|

Хөөрөг сонгохдоо юуг анхаарах вэ?

Хөөрөг сонгохдоо юуг анхаарах вэ?

Монгол эрийн эд бах, чансааг тодорхойлж байдаг зүйлсийн нэг бол яах аргагүй хөөрөг. Хөөрөг нь монголчуудын харилцааны уламжлалт хэрэглүүр төдийгүй, түүх угсаатны болон эрдэс зүйн шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой, оюун санааны болон урлаг, соёлын уламжлалт бүтээлийн нэг юм.

Хөөргийг авахдаа нэн түрүүнд хэр зэрэг эртний эд болохыг танихдаа амсар болон мөрийг нь эхлээд заавал хараарай.

Жишээ нь, мөрний хэсгийг имэрч үзээд хурц байх юм бол орчин цагийнх, харин мөлгөр байвал эртнийх гэж ялгана. Мөн хэдэн мөртэйгээс хамаарч үнэ цэнэ нь тодорхойлогдоно. Тухайлбал, найман мөртэй байвал их гарын хөөрөг болж үнэд хүрнэ.

Харин хэр чанартай сайн хөөрөг болохыг ухалтаар нь мэдэж болно. Ингэхийн тулд халбагыг дотор ханаар нь эргүүлж үзнэ, мөн ухалт хэр зэрэг сайн болсон нь гэрэлд тод харагддаг. Үнэт чулуугаар хийсэн эсэхийг шалгахад буруудахгүй. Хаш чулуу гэхэд л сүүн цагаан өнгөтэй хүндэвтэр байдаг.

Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.

Нуух болон хүзүү: Толгойн өндрийн хэмжээг бөгстэй тааруулах зорилгоор нуух буюу өндөрлөгөөг хийдэг. Харин хүзүү нь янз янзын хэлбэртэй байна. Хөөрөгний хүзүү доргионоос болж амархан эмтрэх тохиолдолд гардаг. Эмтэрхийг үрж засаж янзлах болох боловч үрсэн хэсэг нь бүрсийж гялалзсан өнгө алга болдог.

Халбага: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Гэхдээ хамгийн гол нь хугарсан байна уу, хөдөлгөөн орсон эсэхийг сайтар шалгаж үзээрэй.

Мөр: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна. Сонирхуулахад, том хэмжээтэй хөөрөг мөртэй байвал илүү үнэд хүрдэг.

Ухалт: Хөөрөгний дотор хэсгийг хэлдэг ба ухалт сайтай хөөрөгний дотор тал гэрэлд сайн харагддаг. Мөн ухалт хэр сайн болсныг жингээр нь мэдэж болно. Учир нь ухалт сайтай хөөрөг хөнгөн байдаг ажээ.

Хөөрөгний хэлбэр ба хэмжээ: Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай байдаг ажээ. Хөөргийг суурьтай, суурьгүй мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг.

Муу санаа агуулаагүйн илэрхийлэл: Монголчууд эрт дээр үеэс янз бүрийн хэлбэр хийцтэй, үнэт чулуун хөөрөг эдэлж хэрэглэн, уламжлалт баяр ёслол, цагаан сараар золгох, уулзаж учрахдаа хөөрөг зөрүүлэн мэндэлж, хөөрөг солилцон тамхилж байгаа нь харагддаг. Энэ нь өөр хоорондоо хичнээн их өрсөлдөн тэмцэлдэж байгаа ч цаанаа муу санаа агуулаагүйн баталгаа болгон сэтгэлээ илчилж буйн нэгэн илэрхийлэл болдог билээ

0 сэтгэгдэл