|

Д.Трампыг дэмжигчдийн хувь буурчээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацааны тэн хагаст түүний дэмжигчдийн түвшин ойролцоогоор 40 гаруй хувь байсан тухай улс төрийн мэдээллийн "Real Clear Politics” цахим хуудасны санал асуулгын дүн харуулав.

Санал асуулга явуулдаг байгууллагуудын мэдээллээс үзэхэд, Д.Трампын дэмжигчдийн дундаж түвшин 41.5 хувь байсан ажээ. Харин нэгдүгээр сарын эхээр энэ үзүүлэлт буурах хандлага үзүүлсэн юм. Энэ нь Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих санхүүжилтийг төсөвт суулгах Д.Трампын шаардлагаас үүдэлтэй санал зөрөлдөөний улмаас Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссонтой холбоотой байна.

"Washington Post” сонин болон "ABC News” сувгийн явуулсан хамгийн сүүлийн санал асуулгын дүнд Д.Трампыг дэмжигчдийн түвшин 37 хувьд хүрсэн нь сүүлийн хоёр жилд байгаагүй хамгийн бага үзүүлэлт болжээ.

Мөн "Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?” гэсэн асуултад "Д.Трамп болон Бүгд Найрамдах намын төлөөлөгчид” гэж санал асуулгад оролцогчдын 53 хувь нь хариулсан бол 34 хувь нь "Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси болон Ардчилсан намын төлөөлөгчид” гэж хариулсан байна.

Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 54 хувь нь хана барихыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол 32 хувь нь дэмжиж байгаа гэх хариултыг өгсөн байна. Энэ сарын 21-24-нд явуулсан энэхүү санал асуулгад 18-аас дээш насны 1000 хүн оролцжээ. 
montsame.mn

0 сэтгэгдэл