Нийгмийн сүлжээний хамгийн том компани "Facebook”-ийн IV улирлын орлого "Wall Street”-ийн шинжээчдийн таамгийг давж өссөн байна.
"Facebook”-ийн зар сурталчилгааны бизнес нь хэрэглэгчийн нууцлалын асуудалтай холбоотойгоор сүүлийн үед ихээхэн шүүмжлүүлж байсан ч энэ нь орлогод нь нөлөөлсөнгүй. Өнгөрсөн оны сүүлийн улиралд "Facebook”-ийн борлуулалтын орлого 16.1 тэрбум ам.доллар болж, жилийн дүнгээр 30.4 хувиар өссөн байна. IV улирал "Facebook” компанийн хувьд хамгийн өндөр орлого олсон улирал нь болсныг мөн онцлох хэрэгтэй. XII сард "Facebook”-ийг өдөр бүр хэрэглэгчдийн тоо 1.52 тэрбум болж жилийн өмнөхөөс 9 хувиар өссөн талаар компани мэдээллээ. Харин Европ тэргүүтэй хөгжсөн зах зээлд "Facebook” тогтмол хэрэглэгчдийн өсөлт бага байгаа юм.
Үүнээс гадна Европын хэрэглэгчдийн дата мэдээллийг хамгаалах журам мэдээлэл цуглуулах явцад хязгаарлалт болж байгаа. Гэсэн ч интернет бизнесийн томоохон хоёр компани болох "Google”, "Facebook”-ээс илүү жижиг компаниуд өртөх эрсдэлтэй байна.
"Facebook” компанийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг "Instagram”-ийн "stories” үйлчилгээ 500 сая гаруй хэрэглэгчтэй болсныг дурдаж цаашид мессеж үйлчилгээ болон "Instagram” дахь онлайн дэлгүүрийн үйлчилгээг тэлэхээр зорьж байгаагаа мэдэгдлээ. Энэ долоо хоногт "Facebook” компани "Messenger”, "Instagram”, "Whatsapp”-ийн зурвасын үйлчилгээг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.
|
Эх сурвалж: Bloombergtv.mn |
0 сэтгэгдэл