|

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангайд хоёр дахь удаагаа болов

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангайд хоёр дахь удаагаа болов

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн Цэцэрлэгт боллоо. Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, "Арж” групп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж, нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 25 байгууллагын265 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Тэмцээний хоёр дахь өдөр залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Орхон аймгийн "Ирээдүйн одод” сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ, "Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Энхцэцэг, 23 хүртэлх насны Азийн аварга Баянхонгор аймгийн "Хонгор нутаг” дэвжээний тамирчин Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн нар улсын хошой аварга болцгоов. Тэгвэл "Хасу-Мегастарс”-ын Н.Наранхүү, О.Сүлдхүү, Б.Билгүүн, "Аварга" сургуулийн Б.Баянсүх, "Алдар"-ын Ч.Отгонтуяа, "Говийн бөх”-ийн Д.Цогзолмаа нар анх удаа аваргалжээ. Энэ жил манай залуу тамирчдыг долдугаар сард Тайландад болох Азийн АШТ, наймдугаар сард Эстони улсад болох ДАШТ хүлээж байна.

 

Залуучуудын УАШТ-ий эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн "Хасу-Мегастарс” клуб тэргүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн "Хонгор нутаг” дэвжээ удаалж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай "Хангай хүчтэн” клуб гуравдугаар байрт оров.

Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, М.Мөнхбат дасгалжуулагчтай "Женко” клуб, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай "Алдар” спорт хороо, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, "Хасу-Мегастарс” клуб эхний гурван байрыг эзэллээ.


22 сэтгэгдэл