Аймгийн онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдсэн мэдээллийг тодруулан хүргэвэл:
ХОНГ-КОНГОД АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭХЭЭС ӨМНӨ ЗОРЧООД ИРСЭН Ч ЭРСДЭЛТЭЙ ГЭЖ ҮЗЭН ТУСГААРЛАСАН
Иргэдийг айлгах чухал биш. Эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед иргэдэд айдастай холбоотойгоор дархлаа сулрах шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас иргэдэд мэдээллийг үнэн зөв өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хэт тайван байж болохгүй. Учир нь манай улс өндөр эрсдэлтэй орон гэх түвшинд орсон. Сэжигтэй тохиолдлууд, хил залгаа байгаа Манжуур, Эрээн хот, ОХУ-д сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж байгаатай холбоотойгоор эрсдэлийн зэрэг өндөр гарч байгаа. Тиймээс өвчлөл гарсан улс орнуудад зорчсон хүмүүст ямар нэгэн халууралт, ханиалгалт, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн эсэхэд хяналт тавих зэрэг ДЭМБ-аас гаргаж буй тодорхойлолтоор тодорхой шалгуурыг хангасан хүмүүсийг бид сэжиглэж, тусгаарлаж авч үзэх ёстой. Ийм байж байж халдварыг цааш түгээхгүй байх журмыг баримталж ажиллана.
Хонг-Конг улсад нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчоод, нэгдүгээр сарын 03-ны өдөр МИАТ-ийн шууд нислэгээр ирсэн 46 настай иргэн эмнэлэгт халуурсан шалтгаанаар ирсэн. Тиймээс бид тухайн хүнийг сэжиглэж, зөвлөмжийн дагуу ажилласан. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.
Уг иргэн нь Хонг-Конг улсад зорчсон, далайн гаралтай хүнс идсэн бөгөөд Хонг-Конг улсад уг вирусийн халдвар бүртгэгдсэн учир бид сэжиглэхээс өөр аргагүй. Гэхдээ Хонк-Конгод анхны тохиолдол нэгдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Харин энэ хүн нэгдүгээр сарын 01-03-ны хооронд зорчсон. Одоогоор ДЭМБ нууц үеийг 7-14 хоног гэж үзэж байгаа. Энэ нууц үеэс өмнө уг иргэн зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц хугацаа нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжил, удирдамжийн дагуу ажиллав. Онош баталгаажсанаас хойш халдвар гарсан, бүртгэгдсэн гэж тооцох учиртай. Тиймээс энэ хугацаанд иргэд сонор сэрэмжтэй байх нь ч зөв ч айж сандрах шаардлагагүй болохыг анхааруулав.
ЭХЛЭЛ 13:35 ЦАГТ
Өнөөдөр /2020.01.27/ Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Саяхан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан гэдгийг сурвалж мэдээллээ.
Энэ талаар үнэн бодит эсэхийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. Сая аймгийн онцгой комисс хуралдсан. Нарийн мэдээллийг өгөх боломжгүй байна” гэлээ.
Харин өөр албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар 2020/01/01-2020/01/03 хүртэл УБ-Хонконг-УБ чиглэлд МИАТ онгоцоор ниссэн иргэн халдвар авсан байж болзошгүй, аймгийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоосон байна гэлээ.
Эрүүл мэндийн яамнаас уг асуудлыг тодруулахад "Тийм асуудал гараагүй. ХӨСҮТ-д бүх нэгдсэн мэдээлэл ирж байгаа” гэлээ. Мөн ХӨСҮТ-өөс бодит мэдээлэл авахаар утасдсан ч холбогдож чадсангүй.
САНАМЖ: Сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулж байж өвчилсөн эсэх нь бүрэн тогтоогдохыг анхааруулж байна.
https://eguur.mn/66024/?fbclid=IwAR1OxbZec1mCLtRfMfZaxmerDs6EXyrxlrLIEuYw3ygHy3NjOn_DMw-5xPE
0 сэтгэгдэл