Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, "Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин, "Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчдын тусламжтайгаар гуравдугаар сарын 5-д баривчлан тайлбар мэдүүлэг авсан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Учир нь тэдний хэрэгт хэд хэдэн албан тушаалтныг холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг "Өнөөдөр” сонин мэдээлсэн байна.
Тодруулбал "Монголын зэс корпорац” компанийн захирал Ц.Пүрэвтүвшин нарт холбогдох хэрэгт АН засгийн эрх барьж байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан Баярбаатарын Болор, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшиж буй "Кью Эс Си” компанийн захирал Энхбаярын Шижир нарыг яллагдагчаар тооцжээ. Тэдний хилээр гарах эрхийг нь хязгаарласныг эх сурвалжууд батлаж байна. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 230 сая тоннын нөөцтэй орд газартай нь "Кью Эс Си” ХХК 2012 оноос эзэмшиж буй. Улмаар тус үйлдвэрийн төмрийн хүдрийн үүц болох Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн орд чиглэлд буюу төмөр замын "Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажлын санхүүжилттэй холбоотойгоор тэднийг ийн шалгаж байгаа гэнэ.
Уг чиглэлийн замыг "Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий "Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар бариулахаар гэрээ баталж, 106.8 сая гаруй ам.долларын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авч барьжээ. Улмаар дээрх чиглэлийн замыг "Монголын төмөрзам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор 2016 оны хоёрдугаар сарын 26-нд төлбөр гүйцэтгэх актыг баталгаажуулсан байдаг. Харин төмөр замын концессын энэ хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад "Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Мардайн орчимд байсан төмөр замын зам (рейлс) төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэн тавиулсан” гэжээ. Энэ хэрэгт Сангийн сайд асан Б.Болороос гадна Зам, тээврийн хөгжлийн сайд, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албан тушаал хашиж байсан Дангаагийн Ганбатыг ч яллагдагчаар тооцохоор болоод буй юм билээ.
19 сэтгэгдэл