|

35 саяын төлбөртэй дунд сургууль төрөөс хувьсах зардал авдаг байжээ

Төрийн албанд жин дардаг мянган мянган багш цалингаа нэмүүлье гэж өнгөрсөн намаржин ажил хаялаа. Засгийн газар тайвшруулах гэж 300 мянган төгрөг нэг удаа тараая гэв. Багш нарын цалин, хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдсэнгүй. Нэг сайдын оройн хоолны мөнгөөр нэг багшийн бүтэн жилийн гомдлыг тайлах юм гэнэ. Боловсрол, эрүүл мэндийн салбар хамгийн их төсөвтэй. Боловсролын салбарын төсвөөс өндөр төлбөртэй хувийн сургуулиудад өгдөг хувьсах зардлыг танавал багш нарын цалинг тодорхой хувиар нэмэх боломжтой.

 

Ер нь яагаад олон саяын төлбөртэй хувийн сургуулиуд төрөөс шимэгчлэх ёстой юм бэ. Яагаад орлого нь хэдэн тэрбумаар хэмжигддэг хувийн сургуулиудыг татвар төлөгчийн мөнгөөр дэмжих ёстой гэж. Хувийн өмчийн 137 дунд сургууль 2015 онд төсвөөс бараг есөн тэрбум гаруй төгрөг авсан. Өнгөрсөн 2016 онд тэд 9 тэрбум 427 сая гаруй төгрөг авсан байна. Үүнийг ажлаа аваад сар болж буй Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа зогсоох ёстой. Тэртэй тэргүй олон саяын сургалтын төлбөр авч байгаа боловсролын бизнесийн байгууллагуудад төр дарамт л учруулахгүй байхад болно. Эсрэгээрээ энэ хөрөнгөөр улсын сургуулиудаа өргөтгөх, шинээр барих ажлыг хийж болох юм.

Өндөр төлбөртэй гэж яригддаг хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд өнгөрсөн хоёр жил төрөөс хэдэн сая төгрөг хувьсах зардалд авсныг танилцуулъя.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Энэтхэгийн Элчингийн зүүн талд байрлах Орчлон төв сургууль МСS группийнх. Төрөөс мөнгө горьдох шаардлагагүй артай. Бага ангийн сурагчдаас авдаг төлбөр нь 10 сая төгрөг. Тэд Орчлон төв сургууль 23.7 сая төгрөг төрөөс авчээ.

Сүхбаатар дүүргийн үйл ажиллагаа явуулдаг Сант сургуулийн төлбөр таван сая. 2015-2016 оны хичээлийн жилд 160 хүүхэд шинээр элсүүлсэн. Бага, дунд, ахлах бүлэг тус бүр нь таван саяын төлбөртэй Сант сургууль 2015 онд төрөөс 297.4 сая, 2016 онд 328.8 сая төгрөг хувьсах зардалд авсан.

Хобби сургуулийн бага ангийн төлбөр таван сая, дунд ангийнх зургаа, ахлах ангийн төлбөр долоон сая. Хобби сургууль элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдынхаа авсан оноогоор улсдаа эхний аравт ч багтдаггүй. Ийм байтал Хобби сургууль улсаас 2015 онд 148.3 саяыг, 244.4 саяыг хувьсах зардалд авчээ.

Улаанбаатар элит дунд сургуулийн бага ангийн төлбөр 8.9 сая төгрөг. Дунд анги нь 10.5 сая, ахлах анги нь 11.9 сая төгрөгийн төлбөртэй. Мөн л улсаас царай алдаад байхааргүй орлоготой сургууль. Улаанбаатар элит сургууль 2015 онд 33.4, 2016 онд 61.5 сая төгрөгийн хувьсах зардал авсан байгаа юм.

МСS-ийн Олон улсын дунд сургууль 2015 онд 86.7 сая, 2016 онд 148.8 сая төгрөгийн хувьсах зардал төрөөс авчээ. Гэтэл тус сургуулийн бага ангийн төлбөр 8.5 сая, дунд ангийн төлбөр 8.7 сая, ахлах ангийн сургалтын төлбөр 8.9 сая төгрөг байна. Орчлон сургуулийн нэр дээр дахиад л 2015 онд 140.8 сая, 2016 онд 163.3 сая төгрөгийн хувьсах зардал бичигдсэн байгаа нь хачирхалтай.

Монголын хамгийн өндөр сургалтын төлбөртэй дунд сургууль болох "British school of Ulaanbaatar” төрөөс хувьсах зардал гэж 2015 онд 41.6 сая, 2016 онд 47.7 сая төгрөг аваад байна. Тус сургуулийн бага ангийн төлбөр 26 сая, дунд ангийн төлбөр 32 сая, ахлах ангийн төлбөр 35 сая төгрөг. Ганцхан хүүхдийн сургалтын төлбөрийг заавал төрөөс авдаг нь юу билээ.

"Ameri­can school”-ийн төлбөр бас л өндөр. "Ameri­can school” өнгөрсөн 2015 онд төрөөс хувьсах зардалд 70.7 сая төгрөг авсан бол 2016 онд 73.7 сая төгрөг авчээ. Тус сургуулийн бага ангийн төлбөр 10 сая, дунд ангийнх нь 13 сая бол ахлах ангийн төлбөрөө 15 сая төгрөгөөр тогтоогоод байна.

Цаашлаад хувийн цэцэрлэгүүдэд төрөөс олгож буй хувьсах зардлыг ярьж болно. Хувийн өмчийн 461 цэцэрлэг 2015 онд 17 тэрбум 43 сая төгрөгийн төрөөс хувьсах зардалд авсан. Энэ тоо нь 2016 онд 16 тэрбум 272 сая төгрөг болж нэмэгджээ.

https://newspress.mn/

0 сэтгэгдэл