ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ыг зорих хууль бус цагаачдын цувааг Мексик болон Төв Америкийн орнууд зогсоож чадахгүй байгаатай холбоотойгоор өмнөд хилээ хааж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дахин мэдэгджээ.
"Манай улс руу ирж буй хууль бус цагаачдын урсгалыг зогсооход Мексик улс юу ч хийхгүй байна. Тэд ярьдаг ч ямар нэг арга хэмжээ авахгүй байна" гэж Д.Трамп "Твиттер” хуудсандаа жиргэсэн байна. Үүний зэрэгцээ Хондурас, Гватемал, Эль Сальвадор улс ч мөн адил бидний мөнгийг хэдэн жилийн турш авсан боловч юу ч хийхгүй байна гэж тэрбээр тэмдэглэжээ. Мөн тэрбээр, Өмнөд хилийг хааж магадгүй хэмээн нийтэлсэн байна.
Дотоодыг аюулаас хамгаалах яамны сайд Кирстьен Нильсен пүрэв гарагт мэдэгдэхдээ, АНУ-ын хилийн аюулгүй байдлыг баталгаажуулахад оруулж буй Хондурас, Гватемал, Эль Сальвадорын хувь нэмэрт талархаж байна гэжээ. Харин Д.Трампын мэдэгдэл үүнээс эрс ялгаатай байжээ.
Түүнчлэн пүрэв гарагт Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор АНУ-ын Ерөнхийлөгчийн шүүмжлэлийг няцаасан байна. Тэрбээр, "Бид Ерөнхийлөгч Д.Трампын байр суурийг хүндэтгэж байна. Бид түүнд тусална. Гэвч үнэндээ энэ бол АНУ болон Төв Америкийн орнуудын асуудал. Мексикчүүд бидэнд хамааралгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Өнгөрсөн оны эцсээр Цагаан ордон болон Конгрессын танхимын Ардчилсан намын гишүүд хилийн дагуу хана барих асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй байх үед өмнөд хилийг хаана гэж Д.Трамп мэдэгдэж байсан билээ. Мексикийн хилийн дагуу хана барих нь 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн түүний гол амлалтуудын нэг юм.
0 сэтгэгдэл