|

Монголын эдийн засаг гаднын нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

Монголын эдийн засаг гаднын нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

 


Азийн хөгжиж буй ихэнх улс орны эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр байх ч дэлхийн хэмжээнд эрэлт удааширч, худалдааны хурцадмал байдал гаарснаас 2019 болон 2020 онд өсөлтийн хурд бага зэрэг удаашрах төлөвтэй байна хэмээн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны шинэ тайланд дурджээ. АХБ-ны эдийн засгийн голлох нийтлэл болох Азийн хөгжлийн төлөв тайлангийн 2019 оны дугаарт бүс нутгийн эдийн засаг энэ онд 5.7, 2020 онд 5.6 хувиар өснө хэмээн таамаглажээ. Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 5.9 хувьтай байв. Шинээр аж үйлдвэржсэн эдийн засаг болох БНХАУ-ын Хонконг, Өмнөд Солонгос, Сингапур болон БНХАУ-ын Тайпэйг хасч тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг өнгөрсөн оны 6.4 хувийн өсөлтөөс 0.2-0.3 хувиар буурах төлөвтэй байна. "Бүс нутгийн ихэнх орны эдийн засгийн хувьд дотоод эрэлт нь өндөр эсвэл тэлж байгаа учраас өсөлт ерөнхийдөө тогтвортой хэвээр байна. Энэ нь экспорт буурснаас үүдэх нөлөөг зөөлрүүлж байна" гэж АХБ-ны ерөнхий эдийн засагч Ясуюки Савада дүгнэж, "Өсөлтийн төлвийг бүдгэрүүлж буй тодорхой бус байдал хэвээр байна" хэмээн тэмдэглэжээ.

АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны сөргөлдөөн, цаашлаад дэлхийн худалдааны тодорхой бус байдлыг улам дэврээж буй сунжирсан хэлэлцээр нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвт гол эрсдэл болсоор байна. Бусад эрсдэлд өндөр хөгжилтэй орнууд болон БНХАУ-ын эдийн засгийн огцом удаашрал, санхүүгийн тогтворгүй байдлыг дурдаж болохоор байгаа юм.
АНУ-аас авч хэрэгжүүлж буй төсөв, мөнгөний хумих бодлого, Их Британи умард ирландын нэгдсэн вант улс (ИБУИНВУ) Европын холбооноос гарахаар байгаа төлөв болон АНУ-БНХАУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөнийг харгалзан АХБ нь АНУ, Европын холбоо болон Япон улсын нэгдсэн өсөлтийг энэ онд 1.9, ирэх онд 1.6 хувь болж буурна хэмээн таамаглалаа. БНХАУ-ын эдийн засаг аж үйлдвэрээс үйлчилгээний салбарт шилжих бүтцийн өөрчлөлтөд орж байгаа, мөн Засгийн газраас нь санхүүгийн эрсдэлээ удирдах зорилгоор санхүүгийн хумих бодлого хэрэгжүүлж буй зэргийг харгалзан тус улсын эдийн засгийн өсөлтийг 6.6 хувиас энэ жил 6.3, 2020 онд 6.1 хувь болж удааширна хэмээн харж байна. Хятадын эдийн засаг боловсронгуй болох тусам өсөлт нь удаашрах хүлээлттэй байгаа юм. Харин Энэтхэг улсын хувьд бодлогын хүү бага байгаагийн зэрэгцээ фермерүүдэд орлогын дэмжлэг үзүүлж байгаа нь дотоодын эрэлтэд түлхэц үзүүлж, өндөр хэрэглээ нь өсөлтийг тэлснээр өнгөрсөн онд долоо байсан эдийн засгийн өсөлт энэ онд 7.2, ирэх жил 7.3 хувьд хүрч сайжрахаар байгаа аж. Өмнөд Азийн эдийн засаг бүхэлдээ бусад дэд бүсээс илүү өсөлттэй байхыг энэ жил 6.8, ирэх онд 6.9 хувиар өсөх таамаглал дэвшүүлж буйгаас харж болохоор байна.
 
Номхон далайн дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Папуа Шинэ Гвинейн шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэл өнгөрсөн оны газар хөдлөлтөөс эргэн сэргэж бүрэн хүчин чадлаараа ажиллах болсноор 0.9 хувьтай байсан тус дэд бүсийн өсөлт энэ онд 3.5 хувь болж сэргэх бөгөөд ирэх жил 3.2 хувь болох төлөвтэй байна. Төв Азийн эдийн засгийн хувьд ОХУ-ын өсөлт удааширснаас гадна газрын тосны үнэ буурсан нь дарамт учруулж байна. Тус бүс нутгийн өсөлт энэ жил болон ирэх онд 4.2 хувь болж удаашрах төлөвтэй байна гэж АХБ таамаглажээ. Хүнсний болон шатахууны үнэ тогтвортой байснаар нийт инфляц 2.5 хувьд тогтвортой байна гэж тайланд дурджээ.
Азийн хөгжиж буй орнууда валютын ханш 2018 оны сүүлээр тодорхой хэмжээгээр чангарсан гэсэн ч Азийн хөгжлийн төлөвийг бэлтгэх суурь судалгаанд валют ханшийн хэлбэлзэл нь ялангуяа ам.доллараар илэрхийлэгдсэн өрөөс хамааралтай улсуудын тулгамдсан асуудал болж магадгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. Мөнгөний болон макро зохистой бодлого хэрэгжүүлж, бүс нутгийн бодлогын яриа хэлэлцээр мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг сайжруулснаар гадаад санхүүжилт хумигдахаас үүсэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх боломжтой юм.
 
Монгол Улсын хувьд ч эдийн засгийн өсөлт бага зэрэг буурах боловч АХБ-наас өөдрөгөөр төсөөлж байна. Тодруулбал, ирэх онд эдийн засгийн өсөлт бага зэрэг буурах ч инфляц хэвээр хадгалагдаж, урсгал дансны алдагдал багасч эргээд тэлэх дүр зураггай байгаа аж. Зээл олголт их хэмжээгээр нэмэгдсэнээр түүхий эдийн экспорт өсч үйлчилгээ, орон сууцны барилга, боловсруулах үйлдвэрлэл буюу аж үйлдвэрийн салбар 2.8 хувиар өсөх бололтой. Мөн ургац хураалт сайжирч, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтөд 0.9 хувийн дэмжлэг үзүүлэхээр байна.
 
Эрэлт талаасаа гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт түлхүү орж ирснээр эдийн засгийн өсөлтийн 10 хувийг бүрдүүлэх ч хурдацтай өсөх импортын нөлөөгөөр цэвэр экспорт 5.4 нэгж хувиар буурна гэж АХБ төсөөлж байгаа юм.
 
Гадаад секторын хувьд валютын улсын албан нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрэхэд олон улсын зах зээлд гаргасан бонд болон гадаадын шууд хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлсэн ч ам.доллартай харьцах ханш дунджаар 1.1 хувиар суларч, оны эцэст 8.9 хувь болсон байна. Чанаргүй зээлийн хэмжээ бага багаар өссөөр өнгөрсөн оны эцэст 10.4 хувь болсон нь банкны салбарыг хөрөнгийн дутагдалд оруулахад хүрчээ. Эдгээрийн нөлөөгөөр инфляц энэ онд 8.5 хувь болж өсөх ч ирэх жил нэг нэгж хувиар буурна гэсэн таамаглалтай байгаа бөгөөд Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхтэй холбоотойгоор энэ оны төсөв ДНБ-ий 1.4 хувьтай тэнцэхүйц алдагдалтай гарахаар байна гэж АХБ-наас санууллаа.
 
Зээлийн хатуу нөхцөлөөс шалтгаалж машины импорт буурах, алтны экспорт нэмэгдэх хүлээлттэй байгаа ч урсгал дансны алдагдал буурч, ДНБ-ий 9.6 хувьтай тэнцэхээр байна.
 
Үүнээс гадна түүхий эдийн үнийн савлагаа, Хятадын эдийн засгийн өсөлт буурахтай холбогдож манай улсын эдийн засаг гаднын сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэг эмзэг хэвээр байгааг АХБ анхааруулжээ.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

16 сэтгэгдэл