|

“Реал Мадрид” хагас шигшээд үлдлээ

“Реал Мадрид” хагас шигшээд үлдлээ

Урд шөнө Европын шилдэг лигийн нэг Испанийн эзэн хааны цомын төлөөх тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд явагдаж  хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Шөвгийн наймын  сүүлийн тоглолт "Жирона” – "Реал Мадрид” багуудын хооронд болсон байна. Эхний тоглолт өнгөрөгч долоо хоногт Мадрид хотноо болоход  "Реал Мадрид” 4:2-ын харьцаатай хожсон юм. Харин хариу тоглолтод өрсөлдөгчөө талбайд нь 3:1-ийн харьцаатай хожиж, 2014 оноос хойш "Копа дел Рей”-н хагас шигшээд үлдээгүй гэх хар цувралаа зогсоолоо. "Реал Мадрид” хамгийн сүүлд таван жилийн өмнө энэхүү тэмцээнд түрүүлж байсан билээ.

 

Хариу тоглолтод Франц довтлогч Карим Бензема хоёр гоол оруулж "Реал Мадрид” клубийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 6-р байранд дэвшсэн байна. Энэхүү жагсаалтыг Криштиано Роналду 438 тоглолтонд оролцож 459 гоолтойгоор тэргүүлдэг аж. Харин үлдсэн нэг гоолыг залуу тоглогч Маркус Льоренте оруулжээ. Тэгвэл "Жирона”-ийн нэр төрийн гоолыг Педро Порро оруулсан юм. 2009 оны зун 36 сая еврогоор Испанид ирсэн Бензема түүнээс хойш "Реал Мадрид”-ын төлөө 446 тоглолтод оролцохдоо 209 гоол оруулаад байна.

"Копа дел Рей”-н хагас шигшээд "Барселона”, "Бетис”, "Валенсиа”, "Реал Мадрид” багууд шалгараад байгаа бөгөөд энэ шатны сугалаа өнөө орой болно. Хагас шигшээгийн эхний тоглолтууд хоёрдугаар сарын зургаанд болох бол хариу тоглолт энэ сарын 27-нд болохоор товлогджээ.

 

0 сэтгэгдэл