Цаг агаарын эрс тэс үзэгдэл нь ядуу буурай, эмзэг орнуудын хувьд томоохон сорилт болоод зогсохгүй өндөр орлоготой орнууд ч ийм аюулд улам их өртөж байгааг Германы байгаль орчны судалгааны хүрээлэнгээс гаргасан илтгэлд дурджээ.
2018 онд Япон, Герман зэрэг аж үйлдвэржсэн улс хэт халалт, их ган гачигт хамгийн ихээр өртсөн улсуудын жагсаалтад 1 болон 3 дугаар байрыг тус бүр эзэлснийг Уур амьсгалын эрсдэлийн индекс харуулсан байна.
Германд 4-6 дугаар сард хамгийн халуун үе нь үргэлжилдэг бөгөөд өнгөрсөн онд энэ үеэр 1200 гаруй хүн нас барж, ган гачиг ихтэй байсан нь тус улс жагсаалтад гуравдугаар байрыг эзлэх шалтгаан болжээ. Энэ тухай "Munich Re” давхар даатгалын компани болон Олон улсын валютын сангийн нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тулгуурлан гаргасан индекс үзүүлэлт харуулжээ.
1999-2018 оны хугацааг хамарсан урт хугацааны индекс үзүүлэлтэд ядуу буурай орнууд цаг агаарын эрс тэс үзэгдэлд илүү өртжээ. Тодруулбал, энэ хугацаанд аюулд өртсөн 10 улс тутмын 7 нь бага болон бага дунд орлоготой хөгжиж буй орнууд байсан аж.
Уур амьсгалын өөрчлөлт болон хэт халалтын давтамж нь урт хугацаандаа холбоо хамааралтай байдгийг сүүлийн үед шинжлэх ухаанаар батлаад байгаа аж.
Сүүлийн 20 жилийн хугацаанд цаг уурын эрс тэс үзэгдлийн улмаас 500 мянга орчим хүн нас баржээ. Энэ хугацаанд болсон 12 мянга гаруй цаг уурын эрс тэс үзэгдэл нь 3.54 их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учруулсан байна.
0 сэтгэгдэл