|

Наадмын маргааш намар гэдэг үгийг арай мартчихсан юм биш биз дарга нараа

Төрийн тэргүүн маань жил бүрийн наадмын хаалт дээр "Наадмын дараа намар гэдэг, намрын улиралд назгайралгvй, хадлан бордоогоо одооноос сайн бэлтгээрэй” гэсэн утга бүхий vгийг ёс юм шиг захидаг. Бодвол манайх шиг эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө байдал хvндэрвэл малчид нь хэдэн малаа тавьж туучихаад дараа нь төр засгаасаа ёс юм шиг элдэв юм гуйдаг болохоор төрийн тэргүүн нар маань тэгж захидаг биз. Мөн эрх барьж буй намынханд ч энэхүү үгийг зориуд хандаж хэлдэг байх. Тэгвэл энэ vгийг одоо хэн нэгнээр хэлvvлэх биш өөрсдөө дор бvрнээ санах цаг нэгэнт иржээ. Наадмын дараа намар гэдэг үг бол тэр баяр наадам чинь аль хэдийнэ дуусчихаад байгаа шvv. Одоо ажилдаа гарах хэрэгтэй гэж сануулсан үг юм. Гэтэл одоо болтол Монголын наадам дуусдаггvй ээ. Ёстой л нөгөө дуусдаггүй яриа гэдэг шиг. Улсын баяр наадам дууссан хэдий ч зарим аймгуудын баяр наадам өнөөг хүртэл vргэлжилсээр л. Удахгүй "Даншиг наадам-Хүрээ цам 2019” болно л гэнэ, Бас ямар ч гэнэв наадам дараагийн сард болно л гэнэ. Иймэрхүү баяр наадмуудыг дурьдаад байвал Монголд баяр наадам хэзээ ч дуусахгүй мэт. Мэдээж жилдээ нэг удаа тохиож байгаа Монгол наадамдаа хүн бүр оролцолгүй яахав, гэхдээ өдөр шөнөгүй найр наадам хийгээд давхиад байвал энэ улсын чинь сан хөрөнгө нэг л өдөр барагдаж дуусах биш үү. Саяын наадмаар лав төр засгийн тэргүүн болоод төрийн тvшээд нар сонгогдсон аймгийнхаа наадмыг чимж, сайхан наадаж байх шиг байна билээ. Сайхан ч наадацгаалаа. Дээрээ ч, доороо ч өвлийн улирал гэдгийг таг мартан өнгөтэй сайхан наадав. Энэ жилийн наадмаар морьд нь хурдан, бөх нь хvчтэй бяртай байлаа. Нутаг нутгийн хvчтэнvvд орон нутагтаа тvрvvлж, элдэв шагналд дарагдав.

Гэхдээ энд нэг зvйлийг та бүхэндээ сануулж, хэлэхгүй бол огт болохгvй нь. Бид нарыг ингэж сайхан найр наадам хийж дууссаны дараа өвлийн улирал гэдэг нэг сайхан зүйл маань гэнэт айлчлан ирнэ гэдгийг огтхон ч бүү март. Одоо өдөр бүр нарны илч буурч, өдөр богиносож байгаа. Үүнийг энэ хэдэн зэрлэг монголчууд одоо болтол яагаад ойлгодоггүй юм. Жилийн жилд бэлтгэлгүйгээсээ болоод маш их хохирол амсаж байснаа яагаад гэнэт мартчихдаг юм. Харин ашгvй саяхан Засгийн газраас захирамж гаргаж, наадамлах vйл ажиллагаагаа наймдугаар сард багтааж дуусга гэсэн шийдвэр гаргах шиг боллоо. Тэгээгvй бол нөгөө дуусдаггүй найр наадмууд огтхон ч дуусах шинжгүй нь илт байна. Тэгэхээр одоо нэгэнт наадам дууссан хойно хадлан тэжээл, халаалт дулааныхаа асуудлыг ярьж эхлэх нь зvйтэй байх.

За яахав тєв суурингийнхан бид ч яах вэ, халаалтаа шийдчихвэл л боллоо. Харин хөдөөнийхөн л хадлан тэжээлээ эртнээс сайн бэлдмээр байна. Өнгөрсөн жил яаж баларлаа. Хадлан тэжээлээ эртнээс базаагаагүйгээс болж дахиад л улсаас бөөн өвс тэжээл гуйсан. Харин ч энэ зун өнгөрсөн жилүүдийг бодвол бороо хур гайгүй орж, нутаг нутагт зуншлага сайхан боллоо. Ногоо ч хангалттай сайн гарсан. Тиймээс хадлангаа хангалттай сайн авчихвал улсын нөөцөөс гуйгаад байх шаардлагагvй болно. Тэгж чадвал ядаж улсын төсөв мөнгө ч төдий хэмжээгээр хэмнэгдэнэ. Магадгүй зарим хүмүүс энэ жил сайхан зун болсон юм чинь өвөлдөө өнтэй байна гэж бодож, найр нааадам хийхэд яадаг юм гэж бодож байж болох юм. Тэр ч бvv хэл эртээд телевиз үзэж суухад өнгөрсөн жилийн өвсний нөөц дуусаагүй байгаа, тийм учраас энэ өвөлдөө ажрахгүй гэж ярих албан тушаалтан ч байна билээ.

Тэгвэл тэр архи ханхалуулсан амарлингуй албан тушаалтанд хандаж хэлэхэд, цаг агаарын vзэгдлийг таах арга байхгvй. Зун хэдий сайхан болсон ч, цаг хатуурвал хэцvvдэж л таарна гэж хэлмээр байна. Тийм болохоор төр засгийн эрхмүүдэд дахиад нэг сайн захья. Наадам сайхан боллоо. Сайхан ч наадлаа. Одоо өвөлдөө бэлтгэх цаг нэгэнт болжээ. Хотынхон хотынхоо, хөдөөнийхөн хөдөөнийхөө өвлийн бэлтгэлийг хангах цаг болж. Одооноос ханцуй шамлан өвлийн бэлтгэлээ базаах хэрэгтэй байна. Наадмын маргааш намар гэдэг биш билүү, ард түмэн олон минь.

Ж.Батдорж

Эх сурвалж: Bolod.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл