Архангай аймгийн сум, баг, өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч 310 хүнийг хамруулсан чадавхижуулах сургалт боллоо. Сургалтыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нарын баг удирдсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний анхан шатны нэгжид тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн харьцаа, хандлагын анхаарах асуудлуудыг зааж сургасан байна. Мөн нярайн бүтэлт, зүрх уушгины амилуулах тусламж, хеликобактерийн шалтгаант ходоодны эмгэг, цус алдалтын үед авах арга хэмжээ, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг яаралтай тусламжийн олон чухал сэдвээр анхан шатны эмч, сувилагчдыг цэнэглэж өгчээ.
Сургалтыг санаачлагч УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ 2016 оноос хэрэгжсэн "Элэгний эмгэггүй Архангай" төслийн хэрэгжилтийн үр дүнг Монгол Улсын 21 аймагт төдийгүй Филлипинд болсон олон улсын хурал дээр Азид хэрэгжсэн сайн жишээ болгож ярьсныг онцлоод ойрын жилүүдэд тус аймагт элэгний хавдрын тохиолдол эрс буурна гэлээ. Архангай ийм томоохон төсөл хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан дараагийн төслөө яаралтай тусламжийн үйлчилгээгээр жишиг аймаг болох зорилт тавин Япон Улсын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Архангай аймгийн иргэдийн дундаж наслалт 70.1 байгаа нь улсын дундажаас өндөр бөгөөд эрүүл мэндийн томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал энэ үзүүлэлт нэмэгдэх боломжтой гэдгийг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа хэллээ.
Сургалтын төгсгөлд эрүүл мэндийн сайдын тушаалаар салбарын шагналаар шагнагдсан болон клиник профессорын зэрэг хүртсэн эмч, эмнэлгийн ажилтнуудын үнэмлэх, тэмдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон Архангай аймгийн удирдлагууд гардуулан өгөв. Мөн анхан шатны нэгжид шаардлагатай үзлэг, оношлогооны бага хэрэгсэл хүлээлгэн өглөө.
22 сэтгэгдэл