|

Ч.Улаан: Хэзээ Архангайд ноолуур 100 мянга хүрч байсан юм

 

Ч.Улаан: Хэзээ Архангайд ноолуур 100 мянга хүрч байсан юм

 

Т.САЙХАН

 

УИХ-аас ноолуурын үнийн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болов.   Засгийн газраас ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн зээл олгож малчдаас нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон.  Тэгвэл энэ шийдвэр одоог хүртэл биелэлээ олоогүй байгаа юм.  Тиймээс нэмэлт ажлын хэсэг гарч ажиллана. 

Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Энэ бол харалган шийдвэр. Асуулга асуусан нэр зүүгээд Ч.Улаан сайд руу дайраад өнгөрч болохгүй зүйл. Үүнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Ч.Улаан сайд Засгийн газраа хамгаалж, улайхгүй хариулж байна л даа. Ерөнхий сайд Ч.Улаан сайдыг та хариул гэчихээд өрөөнөөсөө зурагт үзээд сууж байгаа биз. Сая ХХААХҮ-ийн яамнаас хятадад нэг кг ноолуур 300-450 юань байна гэж байна. Өнөөдөр 394 төгрөгийн ханштай байна. Ингээд тооцохоор 118 мянган төгрөгийн үнэтэй байхад Монголоос ирж ноолуур авна гэж байхгүй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Ч.Улаан сайд аа одоо та болно. Одоо бид шударга ярих ёстой. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос ноолуурын үнийг өсгөх нь бүү хэл яаж хүн амаа хоолтой байлгах вэ гэдэг нь чухал асуудал болоод байна.  Гэтэл та ноос, ноолынхаа үнийг дэлхийн зах зээлд өсгөж зарна гэдэг шал худал зүйл яриад байна. Ингэж болохгүй. Энэ чинь ноолуураараа амьдарлаа залгуулдаг малчдад гай болно. Үүнийг Монголчууд ойлгох хэрэгтэй.   Ч.Улаан сайдын яриад байгаа энэ асуудал бүтэхгүй. Ерөнхий сайдад та буруу мэдээлэл өгөөд байна. Ингэж болохгүй. 
Ноолуур бэлтгэдэг ААН-үүдийн 30-хан хувьд нь 300 тэрбум төгрөгийн зээл гаргахад үндэсний үйлдвэрлэгчид чинь үүнийг авч чадахгүй гэж байна. Гэтэл цөөхөн хэдхэн аймагт ноолуурын дундаж үнэ 105 мянга хүрч байна гэдэг үлгэр яриад сууж байна. Энэ чинь Монголчуудыг хуурч байгаа хэрэг. Хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо сал сайд аа. Таны удирдлагад ажиллаж байсан хүний хувьд ингэж хэлж байна. Та хоцрогдож. Та малчдын гол орлого олдог юмаар нь улс төр хийж, тоглож, аж ахуйг нь сүйрүүлж болохгүй. Зах зээл явдаг зарчмаараа явах ёстой. 
Малчдад хамгийн үнэтэй байгаа зах зээлээ л барьж гэж хэлмээр байна. Ч.Улаан сайд та яриад байгаа мулгуу юмандаа итгэл үнэмшил төрүүлэх  гэсэн тайлбараа боль. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Архангай аймгийн малчдын бэлгэсэн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хэрэв 100 мянган төгрөг хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү. Архангай аймгийн ноолуур 100 мянган төгрөг хүрч чадах уу үгүй гэдгийг та яг одоо түс тас хариулаадах. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Ноолуур зүүн аймгуудаас эхлээд бэлтгэгддэг. Чанар нь зүүн талдаа илүү байдаг. Одоогийн байдлаар арилжаа хийгдсэнээр 100 мянгадаа хүрчихсэн байгаа. Худалдан авагчид эрсдлээ тооцоод, аваад явж байгаа. Архангайн ноолуур 100 хүрэхгүй. Хэзээ Архангайн ноолуур 100 мянга хүрч байсан юм. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Гэхдээ Архангайн ноолуурын доод үнийг би 85 мянган төгрөгөөр тогтоосон гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд эдийн засгийн авах арга хэмжээний тухай мэдэгдэл хийхдээ Засгийн газраас 300 тэрбум төгрөгийн зээл олгож малчдын ноолуурыг кг-ийг нь 100 мянган төгрөгөөр тогтоож авна хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn


0 сэтгэгдэл