|

Хэн нь үнэн яриад байна вэ?

 

Хэн нь үнэн яриад байна вэ?

 


АТГ-аас өчигдөр орой ажил тарах үед шуурхай хурал зарлаж сенсааци дэгдээлээ. Хэвлэлийнхэн янз бүрийн таамаг дэвшүүлэв. Хурал нь зарласан цагтаа эхлэхгүй багагүй хугацаанд хүлээлгэсний эцэст тус газрын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр нар мэдээлэл хийлээ.

Тэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулан мэдээлэл өгөв. Тодруулбал тус газраас" Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг улс төрийн явуургүй бохир гүтгэлэгийн шинжтэй мэдээлэлдээ хуулийн байгууллагыг холбохыг байхыг шаардаж байна. Мөн манайх улс төрийн нөлөөлөлөөр ажлаа хийдэггүй. УИХ-ын гишүүдийн ар гэрийхнийг барьж цагдан хорьж байцаасан зүйл байхгүй. Албадлагын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй "гэсэн мэдээллийг хийж, өөрсдийгөө өмөөрч, гишүүний хийсэн мэдээллийг няцаасан юм.

Харин энэ хэвлэлийн хурлын дараа гишүүн Л.Оюун-Эрдэнэ бас мэдээлэл хийжээ.

Тэрбээр "АТГ-аас хийсэн мэдээллийг сонслоо. Миний хувьд маш их баяртай байна. АТГ УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүний заавар, утасны цохилтоор ажилладаг нь  гэдэг нь нотлогдлоо.   Мөн УИХ-ын Тамгын газар АТГ-аас миний хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулж мэдээлэл хийлээ. АТГ мэдээлэл хийхдээ шалгаж байгаа учраас ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэрийг хэлэхгүй гэсэн мөртлөө ганцхан миний л нэрийг хэллээ. Энэ үйл явдлаас нь харахад АТГ М.Энхболдын хувийн компани болжээ. АТГ улстөржсөн байгууллага гэдгийг олон удаа хэлж байгаа.

Би худлаа яриагүй. Гишүүний нэрийг хэлж чадахгүй байна. Зарим гишүүний гэр бүлийнхнийг баривчилсан нь үнэн. Миний хамаарал бүхий ямар ч этгээд зээл аваагүй. Авсан бол би хариуцлага хүлээгээд явахад бэлэн байна" гэж даруй мэдээлэл хийж, өөрийгөө өмөөрч, зөвтгөв.

Эндээс харахад хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байгаа юм бэ. Хийсэн мэдээлэлүүдэд итгэх арга алга.  Уг нь хуулийнхан хуулийн хүрээндээ худлаа хэлэх ёсгүй, ханатай л ярих ёстой байх. Магадгүй улстөрчид худлаа ярьдаг байж болох юм. Гэхдээ л эргэлзээ төрүүлж эхлэв. Энэ асуудлууд цаашдаа хэрхэн яаж үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

О.Гэрэл
Оллоо.mn

387 сэтгэгдэл