|

ЖДҮ-ээс дөлж гүйсэн Л.Оюун-Эрдэнэ

ЖДҮ-ээс дөлж гүйсэн Л.Оюун-Эрдэнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа авснаасаа хойш "шалгана, хянана” гэсэн хэд хэдэн шийдвэр гаргав. Гэхдээ тэр нийгмийг асар ихээр бухимдуулж байгаа ЖДҮ-ээс дөлсөн хэвээр л байна. Олон нийтийн хүлээж байгаагаар бол Л.Оюун-Эрдэнэ хамгийн түрүүнд ЖДҮХС-гийн зээлийг тойрсон асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах ёстой. Засгийн газрын тусгай сангуудаас зөвхөн ЖДҮХС-г салгаж аван, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн авсан зээлийг шалгах учиртай. Бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан зээлээс яагаад тэрбумын хөрөнгөтэй эрхмүүд авсныг судалж, тэдэнд ёсзүйн, хуулийн хариуцлага хүлээлгэхийг олон нийт шаардсаар байгааг Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байсан Л.Оюун-Эрдэнэ дарга мэдэхийн дээдээр мэднэ. Тэр энэ шаардлагыг чихээрээ сонссон байх учиртай.

МАНАН-ын, М.Энхболдын эсрэг цуцашгүй явсан шигээ ЖДҮ-ийн эсрэг ч зогсох ёстой. Үнэхээр шударга үнэнийг хүсэгч, шаардагч мөн л бол тэр Засгийн газрын сайд болсон ч зарчмаа гээх ёсгүй. Гэвч бодит байдал харамсалтай. М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас түлхэн унагасны шагнал болон түүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудал ирсэн. Тэр МАН-ын дарга, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн "халаас”-нд орсон. Тиймээс ЖДҮ-тэй нэр холбогдсон, зээл авсан түүний намын нөхөд болоод танхимын гишүүдийнх нь тухай дуугарах эрхгүй. М.Энхболдын суудлаас нь буулгахын төлөө чирч гулдран дайрч байсан шигээ Л.Оюун-Эрдэнэ ЖДҮ-ийн эсрэг тэмцэх эрхгүй болсон гэсэн үг. Тиймдээ ч тэр Хөгжлийн банк, 30 шахам жилийн өмнөх өмч хувьчлал гэх асуудлыг шалгах шийдвэр гаргав. Түүний сайдын суудалд суух хугацаа хязгаартай. Дараагийн сонгууль хүртэл 18 сарын хугацаанд сайдаар ажиллах тэр 27 жилийн өмнө явагдсан цэнхэр, ягаан тасалбарын хувьчлалыг шалгаад яах ч билээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тун ажил хэрэгч зөвлөгөө өгсөн. Тэрбээр "‪28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Бямбасүрэн 1990-1992, Жасрай 1992-1996 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн но олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн "60 тэрбум", ЖДҮ, "Эрдэнэт 51 хувь, 49 хувь" гээд шалгах ажил зөндөө байна” хэмээн зөвлөсөн. Энэ туйлаас үнэн. Л.Оюун-Эрдэнэ яагаад МАНАН, 60 тэрбумын асуудлыг үргэлжлүүлэн ярьж болохгүй гэж. Тэр үүний эсрэг тэмцэж, жагсаж байж энэ албан тушаалыг авсан. Одоо түүнд албан тушаал, эрх мэдэл нь байна. Өөрөөр хэлбэл үүрэг даалгавар өгч, шалгаж хянуулах хангалттай боломжтой болсон гэсэн үг. Харин ийм эрх мэдлийг шударга үнэний төлөө ашиглах уу эсвэл албан тушаалаар амаа таглуулагчдын жагсаалтыг нэмсэн нэгэн болох уу. Сонгогдож бус тэмцэж олж авсан албан тушаалаа карьер өгсөх шат болгох ашиглаж чадах эсэх нь түүний сонголт.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд аа, Хөгжлийн банктай, өмч хувьчлалтай зэрэгцүүлэн ЖДҮ-г шалгана уу. Тойрч, дөлж гүйх хэрэггүй. Таны яг одоогийн ажил ЖДҮ л биш бол өөр юуг ч шалгасан хамаагүй гэж харагдаад байна.



shuud.mn

85 сэтгэгдэл