|

В.Путины үгэн доторх үг

-Цөмийн энерги ашиглах хүсэлтэй байгаагаа тэр илэрхийллээ-

Олон жилийн найрамдалт харилцаатай ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин манай оронд нэг хоног ажлын айлчлал хийгээд буцлаа. Хойд хөршөөс шатахууны, эрчим хүчний хараат байдаг манай улсад стратегийн асуудлуудаа нааштайгаар шийдүүлэх, харилцан ашигтай байдлаар тохирох сайхан боломж байсан гэж ч хэлж болно. Гэхдээ энэ мэт асуудлуудаа шийдэж чадсан уу гэвэл учир дутагдалтай.

Хэдийгээр айлчлалын үеэр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан ч үр дүнд хүрэхээр дорвитой өөрчлөлтүүд байсангүй. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийнхэнд хандаж хэлсэн мэдээллээс харагдах. Тэрээр "Хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлд бид цаашид анхаарах учиртай. ОХУ бол Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч. Тухайлбал, "Ростек” компани Улаанбаатар хотын хамгийн том цахилгаан станцын нэг болох IV цахилгаан станцын шинэчлэлд туслалцаа үзүүлж, өчигдөр тус станцын шинэчилсэн эрчим хүчний блокыг ашиглалтанд оруулсан.

"Роснефть” ч Монголын зах зээлийг сонирхсон хэвээр байгаа. "Росатом” нэгдлийн хувьд цөмийн энергийг анагаах ухаан болон хөдөө аж ахуй, шинжлэх ухааны салбарт ашиглах чиглэлд хамтран ажилах сонирхолтой байна” гэсэн юм.

Товчхондоо олон жил яригдсан өнөө хэр шийдэгдээгүй Эг, Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулах асуудал хөндөгдсөнгүй. Бид цахилгаан эрчим хүчний хувьд хойд хөршөөс хараат хэвээр байх нь. Шатахууны хувьд ч мөн адил. Дээрээс нь тодорхой салбаруудад цөмийн энерги ашиглах хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийлчихлээ. Манай улс ураны нөөцөөр дэлхийд эхний 10-т ордог. Уран ашиглаж цөмийн эрчим хүч гаргах боломжтой ч манай улс ураны асуудалд туйлын болгоомжтой хандах ёстой гэж үзсээр ирсэн.

Үүнээс гадна манай хоёр орны худалдааны эргэлт туйлын хангалтгүй. Монгол Улс хэрэглэгч орон, бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас импортоор авдаг. Гэсэн атал ОХУ-тай хийсэн худалдааны эргэлтийг харвал тэрбум доллар хүрдэггүй, импорт 957 сая доллар байгаагийн ихэнх нь шатахуун худалдаж авахад зарцуулдаг. Манайх нийт экспортынхоо 0.9 хувийг, импортын 27.3 хувийг ОХУ-тай хийдэг байна. Хоёр улс харилцан визгүй 30 хоног зорчдог болсноос хойш худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч төдийлөн хангалттай бус хэвээр. Уг нь хувийн хэвшлийнхэн оросуудтай хамтарч бизнес хийж, өргөжүүлэх бүрэн боломж бий ч манайхан Итгэлт хамба-Улаан-Үд, Байгаль далайн аялллыг л цэцэглэн хөгжүүлснээс хэтэрсэнгүй. Нэгэнт худалдааны эргэлт муу байгаа учраас В.Путин "Бид уул уурхай, эрчим хүчний, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой” гэх байр суурийг илэрхийллээ.

ОХУ-ын төрийн тэргүүн таван жилийн өмнө манай улсад айлчилсан. Тэр үед 10 гаруй хэлэлцээр, протокол, санамж бичиг, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан ч хоёр орны иргэд харилцан визгүй зорчихоос бусад ихэнх нь хэрэгжээгүй аж. Таван жилийн өмнө Шинэ Зеландаас ОХУ руу импортлогдож байгаа махыг монгол малын махаар орлуулах гэрээ хэлцэл хийсэн ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Энэ нь манай төрийн албаны тогтворгүй байдал, хоёр орны тохирсон худалдаа эдийн засаг бизнесийн асуудалд саад учруулж иржээ.

Энэ удаагийн айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкинтой Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан нь олзуурхууштай. 2014 оны айлчлалын үеэр зурагдсан гэрээ, протокол шиг хэрэгжүүлэлгүй орхих биш үүнийг ажил хэрэг болгоод явбал ядаж бид Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Айлчлалын хүрээнд 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтарсан нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах зориулалтаар авахаар болж байна. Гэхдээ өмнө нь төмөр замын асуудалд тохирсон дүрмээ зөрчвөл энэ гэрээ хэлцэл хэрэгжихгүй байх магадлал өндөр байгааг ч дурдах ёстой болов уу.

Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалаар эдийн засаг бизнесийн асуудал түлхүү яригдлаа. Монголын талаас энэ гэрээ хэлэлцээг биелүүлэх бэлтгэл ажлаа ямар түвшинд хийхээс хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ, гэхдээ улс төрийн төвшинд ахиц дэвшил гарсан айлчлал гэж судлаачид дүгнэж байгаа юм.

Эх сурвалж: eagle.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл