Булган, Дорноговь аймагт даншиг наадам гээч боллоо. Мөн л наадмын эхний
өдөр өөрийн харьяат бөхчүүдээ (Булган аймаг, цэргийн цолтнууд)
барилдуулж аймгийн арслан, заан шинээр төрүүлж авлаа. Ингэснээр энэ зун
18 аймагт шинэ арслан "үйлдвэрлэсэн” юм. Тэр дотор аймгийн арслангийн
энтэй нэгэн ч бий л байх. Гэвч олонх нь дахиад энэ цолоо баталж
чадахааргүй бөх цол авлаа гэмээр байгаа юм. Ер нь аймгууд энэ янзаар
наадамлаад байвал барилддаг бүхэн нь аймгийн арслан болж таарах нь гэсэн
бодол төрж байна. Цол олгох зорилготой ийм барилдаан зохион байгуулж
байгаа нь жалга довын явцуу үзлийнх нь нэг хэлбэр гэж ч болно. Монгол
үндэсний бөхийн уламжлал ч биш. Урьдын бөхчүүд долоон хошуу даншиг
наадмаа хэсч барилддаг л байсан юм билээ. Харин хошуу нутгийнхаа наадмын
бөхийн түрүүг гадагш алдахгүйн тулд шударгаар өрсөлддөг байсан тухай
домог болсон яриа зөндөө байдаг. Одоогийнх шиг найраа хийж будлиан тарьж
байсангүйг түүх гэрчилдэг шүү дээ.
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
32 сэтгэгдэл