|

Ерөнхийлөгч санал хүргүүллээ

Ерөнхийлөгч санал хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт илгээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

"…Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж, жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ…” гэж үзсэн тул хуулийн төсөлд саналаа хүргүүлэв.

Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай албан бичигт:

"Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулах, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг мөн их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж,  жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд тусгагдсан хүлээн зөвшөөрөх боломжгүй зарим зүйл, заалтуудыг засахгүйгээр баталсан тохиолдолд Монгол Улсын татварын эрх ашгийг дордуулах, татварын орлогыг бууруулах сөрөг үр дагавар шууд үүсэхээр байгаа тул хуулийн төсөлд дор дурдсан засвар, өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна. 

Нэг. Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэгч гадаадын хөрөнгө оруулалттай компани, тэдгээрийн хөрөнгө оруулагч үндэстэн дамнасан корпорациудын төлөх, тайлагнах, суутгуулах татварыг онц их хэмжээгээр бууруулж, Монгол Улсын олон улсын татвар ногдуулалтыг ноцтойгоор дордуулах үр дагавартай дараах заалтуудын хүрээнд: 

  1. Гадаадын компаниудын Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох хүүгийн орлого, ногдол ашигт одоогийн хуулиар ногдуулж байгаа 20 хувийн татварыг 2-4 дахин бууруулж, 5 ба 10 хувь болгохоор өөрчлөн, одоогийн нөхцөлийг дордуулсан хуулийн төслийн 20.2.6 заалтыг бүхэлд нь хасах;
  1. Хуулийн төслийн 20.2.6-д "энэ хуулийн 20.2.1, 20.2.4-т заасныг үл хамааран” гэж зааснаар дийлэнх нь гадаадын компаниудын Монгол Улсаас эх үүсвэртэйгээр олох орлогод хамаарах 11 төрлийн орлогыг "хүүгийн орлого”-той адилтган үзэж 5 хувьтай болгох үр дагавартай тул хуулийн төсөлд шинээр тусгасан 20.2.1 болон 20.2.4 заалтуудыг бүхэлд нь хасах;
  1. Хуулийн төслийн 20.2.6 дахь заалтад заасан холбогдох орлогуудад ногдуулж байгаа татварын хувь хэмжээг 10-20 хувиар нь хэвээр үлдээх.
  1. Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад "шууд хөрөнгө оруулалт” хийхийн оронд "өндөр хүүтэй зээл” хэлбэрээр санхүүжилт хийн, "шууд бус хөрөнгө оруулалт” хийж Монгол Улсын эдийн засаг дахь өрийн дарамтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэх, мөн дотоодын татварын бааз суурийг гажуудуулан татварын өмнөх ашгийг гадагш шилжүүлэх үйл ажиллагааг дэмжин, гадаадын компаниудын Монгол Улсаас хүлээн авах нийт 11 төрлийн орлогыг "хүүгийн орлого” гэж адилтган үзэж 5 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалтыг бүхэлд нь хасах.
  1. Одоогийн мөрдөж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын бусад улстай байгуулсан давхар татварын гэрээнүүдэд заасан төлөөний газрын тодорхойлох нөхцөлүүдийг дордуулан хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт "доор дурдсан шалгууруудаас гурав болон түүнээс дээш нөхцөлийг хангасан гадаадын хуулийн этгээд хамаарна” гэж заасан хэсгийг бүхэлд нь хасч олон улсын ЭЗХАХБ болон НҮБ-ын Татварын загвар гэрээний тайлбарт заасныг үндэслэн "Энэ зүйлд заасан "Монгол Улсын хуулийн этгээдийг удирддаг гадаадын хуулийн этгээд гэж Монгол улсад байрладаг хуулийн этгээдийн "голлох удирдлага менежментийн багийг сонгох” эрх бүхий этгээдийг хэлнэ” хэмээн уг заалтын утгыг бүхэлд нь өөрчлөх. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн 5.4.1, 5.4.2, 5.4.3, 5.4.4, 5.4.5 заалтуудыг хасах. Түүнчлэн давхар татварын гэрээнүүдэд "хуулийн этгээдийг удирдаж байгаа этгээд”-ийн нэр томьёололд "доорх 3 ба түүнээс дээш шалгуурыг хангах” гэсэн шалгуур нөхцөлийг заадаггүй. Иймд олон улсын татварын эрх зүйн баримт бичгүүдэд заасан хэм хэмжээнээс давсан зохицуулалтаар хөрөнгө оруулагч гадны компаниудад татвараас зайлсхийх шинэ нөхцөл бүрдүүлэх хуулийн төслийн 5.4 дэх хэсгийг дээрх байдлаар бүхэлд нь өөрчлөх.
  1. Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улс дахь "Төлөөний газар”-ыг заасан одоогийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2 дахь заалтын "Үйлдвэр” гэсэн бие даасан нөхцөлийг өөрчлөн "Аж ахуйн үйл ажиллагааг удирдаж байгаа газар”-тай нэгтгэн давхар татварын гэрээний заалтыг дотоодод хэрэгжүүлэх хуулийн нөхцөлийг дордуулсан тул хуулийн төслийн 6.2.1 заалтад "Аж ахуйг удирдан явуулах газар,” гэсэн хэсгийг хэвээр үлдээж "Үйлдвэр;” гэж заасан хэсгийг хуулийн төслийн 6.2.6 заалтаар тусгайлан заан оруулж хуулийн төслийн 6.2.6 заалтыг 6.2.7 болгон өөрчлөх.
  1. Хуулийн төслийн 6 дугаар зүйлийн 6.2.5 заалтад заасан "ил уурхай” гэж заасан хэсгээс "ил” гэсэн үгийг хасч "уурхай” болгон өөрчлөх. Ингэснээр 2021 оноос бүрэн хүчин чадлаараа олборлолт хийж эхлэх Оюутолгойн "далд” уурхайн жинхэнэ эзэмшигч Рио Тинто компанийн Монгол Улсад "далд уурхайг эзэмшин төлөөний газар хэлбэрээр олох бизнесийн үйл ажиллагааны ашигт Монгол улс төлөөний газрын татвар ногуулах боломжтой болно. Түүнчлэн уг өөрчлөлтөөр Оюутолгой компанийн зардал, алдагдал их хэмжээгээр буурч уг төслөөс Монгол улс ногдол ашиг хүлээн авах хугацааг хойшлуулж байгаа сөрөг нөлөөллүүд буурна.
  1. Олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөн даган мөрдөж байгаа Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрмийг хуульчилсан одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дордуулан "тухайн тайлангийн жилийн татвар ногдох зардлаас хасагдаагүй үлдсэн Хүүгийн зардлыг дараагийн 5 жилд нь хасах” гэж өөрчилсөн, мөн Монгол улсад зээлийн санхүүжилт хэлбэрээр шууд бус хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын компаниудын татварын өмнөх ашгийг "хүүгийн зардал” хэлбэрээр гадагш зувчуулах явдлыг хуулиар дэмжсэн. Түүнчлэн "ирээдүйд шилжүүлэн тооцох хүүгийн зардлыг татварын албаар баталгаажуулна” хэмээн хуулийн заалтыг утга ба найруулгын алдаатай бичсэн хуулийн төсөлд шинээр тусгасан 14.5 дэх хэсгийг бүхэлд нь хасах.
  1. Дээрх 14.5 дахь хэсгийг хасахтай холбогдуулан хуулийн төсөлд шинээр тусгагдсан 14.6, 14.7, 14.8, 14.9 дэх хэсгийг хасах.
  1. Одоогийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрмийн үйлчлэлийг дордуулан "Хүү, элэгдлийн зардлуудыг хассаны дараах ашгийг дахин 40 хувиар бууруулж” Оюутолгой ХХК-ийн татварын одоогийн тайлангаарх алдагдлыг өсгөх, улмаар Монголын талд хуваарилах ногдол ашгийг хойшлуулах болон ирээдүйд үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийн төслийн 14.2 дах хэсгийг хасах.
  1. Дотоодын хөрөнгө оруулагч иргэн хувь хүнд хамаарах "Хүүгийн зардал”-ыг татвар ногдуулах орлогоос хасахгүй байхаар хуулийн төсөлд тусгаж дотоод гадаадын хөрөнгө оруулагч татвар төлөгчдийн татварын нөхцөлийг ялгавартайгаар тогтоосон хуулийн төслийн 14 дүгээр зүйлийн 14.11 дэх хэсгийг хасах.
  1. Хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.5.6 дахь заалтад "хөрөнгө оруулалтын сангийн орлогод ногдох албан татварыг;” гэж заахдаа Хөрөнгө оруулалтын сангийн тодорхойлолт болон түүнд тавигдах хуулийн шалгуурыг тодорхой заагаагүй. Иймд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын татвараас хөнгөлөгдөх орлогын төрлийг их хэмжээгээр нэмэгдүүлэх өндөр эрсдэл дагуулах хуулийн төслийн 22.5.6 дахь заалтыг хасах.

Хоёр. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа, ашигт малтмал олборлох ашиглах хэд хэдэн тусгай зөвшөөрөл эзэмшигч уул уурхайн томоохон компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, тэдгээрт жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээс илүү татварын илт давуутай байдал бий болгохоор хуулийн төсөлд шинээр тусгасан дараах заалтуудын хүрээнд:

  1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа одоогийн хуулийг дордуулан өөрчилж лиценз борлуулсны орлогоос өртөг зардал хасч үлдэгдэл дүнгээс нь 10 хувийн татвар ногдуулах байдлаар уул уурхайн салбараас нэмүү өртөг үүсгэхгүйгээр хууль бус ашиг олох явдлыг дэмжсэн хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг хасах.
  1. "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь энэ хуулийн дагуу тухайн татварын жилд тусгай зөвшөөрөл тус бүрт хамаарах албан татварын тайланг тус тус гаргаж, албан татварын тооцоо хийнэ” гэж заан уул уурхайн компаниудад тайлан бүрээр зардал давхардуулах боломж олгон татварын бүртгэлийг энгийн хялбар болгох, тайлангийн хугацааг цөөлөх хуулийн шинэчлэлийн үзэл баримтлалыг гажуудуулан улмаар уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр буурахад хүргэх хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг хасах.
  1. "Энэ хуулийн 26.1, 26.2-т заасан хөнгөлөлтөд хамрагдах албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдох орлогыг тухайн жилийн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлно” гэж заан харилцан хамааралтай талууд хоорондын ажил гүйлгээгээр групп болон холбоотой талуудын татварыг бууруулахад хүргэх, мөн татварын бүртгэлийн үндсэн зарчмуудыг зөрчин татвар төлөгчийн татвар ногдох орлогын хэмжээг бууруулах нөхцөлийг нэмэгдүүлэх хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг хасах.

Гурав. Жижиг дунд бизнесийг татвараар дэмжих нэрээр хийгдэж байгаа хуулийн шинэчлэл нь бодит байдал дээр жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэх захиргааны болон татварын дарамт ачааллыг нэмэгдүүлсэн дараах заалтуудын хүрээнд:

  1. "Татварын хялбаршуулсан горим”-ыг хуулийн төсөлд шинээр тусгахдаа хэрэв "жилийн 50.0 сая төгрөгөөс бага борлуулалттай аж ахуйн нэгж өөрийн хүсэлтээр жилд нэг удаа татварын тайлан гаргах” бол "орлогын албан татварын бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй”, мөн "гадаад улсад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасуулахгүй.” гэж заан жижиг аж ахуйн нэгжүүдийн эдлэх 90 хувийн татварын хөнгөлөлт зэрэг хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор дордуулсан хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 29.10 хэсгийг өөрчилж "орлогын албан татварын бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахгүй, мөн гадаадад төлсөн татвараа дотоодод төлөх татвараас хасуулахгүй” гэж заасныг хасах.
  1. Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт болон татварыг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг тунхагласан ЭЗХАХБ болон НҮБ-ын 1977 оны Татварын загвар гэрээний 23 дугаар зүйлийг тус тус зөрчсөн хуулийн төслийн 29.1 болон 29.10 дахь хэсгийг хасч татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн талаар заасан одоогийн хуулийн холбогдох заалтуудыг хэвээр үлдээх.
  1. Хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт "… 90 хувийн татварын хөнгөлөлтийг дараагийн жилд буцаан олгоно” гэж зааснаар одоогийн Татварын ерөнхий хуульд заасан "тайлангаар ногдуулсан төлбөл зохих татвараас хасах байдлаар татварыг хөнгөлөх” зарчмыг дордуулсан хуулийн төслийн 22.1 болон 22.2 дахь хэсгийг өөрчлөн "татвар төлөгчийн тухайн жилийн тайлангаар төлөхөөр ногдуулсан татвараас 90 хувийг нь тухайн жилд хасч хөнгөлнө” гэж засах.
  1. "Албан татвар төлөгч тухайн татварын жилд үйл ажиллагаа эрхлээгүй бол татварын дараагийн жилээс эхлэн улирал бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 хуваасантай тэнцэх хэмжээний татвар тогтмол төлнө.” гэж заан үйл ажиллагаа явуулаагүй чагтан тайлантай жижиг аж ахуйн нэгжүүдээс улирал тутам "тогтмол татвар” авахаар үндэсний үйлдвэрлэгч жижиг компаниудын татварын дарамтыг нэмсэн цаашилбал татварыг зөвхөн ашиг орлогод ногдуулах тухай заасан татварын онолын суурь зарчмыг ноцтойгооор зөрчин татварын хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг гажуудуулсан хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг хасах.
  2. Хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "татварын хөнгөлөлт” биш татварын тайлан тушаах хугацааг заасан байх тул төслийн 26.1, 26.2 дахь хэсгээс "заасан хөнгөлөлтөд хамрагдах” гэснийг хасах” гэжээ.

Эх сурвалж:president.mn

78 сэтгэгдэл