|

Т.Баярхүү: Монголчуудын айл, хүн шинжих эрдэм

 Т.Баярхүү: Монголчуудын айл, хүн шинжих эрдэм
А. ШИНЖЭЭ, ШИНЖЭЭЧ ЭРДЭМ.
Энэ ухаан Монголчуудын өвөг эрдэм яах аргагүй мөн бөгөөд гаднаас нь харах ухаанд голлон суурилж улмаар дотогш ярган таних дараагийн үе шат нь эхлэх ханан ухаан мөн. Мөр шинжих, бөхийн мэх хүч шандас ухааны 64 шинжээ, хурдан морины дотор гадар 128 шинж, харваачийн 20 эрдэм гэдэг тоо нь уг тэмдэглэсэн соёл дотор нь буй тоочилт. Жишээ нь хурдан хөлөг ус уухдаа бар мэт ойр ойр шимж, байн байн алсыг хараачлах, уяа нь ханахдаа шүлс нь сувигдаж наранд гялалзаад уяаны морьдоо нууцхайхан харах, цочиж сэрэх нь ихсэх, муу морь ус уухдаа үнээ мэт гэдсээ цүдийтэл нэгмөсөн залгилах гэх мэтээр тогтоосон шинжүүд хурдлахуйн энгийн шинж тэмдэг дохиод болдог. Үүнтэй ижил бөх хүн эрүү түүш өргөн, нуруу цээж тэвхгэр, бяр чадал нь аянга мэт огцом, хүч хийморь нь цахилгаан мэт шидрүүн...гээд эхлэх, харваачдын тухайд өлмий бат чанга, мэлмий хурц холч, шууны бяр гарын атгалт сайн, онилох нь хөдөлгөөнгүй зэрэг хамгийн түгээмэл шинжүүд анхны тэмдэг нь болдог.
 
Эндээсээ хүний тухайд, мал амьтны тухайд, тэнгэр газрын тухайд, мөр мөшгөх, нэр өгөх, сайн эсвэл муу хааны, гоц эрийн ... хатны...ханийн...анчны...малчны... жинчний...гэх мэтээр тоочоод байвал бүр үй олон шинжээ эрдмийн гаргалгаад тоочиход хүрэх бөгөөд үүнийг сургуулийн хөтөлбөрт нэгэн жилийн хичээл болгон зааваас нөгөө эрээд олддоггүй МОНГОЛ УХААНЫ зах зух эхлэх.
 
Ер Монголчуудын ерөөл буяны есөн эрдмийг ийнхүү тус бүрээр нь жил бүр зааж Монгол эрдэм ухаанд сурах есөн хүслийг нь хангаваас юутай зохилтой. Эндээс Монголчуудын танин мэдэхүйн язгуур нь ШИНЖ- ШИНЖИХ- ШИНЖЭЭЧ- ШИНЖЛЭХ УХААН бөгөөд тэр нь БАЙГАЛ- ХҮН- НИЙГМИЙН амьдрал ахуйн таньц мэдэц туршлагын үр дүн юм. Зэрлэг амьтдын зарим төрлийн зан төрх, байдал төлвийг гярхайлан ажиглаж гаршуулсан гэршүүлэн сургасан, дасгасан, хээрийн онгон ургамалын хэдэн живаа төрлөөс хэрэгтэй үр ургамалыг олж тарималжуулснаас эхлээд тараг айраг эсгэсэн хувилахуй ухааны нэгдэл, хонины уураг сүүл бог, бод аль ч малын өвчүүний хэрсэн нь дотор гадар бусад өөхнөөс өөр эм шим шинжтэйг тогтоосон, эмийн ургамлуудыг нээж ямар өвчинд яаж хэрэглэхийг олон үеийн туршид батлагаажуулсан зэрэг өнөөгийн шинжлэх ухааны туршлага сорилын үр дүнтэй яв цав нийцдэг өч төчнөөн гайхамшигт өв, шинжээч эрдмийн жишээг цувруулан жагсааж болох.

ШИНЖ ЭРДЭМ юун түрүүнд:
А. ХАРАГДАГЧИЙН ХЭЛБЭР- ( дугуй, дөрвөлжин, гурвалжин, арзгар, гялгар, гоё, муухай, балиар заваан, цэвэр нандин, царайлаг, том...) өнгө ( өөдлөх айлын өнгө үүднээсээ, өсөх сүргийн өнгө зүснээсээ) төрх ( тэнэг, ухаалаг, чийрэг, нялцгар, зальжин, бойнго, адгуу...).
Б. ХАРИЛЦАГЧААС ГАДАГШ ХАНДСАН ДАДАЛ, ААШ АРАНШИН (догшин, номхон, хурдан, жороо, бусгамхай, ээлтэй, мөргөмтхэй, адайр, бүдүүлэг, зэолэг...гэх мэт).
С. АХУЙ БОДИСЫН ЧАНАР ( ус үер горхи харз, цас мөндөр бороо хүүрэг, салхи шуурга шамарга, чийрэг нарс, тахир заг, саглагар бургас, өндөр уул, өргөн тал өвч хангай) тэдгээрт хадгалагдаж байгаа дотоод агуулгын мэдэглэхүйц, танигдахуйц, ялгагдахуйц чанарыг нээдэг эрдэм ухаан болно. Түүний ерөнхий гүехэн тандалтыг нь тоочвоос 

Онцхой өвөрмөц шинжийг нь харах
Тэдгээрийг нэгжлэх, тоолох, тооцох, тоочих
Бүхэлд нь болон тусад нь баглах, багцлах, багцаалах
Нэрлэх, зүслэх, хэлбэр агуулгаар нь хочлох, гоцлох
Ижил төсөөтүүдээс ялгах, салгах, ангилах
Тэрс, харш, өөрүүдтэй ижилсүүлэх, адилсуулах, жиших
Төрөлжүүлэх, хураангуйлах, дэлгэрүүлэх... гэх мэтээр хэлбэрээс үүдэн агуулга, нас жам чанар руу нь ярган шургаж ухаан эрдмийн учир шалтгааныг эрж, тайлж, олж тогтоон шинжээч гаргалгаа хайдаг, хийдэг, нээдэг. Шинжээч эрдмийн гүн ухаан нь ерөнхийдөө АНХ ( үүсэл гарал, удам угсаа, түүхэн үнэн, сурвалж өв), ЭНХ ( байдал төрх өнгө, өнөөгийн аж төрөл, өмнөх түүхийн үргэлжлэл, өнөөдөр шийдэх амьдрал нас), МӨНХ ( нэгэн насны туулсан амьдралын үлдээмж мөр, дурсагдахуй -удамшихуй - уламжлагдахуй) онол тунгаалт мөн гэж сэхээрч гэгээрдэг байжээ. Шинжээч ёсыг ойлгуулах төдий зарим шинжээ зах сэжүүрээс тойм төдий цухуйлгабаас:

1. АЙЛ БОЛОН ХҮН ШИНЖИХ.
а.Айлын өнгө шинжих.
Айлын өнгийг хүн амьтан ургамал бодис байгалийн үзэгдэл аяс зэрэг олон зүйлээр шинждэг. Тухайлбал юуны өмнө өөдлөх айл үүднээсээ хэн ч ирэхэд хаалга үүд нь бүтэн өнгөтэй эвдэрхий хэмхэрхий ба сэвтэй зүйлгүй байхыг эрхэмлэх. Айлд ер нь тийм эд хогшил байх бол засч сэлбэх, аргацаах аргагүй бол сольж шинэчлэх явдал ажилтай, аж төрлийн ухаантай амь зуулгын санаачилгатай өрхийн шинж. Иймээс айлд ороод гарахад идээ цайгаараа эхнэр нь, эвдэрч дутаагүйгээрээ нөхөр нь андашгүй гэнэ.
 
Хэт баян чинээлгээ харуулах гэж цамаархах, баярхахыг цагаан хэл ам, хулгай зэлгийний үүд нээгдэнэ гэж цээрлэнэ. Энэчлэн тэр айлын чанаж дайлсан малын яс, идээ будааны өнгө, цай хоолны амт чанар, шүүс, бууз, боовны өнгө хийц тэр айлын нэгэн жилийн шинж тэмдэг өнгийг илтгэдэг тул шинэлэлтийн ёслолд хөл болж хичээдгийн учир аж.Мөн мал амьтных нь ааш араншин тарга хүч эдэлгээ өсөлт шинэ төлийнх нь зүс хүртэл тэр айлын өнгийг илтгэнэ. Иймд адайр болон ааш буруу малаа гаргаж төхөөрөх алс хол зарж үрэх шинэ ууган төл мал эндвэл нуух, улмаар гал голомтоо тахих зэрэг ёс үйл айл хотоороо хөл дуулиангүй хийдэг аж. Энэ мэт олон шинж ёс заншил буй.
Үргэлжлэл бий.
 
"Монгол ухаан есөн эрдэм" номноос
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

0 сэтгэгдэл