” дотроосоо нүцгэн цээжтэй live хийсэн огцом гоо үзэсгэлэнтэй болж байгаа гэх мэт гоё "сцена”-ууд гарч эхэлж байна. Үүнээс цааш өчнөөн цочирдом үйлдлүүд болж магадгүй нь тодорхой. Энэ мэт цочирдом үйлдлүүдэд хүмүүс инээж, стресдэж, элэглэж өнгөрөхөөс биш сонгуулийн дүнд битгий хэл нэр дэвшигчийн рейтингт ч нэг их нөлөөлдөггүй. Харин нэлээд ухаалаг гэмээр хүмүүсээс гардаг PR-ын аргууд л сонин байдаг. 10,20 жил төр барилцчихаад гэнэт ухаан мэдрэл орсон мэт гарц, шийдэл, гаргалгаа хийдэг нөхдийг орхие. Анх улстөрд хөл тавьж байгаа "шинэ” хүмүүсийн ухаантай, мундаг санаа, шийдэл, сошиалд идэвхтэй, системтэйгээр хийж буй PR ч бас нэг их сонирхолтой биш. Хөөрхий дөө бас, хувь хувьдаа л хамгийн мундаг гэсэн шийдлүүдийг олж, хүч тавин ажиллаж байгаа биз. Угаасаа сонгуулийн солиотой өдрүүдэд л хамгийн солиотой, эсвэл мундаг шийдлүүдийг олох гэдэг нь нэр дэвшигчдийн толгойны өвчин. Дээр нь тэднийгээ дэмжих гэсэн, эсвэл хэдэн төгрөг салгачих гэсэн PR-чдийн ч бас буруу, зөв "мэргэн” санаа гай болохыг яана.
За энэ бүхнийг орхиход энэ сонгуулийн хугацаанд бас нэг тэмдэглэж болохоор солиотой санааг хэн нэгэн олсон бололтой. Тэр нь хоосон "ном”. Харахад хачин ганган гялгар ном. Худалдаж аваад эргүүлээд харахаар хов хоосон цаас. "Монголын хөгжлийн нууц” билүү, мундаг нэртэй ном. Нээгээд харсан чинь юу ч байхгүй. Үүнийг хийгчид өөрсдөө тархи толгой нь хов хоосон юм уу, эсвэл "Ухаантай хүн л хардаг хувцас” гэгчээр би өөрөө тэнэг юм уу. Нэг ийм гажигтай "ном”-ын сурталчилгаа супер эрч хүчтэй байгаа сурагтай. Царай төрхийг нь харвал 30 ч хүрээгүй гэмээр, baby төрх... бас ч гэж сорочик, гоонжтой, харваас нэр дэвшигчийн төрхтэй. Монголоор нэг нэр дэвшигчид байхад зузаан гэгчийн ном хэвлэн бүр орон даяар худалдаална гэхээр луйварчин ч юм шиг.
Бараг энэ чинь ”хэвтэр”-ээсээ цээж нүцгэн live хийдэгтэй л адилхан юм биш үү?
Тийм их мөнгөтэй юм бол өөрийнхөө ухаан тархиар ном бичин тараах нь яасан юм бол? Сонгуулийн үеэр хоосон "ном” хэвлэж, зарна гэвэл хэн худалдаж авах вэ? Ингээд бодохоор тэр бол ухаангүй тэнэг мэт? Гэтэл үүний ард юу байгаа бол? Эсвэл сонгогч та биднийг ухаангүйгийн цаад талын ухаангүй тэнэг гэж бодоод байгаа юм бол уу?
0 сэтгэгдэл