Африкийн Холбооны төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний 32 дахь уулзалт Этиопын нийслэл Аддис-Абаба хот дахь тус холбооны төв байранд өнгөрсөн ням гарагт эхэлсэн байна.
Хоёр хоног үргэлжлэх уг уулзалтыг "Дүрвэгсэд, эх орондоо буцаж ирсэн хүмүүс болон дотооддоо шилжин суурьшигчид: Африк дахь албадан нүүлгэн шилжүүлэлтийг зохицуулах урт хугацааны шийдэл олох нь” сэдвийн дор зохион байгуулж байгаа ажээ.
Нээлтийн ёслолын үеэр Африкийн Холбооны Комиссийн дарга Мусса Факи Махамат тивийн чөлөөт худалдаа, энх тайван, аюулгүй байдал болон Холбооны бүтцийн хийгээд санхүүгийн шинэчлэл зэрэг олон талбарт ахиц дэвшил гаргахад улам их хүчин чармайлт гарган ажиллахыг уриалсан байна.
Африкийн Холбооны тэргүүний албыг нэг жилийн хугацаагаар ээлжлэн хашдаг бөгөөд дээд хэмжээний уулзалтын нээлтийн арга хэмжээний үеэр Руанда улсын Ерөнхийлөгч Пол Кагаме Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисид үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
0 сэтгэгдэл