Өөртөө өгч байна гэж бодоод бусдад гар сунга Мунхаг эмэгтэй өөрөө өөрийнхөө булшийг ухдаг Л бүсгүй хэсэг хугацааны өмнө загварын компанид ажиллаж байхдаа зан ааш муутай эмэгтэй даргаасаа болж үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналалыг амссан билээ.
Өөртөө өгч байна гэж бодоод бусдад гар сунга Дарга нь эргэн тойрных нь хүмүүс жаахан ч болов сэтгэлд нь нийцэхгүй бол ах зах хэнийг ч ялгалгүй дуугаа чангаруулан хүссэнээрээ элдэвлэж хэлдэг хүн байлаа.
Гэвч тэр компанийн захирлын охин болохоор хэн нь ч нүүрэн дээр нь дургүйцлээ илэрхийлдэггүй байсан юм. Өөрөөсөө хамаагүй олон ах, ажлын туршлагатай хүнтэй ч гэсэн ичих айхаа умартан харьцдаг тэр дарга эмэгтэйд офистоо отгон нь болох Л жинхэнэ "ноолоход амархан номхон тэмээ” байсан нь мэдээж.
Дарга нь сав л хийвэл Л-ийг ямар нэг юм аваад ир гэж хувийн зараалд явуулж яг захьсан юмыг нь аваад ирэхээр өө сэв эрж үглэж дуулан, ажлаа сайн хийсэн ч байнга л чичилж байдаг байв. Өдөр бүр стресст ордог мөртлөө яг сайн дураараа халагдах өргөдөл биччихэж чадахгүй байгаа нь тэр компанийн цалин болон ажлын нөхцөл сайнаас болдог байжээ. Ингэж байтал төд удалгүй сайн дураараа халагдахгүй байхын аргагүй нэгэн үйл явдал боллоо. Дарга нь интернэт худалдаагаар брендийн цүнх худалдаж аваад түүнийгээ хүргэлтийн үйлчилгээ хийдэг компаниар дамжуулж авсан байтал тэр цүнх нь хөл гар ургасан мэт алга болчихлоо. Дарга бүсгүй ажил дээр тэр цүнхэнд шуналтах цорын ганц эмэгтэй нь чи гэж Л-ийг улаан цайм хардаж эхэллээ. Дараа нь брендийн дуураймал цүнх бариад явж байхад нь энэ мөн байна хэмээн улаан цайм гүтгэж ч үзсэн гэнэ.
Тэгж сэтгэлийн зовлон эдэлж хэд хоносны дараа Л бүсгүй даргыгаа алдсан гээд байсан цүнхээ барьчихсан ажилдаа ирэхийг харлаа. Л-ийн нүд орой дээрээ гарч энэ тухай асуухад машиныхаа ард хийгээд таг мартчихсан байна лээ хэмээн хээв нэг хэлжээ. Хэдэн өдөр хэлмэгдэж шөнийн нойроо хүртэл алдаад басан Л ийм юм болчихоод байхад уучлаарай ч гэж хэлэхгүй байгаа увайгүй тэр хүүхэнтэй цаашид хамт ажиллах ямар ч итгэлгүй боллоо. Сайн дураараа халагдах өргөдөл бичээд ажлаасаа гарсан Л хүн өөрийн аз жаргалаа өөрийнхөө гараар бүтээдэг гэсэн үг худал гэж бодлоо.
Дарга нь бусдад гаргаж боломгүй муухай ааш зан гаргаж, баян аавын охин болж төрөөд хийхийг хүссэн зүйлээ дураараа хийж, эрч хүч, баяр баясал дүүрэн амьдарч байгааг өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Л-ийн даргын тухай дуулаад би өөрийн мэдэлгүй ингэж хэлж орхисон юм. "Ямар тэнэг юм бэ? Яахаараа өөрийгөө тэгж дормжилж явдаг байна аа?” Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл өртөж байгаа хүний хувьд амьдралын бяцхан үеийг зовж шаналж өнгөрөөж байгаагаас хэтрэхгүй байхад харин өнөөх дарга эмэгтэйн хувьд бол тэр хүмүүсийн насан туршдаа тээж явах гомдол бухимдал, өөрийн хийсэн гэм буруу хоёроо үүрд үүрч амьдрах болно шүү дээ.
Л-ийн бодож байгаа шиг яг одоо тэр дарга эмэгтэй хэний хэнбугайд ч атаархахааргүй амьдарч байгаа мэт харагдаж байж ч болно. Гэтэл хүн бол цор ганцаараа аз жаргалыг мэдэрч амьдардаг амьтан биш. Эргэн тойрныхоо хүмүүст уйтгар гуниг, гомдол хорсол төрүүлчихээд ганц хар толгойгоороо аз жаргалтай байж чадна гэж үгүй. Л-ийн дарга бүсгүй хичнээн чулуун зүрхтэй байлаа гээд шулмас эмгэний төрсөн охин л биш юм бол бусдыг аз жаргалгүй болгож байгаадаа ямар ч нөлөө авахгүй амьдарч чадахгүй. Тунхаглан хэлэхэд бэлэн байна.
Тэр бүсгүй гарцаа байхгүй аз жаргалгүй амьдарна. Бусдыг зовоож шаналгавал буцаад тэр чинээгээр зовлон амсах нь амьдралын теорем. Бүх юм байр байрандаа очдог гэсэн зүй тогтол үүнээс хойш ч гэсэн үйлчилнэ. Тийм учраас хатуу хорвоод яаж амьдардаг билээ гэж бодол болж байгаа хорин настнууд минь санаа амар сайхан сэтгэлтэй амьдар. Бусдыг зовоож тарчлаан амьдарч байдаг хүнээс илүү мунхаг хүн гэж байхгүй.
0 сэтгэгдэл