Хөлбөмбөгчид бүгд хэлдэггүй ч ихэнхийнх нь хувьд этгээд содон сүсэг бишрэл, ёслол мэргэжлийнх нь нэг хэсэг болсон байдаг ажээ. Эдгээр ёслол нь тамирчдын тоглолтын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж итгэхэд хэцүү ч тэд өөрсдөө үүнийг маш чухалд тооцдог байна.
Тэгвэл дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн сүсэг бишрэл, ёслолтой холбоотой сонирхолтой мэдээллийг хөлбөмбөгийн ДАШТ зохиогдож буй энэ үед хүргэж байна.
ТОГЛОЛТЫН ӨМНӨ ОРОСЫН СОНГОДОГ ЗОХИОЛ УНШДАГ
Женнаро Гаттузог "Милан” хөлбөмбөгийн клубт байсан алдарт он жилүүдээр нь төдийгүй 2006 онд Германд болсон ДАШТ-д Италийн шигшээд хагас хамгаалагч байж, ялснаар нь хүмүүс сайн мэднэ.
Гаттузогийн хувьд тэмцээнүүдийнхээ өмнө Оросын уран зохиолын сонгодог болох Фёдор Достоевскийн бүтээлийг уншдаг аж. Чухам яагаад ингэдэг нь тодорхойгүй ч энэ нь нэг ёсондоо түүний хувьд ёслол болдог байна.
Хөлбөмбөгчний хэлснээр хөлбөмбөгийн ДАШТ-д зарим ёслол нь үнэхээр амаргүй санагдсан гэнэ. "Би эхний өдөр өмссөн хүзүүтэй ноосон цамцаа өдөр бүр өмсөж байлаа. Хөлс минь цувж, сэтгэл санаа хэцүү байсан ч тэр цамцаа тайлж болохгүй байлаа” хэмээн ярьжээ.
Тэрбээр "Би нэлээд сүсэг бишрэлтэй. Жишээ нь гэхэд би Чехтэй тоглохын өмнө чемодан саваа баглаад тавьж байлаа. Тоглолтоос хасагдах вий гэж тэр шүү дээ. Дараа нь үүнийгээ тэмцээн дуустал тоглолт бүрийн өмнө хийдэг болсон хэмээжээ.
ҮРГЭЛЖ БАРУУН ХӨЛӨӨР
Дэлхийн хөлбөмбөгийн хоёр удаагийн аварга, тоо томшгүй олон тооны шагналын эзэн Роналдо бол Бразилийн хөлбөмбөгийн тод гэрэлтэд оддын нэг билээ.
Түүний хувьд талбай дээр үргэлж баруун хөлөө эхлэн тавьдаг заншилтай. Энэ зуршлыг нь нутаг нэгтэн Роберто Карлос хүртэл залгамжилжээ.
Португалын од Криштиано Роналду "MahouTV”-д өгсөн ярилцлагадаа энэ ёслолыг мөн үйлддэг гэжээ. Тэрбээр "Бусад бүх тамирчны адил би сүсэг бишрэлтэй. Миний хувьд үргэлж баруун хөлөө талбайд түрүүлж тавьдаг. Түүнчлэн би тодорхой заншлыг дагахыг хичээж, өмнөх тоглолтуудад үр дүнгээ өгсөн зүйлсийг давтахыг боддог” хэмээн 2016 онд ярьсан байдаг.
ШИДЭТ БООЛТ
Нэгэнт баруун хөлийн талаар ярьсан юм чинь 1991 онд Либертадорес цомын тэмцээнд ялсан Чилийн "Коло- Коло” клубын тамирчин Хуан Карлоас Перальтуг дурдахгүй өнгөрч болохгүй. "Миний хамгийн этгээд үйлдэл бол би үргэлж баруун хөлдөө угласан гутлыг үддэг. Энэ нь гэмтэл бэртэлтэй огт хамаагүй. Зүгээр л анх би баруун үдээсээ үдэх үед манайхан ялж байсан юм. Тиймээс би үргэлжлүүлэхээр шийдсэн” хэмээн "La Cuarta” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүнтэй нутаг нэгтэн Иван Саморано баруун бугуйндаа үргэлж цагаан боолт зүүж тоглодог байсан. Анх тэрбээр бугуйндаа бэртэл аваад ийм боолт зүүж байсан боловч яг тэрхүү боолттойгоо тоглосноор Саморано гурван гоол оруулж, энэ заншлаа үргэлжлүүлэхээр шийджээ.
ОЙМСНЫ ТҮРИЙ ЭРГҮҮЛЖ ӨМСДӨГ
2010 оны дэлхийн аварга, 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцээний ялагч, "Реал Мадрид”-ын шилдэг тоглогчдын нэг байсан, өдгөө "Порту”-д тоглож буй Икер Касильяс мөн л маш их бишрэлтэй нэгэн.
"Испанийн хаалгач бол хамгийн сүсэг бишрэлтэй тоглогчдын нэг” хэмээн Испанийн Магса порталд бичиж байв. Тэрбээр футболкныхоо ханцуйг урж, оймсны түрийгээ эргүүлж тоглодог. Үүнээс гадна баг нь гоол оруулах тоолонд Касильяс хаалга руугаа эргэж, бага зэрэг үсрэн зүүн гарынхаа дэргэд байгаа шонд хүрдэг байна.
СЭТГЭЛ СЭРГЭЭХ ДУУ
Лоран Бланы удирдагч чанар, Зинедин Зиданы авьяас, Фабьен Бартезын шаламгай байдал, Францын багийн шийдэмгий байдал зэрэг нь 1998 онд Франц улс ДАШТ-д ялалт байгуулахад онцгой хувь нэмэр болсон билээ.
Гэвч нэг ёслолыг энэ ялалтад нөлөөлсөн гэдгийг дурдалгүй өнгөрч боломгүй. Францын багийнхан хувцас солих өрөөнд үргэлж л Глория Гейнорын "I Will Survive” хэмээх дууг сонсож байсан гэнэ. 1978 оны хит дуу 20 жилийн дараа хамгаалагч Венсан Канделагийн ачаар эргэн ирж, амжилтад нь хүргэсэн биз ээ.
Сүүлдээ энэхүү дуу нь Францын багийн албан бус сүлд дуу болсон гэдэг.
ЦЭНХЭР ДОТООЖ
Колумбын домогт хаалгач Рене Игитын цэнхэр дотоожны талаар дэлхий даяараа мэднэ. Түүний хэлснээр бүх зүйл мэргэч төлөгч дээр очсоноос болсон гэнэ. "1980-аад оны сүүлчээр "Атлетико Насьональ” баг "Миллионариос”-ыг хожиж чаддаггүй байлаа. Ингээд Карлос Переа бид хоёр мэргэж төлөгч дээр очсон юм. Мэргэч авгай ч биднийг шившиж, бүх тоглогчид бүс, цэнхэр дотоож явуулж билээ. Тэдгээр хэрэгсэл нь гайхалтайгаар нөлөөлж, бид эцэст нь "Либертадорес цом”-д түрүүлсэн” хэмээн хөлбөмбөгчин эр ярьсан байна.
ЗҮҮН ТАЛЫН БИЕ ЗАСАХ ГАЗАР
"Штутгарт”, "Бавари", "Фиорентина”, "Бешикташ” зэрэгт тоглогч байсан, 2013 оны Аваргуудын лигийн ялагч, "Супер Марио” нэрээрээ алдартай Марио Гомес тун өвөрмөц зуршилтай. "Тэр бие засах газрын хамгийн зүүн талын бие засах газарт үргэлж ордог” хэмээн ФИФА-гийн сайтад бичжээ.
Аргентины хаалгач асан Серхио Гойкоэчеа бие засах газрын илүү хүнд заншилтай. Энэ нь 1990 онд Италиад болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Югославтай шөвгийн дөрөвт таарч тоглох үеэр цуврал пенальтийн үеэр болсон аж. Хаалгач эр хувцас солих өрөө рүү гүйх цаг байгаагүй тул шууд л талбай дээр бие засч орхижээ. Аргентин тус тэмцээнд хожиж, Италитай хагас шигшээд бас л пенальти хийх болоход энэхүү ёслолоо давтсан байна. Аргентин мөн л ялалт байгуулсан гэдэг.
ТОГТВОРТОЙ БАЙДАЛ УР ЧАДВАРЫН ШИНЖ
Английн шигшээгээс Жон Терри огт ялж байгаагүй ч тэрбээр "Челси”-гийн багийн ахлагч байхдаа Премьер-лигт таван удаа түрүүлж, Английн цом, Аваргуудын лиг, Европын лигт ялалт байгуулж байсан түүхтэй. Түүнийг тухайн үеийн хамгийн шилдэг төвийн хамгаалагч хэмээн нэрлэдэг. Гэвч тэр өөрөөсөө илүү сүсэг бишрэлдээ итгэдэг байсан гэдэг.
"Би үргэлж автобусны нэг л суудал дээр сууж, оймсны түрийгээ гурван удаа эргүүлэн туузаар нааж, цэнгэлдэх хүрээлэн явах замдаа нэг л диск сонсож, Стэмфорд Бриж цэнгэлдэх хүрээлэнд тоглохын өмнөхөн машинаа нэг л газар тавьдаг байсан” хэмээн "Челси”-д тоглож байхдаа ФИФА-гийн сайтад өгүүлжээ.
Нэгэнт л бие засах газрыг дурдсаны хувьд Терри Стэмфорд Брижийн цэнгэлдэх хүрээлэнд нэг л суултуурыг ашигладаг байсан гэнэ.
ХАМГИЙН СҮҮЛД ГАРЧ ИРНЭ
Английн хөлбөмбөгийн домог Бобби Мур хувцас солих өрөөнөөс хамгийн сүүлд гарч ирэх дуртай байжээ. Тэрбээр хувцас нь үрчийчихнэ хэмээн шортоо хамгийн сүүлд өмсөхийг хичээдэг байв.
Түүнтэй нутаг нэгтэн Пол Инс (азаар тэд хамтдаа тоглож байгаагүй) мөн л хувцас солих өрөөнөөс хамгийн сүүлд гарч ирдэг бөгөөд замдаа футболкоо өмсдөг байсан гэнэ.
Зааны ясан эргийн Коло Туре ч бас талбай дээр хамгийн сүүлд гарахыг эрмэлздэг байлаа. Энэ зуршил нь түүний багийнханд 2009 онд Аваргуудын лигээр "Арсенал”-тай тоглох үед сөргөөр нөлөөлсөн юм.
Төвийн хамгаалагч тэрбээр багийнх нь тоглогч Вильям Галласын нурууны багахан гэмтэлд нь тусламж үзүүлэн, хувцас солих өрөөнөөс авч гарах хүртэл нь хүлээж суужээ. Үүний улмаас "Арсенал” эхний хоёр минутад талбай дээр есхөн тоглогчтой тоглосон гэдэг. Туре ийнхүү хүлээж байгаад талбайд гарч ирмэгц зөвшөөрөлгүйгээр талбайд гарч ирсэн хэмээн шар хуудас авсан гэнэ.
ИЛҮҮ ГООЛ ХИЙХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Английн шигшээ багийн Хари Линекер бие халаалтын үеэр жинхэнэ тоглолтын үеэр гоол орохоо больчихно хэмээн хаалганд бөмбөг оруулахаас татгалздаг.
Мексикийн шигшээ багийн домог, "Реал Мадрид”-ын тамирчин Уго Санчес ч мөн гоолоо барахгүй хэмээн ийм алхам хийдэг байна.
Э.Мөнхзаяа
10 сэтгэгдэл