|

АНУ-д 24 цагийн дотор хоёр удаа хядлага болж, нийт 29 хүний амь үрэгдлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр АНУ-ын хоёр хотод дараалан галт зэвсэгтэй хядлага гарсны улмаас нийт 29 хүний амь үрэгджээ.

Бямба гарагийн өглөө Техас мужийн Эль Пасо хотын худалдааны төвд зэвсэгт этгээд иргэд рүү гал нээснээр 20 хүн амиа алдаж, 26 хүн шархдсан юм. Тэгвэл Бямбаас Ням гарагт шилжих шөнийн 1:00 цаг орчимд Охайо мужийн Дэйтон хотын зугаа цэнгээний төвд нэг этгээд хүмүүс рүү гал нээснээс есөн хүн алагдаж, 26 хүн шархджээ. Эдгээр нь 2019 онд АНУ-д гарсан 31, 32 дахь бөөнөөр хядах гэмт хэрэг болж байгаа юм. Нэг удаагийн халдлагаар гурваас дээш хүний амь үрэгдэхийг "бөөнөөр хядах гэмт хэрэг” гэж ангилдаг байна. Эль Пасогийн халдлагыг үйлдэгч нь 21 настай цагаан арьстан байжээ. Мексикийн гурван иргэн түүний суманд өртөж, амиа алдсан бол зургаан иргэн шархдсан байна. Цагдаа нарт баривчлагдаад байгаа тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Харин Охайод аллага үйлдсэн этгээдийг цагдаа нар хэргийн газарт буудаж, хөнөөсөн байна. Түүнийг Охайогийн Бэлбрүүк хотын оршин суугч, 24 настай Коннор Бэттс болохыг цагдаа нар тодруулжээ. Бэттсийн аллага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгааг мөн мэдээлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө буюу долдугаар сарын 28-ны өдөр Калифорнид болсон сармисны баярын үеэр нэгэн этгээд гурван хүний амийг хөнөөсний дараа өөрийгөө буудаж, амиа хорлож байв. Тэр долоо хоногт АНУ даяар өөр долоон удаагийн бөөнөөр хядах гэмт хэрэг гарсан байна. Дараалсан аллагын дараа 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид болох Жо Байден, Бэрни Сандерс, Элизабет Уоррен нар Америкт галт зэвсгийн хэрэглээг чангатгахыг уриалжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: Business Insider

0 сэтгэгдэл