|

“Ижийдээ захидал бичээрэй” уралдааны шилдгүүд тодорлоо

МҮОНРТ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ээждээ захидал бичээрэй" улсын уралдаан амжилттай болж 

өндөрлөлөө. Энэ удаагийн уралдаанд 800 гаруй захидал ирсэн гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Есөн жилийн турш зохион байгуулагдаж буй уг уралдаанд жил бүр 800-1200 орчим захидал ирдэг ажээ. 

Ийнхүү уралдааны дүн гарахад шилдэг захидлын эзнээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 11Д ангийн сурагч Х.Анундарийн бичсэн захидал шалгарч, тэргүүн байрын эзэн болсон юм. Дэд байрт н.Ринчендорж, гутгаар байрт С.Цэрэнноров нарын ижийдээ бичсэн захидлууд шалгарчээ. Мөн тусгай байрт сэтгүүлч О.Сайханцэцэг, Ж.Цэсэн нарын ижийдээ зориулан бичсэн захидал тус тус шалгарсан байна. Ижийдээ хэлж амжаагүй сэтгэлийн үгээ хэлэх боломж олгодог энэхүү сайхан уралдаан ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд шилдэг 10 захидлыг өчигдөр Тусгаар тогтнолын ордонд уншиж танилцуулан олны хүртээл болгосон юм.

Дашрамд дурьдахад, МҮОНТВ-ийн захирал Л.Нинжжамц "Ээждээ захидал бичээрэй" улсын уралдаан сайхан боллоо. Сэтгэл догдлоод энэ жил үзсэн бүх хүмүүсийг ирэх жил тохиох 10 жилийн ойгоор энэ урилгаараа үзээрэй гээд урьчихлаа. Санаачлан эхлүүлсэн "Гэрэлтэй цонх"-ын хамт олон, Лхагвадашдаа баярлалаа. Өнөөдөр ажилласан Ёлка ах, Билгүүтэй, Нандиа, Болороо, Чинбаа, Эрдэнэбат болон уран уншигч киноныхондоо, опeраторууд, тайз, маркeтингийнхан, нэр нь бичигдээгүй бүх хүмүүстээ баярлалаа. Дашрамд хэлэхэд, гуравдугаар сарын 08-нд эфирт гаргахдаа дохионы хэлээр хамт гаргахыг хүсьe" хэмээн улсын хэмжээний уралдааныг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлсэн юм. 

Ингээд уралдааны эхний гурван байрт шалгарсан захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэргүүн байрт шалгарсан Х.Анундарийн захидал 

Энэ захиаг диваажинд байсан хүү ижийдээ зориулан бичжээ...

 

Сайн байна уу ээж ээ? Танд энэ өдрийн  амар амгаланг айлтгая. Миний бичсэн энэ захидал таны тэргүүнд нэгийг бодогдуулж зүрхэнд шингэнэ гэдэгт би итгэнэ...

Ээж ээ би жаргалтай сайхан байсан. Тэнд дулаахан, айх айдасгүй бас их тайван. Гэхдээ тэр гайхалтай газар гуравхан сар амьдрах хэтэрхий хурдан байлаа. Энэ бол таны хэвлий.  

Ээж ээ би урьд насандаа хэвлийгээ цоортол мөлхөж үзсэн. Би могой байсан юм байна. Би өндрөөс өндөрт нисэж явлаа. Би бүргэд байсан юм байна. Харин энэ удаад зүүний үзүүр дээр ганцхан  тогтох хүмүүн заяаг олж бүрэлдэх аз надад байсан ч таны хүү болон мэндлэх тавилан надад байсангүй ээ...

Хоёр тивийн наана цаана байсан ч сэтгэлээрээ ямхын төдийд ч зай байдаггүй хүмүүс байхад, та бид хоёр нэг биед хамт байж, сэтгэлээрээ яагаад хэдэн бээрийн зайд байсныг би ойлгодоггүй юм. Гэхдээ амьдрал хэзээ ч намуухнаараа байдаггүйг би мэднэ ээ. Нүүр нүдгүй балбаж, заримдаа бүр шороогоор шуурах мэт тийм ч амаргүй зүйлүүд амьдралд тохиолддогийг би мэднэ. Гэсэн ч би амьдралд хайртай хэвээрээ.

Ээж ээ би таны алдаа чинь уу? Надад хэлээч. Голыг минь тасдах эмчийн хайч хурц байсан. Гэхдээ түүнийг нь зөвшөөрөх таны сэтгэл хэтэрхий хүйтэн... Гэсэн ч би гомдоллохгүй ээ. Ээж ээ та одоо уйлаагүй биз дээ. Би танд маш их хайртай . Тэнгэр дээр байдаг түм буман оддоос ч илүү их хайртай. Учир нь би хамгийн анх таны хоолойг сонсож, таны амьсгалыг мэдэрч, миний төлөө урсгасан нулимс бүрийн чинь үнэ цэнийг мэддэг болохоор би танд хайртай.

Та яг энэ агшинд миний захиаг сонордох энэ үед би өөр ээжийн энгэрт эрхэлж, ангир сүүнээс нь залгиж суугаа. Би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болсон. Ээж миний хацрыг ягаахан уруулаараа үргэлж үнсэж, намайг энхрийлдэг. Аав минь надад орой болгон бүүвэйн дуу дуулж өгдөг. Намайг өдөр болгон салхилуулж, зугаацуулдаг. Би одоо д амьдралын сайнхыг мэдэрч байна.

Миний бичсэн энэ захидлыг дэлхийн хүмүүст уншиж өгөөрэй. Би тэд нараас аминчлан гуйя. Надаас өөр бяцхан зүрхнүүдийн цохилохыг нь битгий зогсоогоорой. Өглөө бүр мандах алтан нарын илчийг мэдэрнэ гэдэг хамгийн сайхан зүйл байдаг юм шүү. 

Ээж ээ та бид хоёр хэзээ нэгэн цагт таарах байх. Хорь эсвэл гучин жилийн дараа ч байж магадгүй. Харин тэр үед та намайг таниарай...

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Х.Анундарь 

 

 

Дэд байрт шалгарсан Ринчендоржийн захидал

Хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгодоо хүрээд алс хол суухын цагт ижийгээ санагалзан чин сэтгэлийн угаас ийнхүү бичих бөлгөө.

 

Сайн байна уу? Хайрт ижий минь. Та минь сайхан хаваржиж байна уу?

Энэхүү захиаг хүү тань Дээдэс мэргэдээр хүрээлүүлсэн Дээрхийн гэгээн морилсон Цаст Түвдийн орноос бичин сууна аа. Хүү нь тандаа удахгүй очно. Та минь намайгаа хүлээсээр л сууна уу? Ижий таныхаа шүлэг, яруу найрагт дуртай байдгийг санагалзан хүү нь сэтгэлийн нандин үгсээ тээгээд бадаг бадгаар бичсэн шүлгэн захидлын хамт энэхүү захиагаа явуулж байна. 

Эхэндээ таныгаа санах нь бага байсан ч он цагийн урсгал өнгөрөх тусам сүүл сүүл рүүгээ улам санаад сэмхэн мэгшдэг боллоо. Энэ их номынхоо хажуугаар таныгаа санахын эрхээр шөнө болгон зүүдээ манан байж, тантайгаа уулзах юм даа. Ачийг тань хариулж байна аа гэж зүүдлэх юм. Хүү нь бандида малгайг цэвэрхэн уячихсан, алтан шаргал нарны өнгөтэй шар торгон дээлтэй, үрчлээс  олонтой өргөн  том орхимж ороогоод тандаа үнсүүлж байна гэж зүүдэлдэг. Ай даа, таныгаа мөн ч их санах юм даа. Хаврын салхи зөөлөн илбэхэд санана, хайруу өвлийн жавар сэнгэнэхэд санана, намрын навчис шарлахад санана, бороонд цохиулж хувцсаа нороход бас санана. 

Эндэхийн хуварга, лам нар бүгд л намайг "Та” гээд л авгайлах юм. Хүү нь таныхаа ачийг хариулж, зон олондоо буян хураахын тулд усанд ч орох завгүй номоо шургуу үздэг болохоор хүмүүс хүүг нь 35-хан настай залуу гэж танилгүй, зүсийг минь хараад авгайлж, гуайлдаг юм аа. За тэр ч яах вэ, ээж.  Нээрээ мартсанаас, манай голын  Даш гуайн хүү  энэ хийдэд надтай хамт ном үзэж байгаа. Хэд хоногийн өмнө Сэра хийдийн арын албаныхад Бакула ринбүчитэй уулзаж, Монголоос бурхны номд нэвтрэхийг хүссэн  130-аад лам шалгаруулж авчирах хүсэлтийг гаргаад Бакула ринбүчи Монгол руу хэл явуулж, Даш гуайн хүүтэй хамт  130-аад  банди авч ирсэн юм байна билээ. Дамжаагаа дүүргэж байгаа надад төдийлөн Даш гуайн хүүтэй ярилцаж суух зав гарахгүй юм. Өнөө өглөө тэднийг дагсал хаялцахын завсарлагаагаар очиж таныхаа бие лагшинг болоод нутгийн буурлуудын тухай хэсэгхэн асуун хуучиллаа. Даш гуайн хүү таныг бага зэрэг чилээрхээд байгаа хэмээн ярьж, миний сэтгэлийг өвтгөлөө. Эвий дээ, таныхаа хажууд байсансан бол нар, салхинд борлосон гарыг тань атгаад, нартын амьдралд эвэршсэн хөлийг тань бүлээн усаар шавшиж өгөхсөн. Ээж ээ, дүүг хойд уул руу эмэнд явуулаарай. Удвал цэцэг ургадаг юм. Хайрхнаасаа гуйгаад хэдийг тасдаж аваад буцалгаад уугаарай. Ижий минь та хурдан илааршина аа.  

Бага байхдаа хүү нь гүй ээ мөн хэцүү хүүхэд байж, таныхаа сэтгэлийг үргэлж чилээдэг байж билээ. Та минь намайгаа энэ хорвоод төрүүлээд ямар их баярлаж байсан бол доо. Тэгтэл хүү нь юм л бол өвдөөд. Хөөрхий аав минь намайг өвдөх бүрийд нутгийн сайн гэсэн мэргэн түргэн хүмүүс дээр очиж асуудаг байж билээ. Нэгэн удаа "Амархан бузартдаг, айлд ороод таваг идээнээс нь  хамаагүй бүү идүүлж бай, танай хүү Монголдоо гайхагдсан мэргэн хүн болно” гэж хэлэхэд аав та хоёр минь ихэд баярлаж билээ. Өлсөж, цангалаа гэхэд ухасхийн босч хоолыг минь халаан өгч, унтмаар байна гэхэд ямар ч ажилтай байсан ор, дэрийг минь засаж өгөөд л, үр минийхээ төлөө бүхнээ зориулсан аав ижий хоёр минь. Та хоёрын минь ийм их, агуу хайр надад шингэсэн юм болохоор хүү тань өдий зэрэгтэй Сэра хийдийн мяндаг сайтай лам болон сайн явж байгаа юм шүү дээ. 

Хүү нь танаасаа арван жил хол байсаар энгэрт тань эрхэлсэнгүй ч, хүсэн хүлээсэн цаг хором ойртсоор одоо гуравхан жил үлдлээ дээ. Намайг очихоор нутаг усныхан маань бөөн хөл хөөрцөг болон угтах байх даа. Сэтгэлдээ би үргэлж тантайгаа хамт байдаг шүү, ээж ээ. Өлсөх, цангахын алинд ч миний сэтгэлд хамт байсан ижий тандаа хүү нь удахгүй очно оо. Даарч бээрэхийн алинд ч хамт байсан Дарь-Эх тандаа гүйсээр очно оо, ээж ээ. Үс нь буурал болсон тандаа яаран үр тань бурамтай чихэр өвөртлөөд очно оо. 

Сайхан хархан гэзгэнд нь сор суусан ижий минь, та

Сайн сууж байна уу?

Алс хол цастын орноос 

Алаг үр нь тандаа бичиж сууна аа

Ганжуурын номд шимтэн суралцаад

Галтай хүү нь алзахгүй явна аа

Тэнцэшгүй бодийг үүсгэн бясалгаж

Тэнэмэл хүү нь сайн явна аа

Гавжийн дамжааг дүүргээд очиход

Гуравхан жил үлдлээ, ээж ээ

Аагтай шаргал цайгаа оочлон уух зуур тань

Ачлалт хүү нь тандаа

Аглагийн орноос нисээд очно оо, ээж ээ

 

Ханхар буурал аав минь сайн биз дээ

Хангайн уул шигээ түшигтэйсэн дээ

Эгдүүтэй жаахан дүү минь сайн биз дээ

Эрхэлж наадаад тоглодогсон доо

Ай даа, хүү нь та нараасаа 

Арван жил хол суужээ

Аавынхаа цээжинд наалдан явсан минь

Арваадхан жилийн өмнө байж дээ

Санаж байна шүү, та нарыгаа

Нарны эртэд гүйгээд очно оо

 

Сураглаж явна даа, та нарыгаа

Нутгийн хуваргаас бүгдийг нь сонслоо

Тан арцандаа хүрээд

Таны минь лагшин чилээрхсэн гэв үү дээ

Манал тэргүүтэндээ авралыг одуулан

Муу хүү нь хичээн залбирсаан

Жаргалтай, цогтой байгаасай хэмээн

Жамбалцанжодоо уншсаар итгэе дээ

Жавар сөрсөн шөнөөр нойр юугаа хасан

Жаахан хүүгээ тэврэн бүүвэйлж суусан

Таны минь их сэтгэлийн хариу болон ирэг ээ

 

Хөөрхий буурал ижий минь та хүүгээ

Зуны гурван сардаа заавал ирнэ гээд

Зам бараадан буудаг гэл үү

Замын машины дуунаар сэрээд

Нойр нь хулжин хэвтдэг гэл үү дээ, ээж минь

Хүү нь тандаа удахгүй очно оо

Хотны айлуудыг шуугиулсаар очно

Буурал болсон тандаа би чинь

Бурамтай чихэртэй очно оо, ээж ээ

Арваад жил харь холд ном үзэхдээ

Аз жаргалын үүдийг нээхийг мэдлээ

Наалинхай хүмүүстэй ч учирч үзлээ

Нүүрэнд минь хүртэл үрчлээ суулаа

 

Хүмүүс намайг "та” ч гэх юм

Хирийг минь үзээд "гуай” ч гэх юм

Харин миний жаахан ижий л

Хорвоод элэгдэж буй үр намайгаа

Хөөрөн наадах хүүхэд шиг л бодож яваа

Аргагүй шүү дээ, саяхан л юм даг

Ачлалт буурал ижий минь үртэйгээ

Амин холбоогоор холбогдож нэг баярласан

Алаг хорвоод мэндлэхэд нэг баярласан

Ангир уургаа амлуулж нэг баярласан

Амьдралын харгуйд торниход нэг баярласан даа

 

Сор суусан ээждээ үнсүүлж байна гэж

Саалийн тань дээлийг үнэрлэж байна гэж

Сайн яваагаа харуулах гээд

Сайхан тандаа очиж байна гэж зүүдэлдэг ээ

Намрын навчис нэг нэгээрээ буугаад

Навчисын дэлбээн дээр бороон дусал унахад

Хайртай  буурал ижийдээ очоод

Хэлмээр үгс  хоолойд аргаад байх юм аа

Уулс  уулсыг даваад удахгүй очих хүүдээ

Урам хайрлаж, урт наслаарай, ээж ээ 

Таныгаа хүндэтгэн ёсолсон хүү Ринчендорж

Гутгаар байрт шалгарсан С.Цэрэнноровын захидал 

...Бид ээждээ хайртай гэхээсээ ер нь баярлуулж байсан нь их цөөн юм шиг. За яах вэ, Мартын 8, эх үрсийн баяраар л нэг утсаар ярьж, "Ээж ээ баярын мэнд хүргэе. Тандаа хайртай шүү. Сайхан баярлаарай”, аль эсвэл "Бие нь гайгүй юу, бид сайн, санаа зовох хэрэггүй шүү” гэх зэргээр л ярих юм. Ажил, амьдрал, сургууль, цэцэрлэг гээд л зав багатай гэдэг шалтагтай болохоор тэгдэг биз дээ. 

Эх хүн гэдэг хариу хэзээ ч нэхдэггүй ачтан юм. Үргэлж л үр хүүхдүүд  минь яаж байгаа бол гэж санаа зовж суудаг. Эд нар минь өвчин зовлонгүй ажил амьдрал нь сайн явбал хүүхдүүд минь та нар ээжийгээ баярлуулж байгаа хамгийн том бэлэг юм шүү дээ гэх... Бага байхад хөгжилтэй зүйл их л болдог байж.

"Ээж ээ, ээж ээ” гэсээр хамаг хурдаараа гүйн орж ирэхэд ээж гайхан "Миний хүү юу болов, яав” гэж асуухад, "Ээж ээ би...” гээд л өвдөг нь шалбарсан ч тоосон шинжгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьсгаагаа дарж ядан хоёр гартаа атгасан шороогоо алгаа дэлгэн харуулаад "Би унасан газраасаа шороо атгаад ирлээ” гэхэд "Өө миний хүү чинь том эр болох нь ээ, сайн хүү шүү” гээд үнсэхэд их л баярлан "Би тоглолоо” гээд дуу аялан гарсан гэдэг. 

Яах вэ, ээж миний дэргэд хүнтэй ярихдаа тэдний хүүхэд их мундаг, унасан газраасаа шороо атгаж босох айхтар хүүхэд гээд л магтаж гарахгүй юу. Тэгээд л ээждээ мундаг хүү болох гэж унасан газраасаа шороо атгаж байгаа  нь тэр.  

Бойтгондоо хонхтой божир тожир алхаж явсан нялх хүү чинь ижийгээ тэврээд явах мундаг том эр болсон шүү ээж ээ. Ээжтэйгээ би нэг зуны наадмаар явж, ээжийнхээ нутгийн наадмыг үзэх аз тохиосон юм. Дөргөн сумын наадам аймгийн наадмаас хоёр хоногийн өмнө болж билээ. Би тэгэхэд  цэргийн хөгжимчин, ахлагч байсан юм.

Долдугаар сарын 11-ний өглөө 10:00 цагт анги дээр бэлэн байна гэсэн ам тангараг өргөн байж чөлөө авч билээ. Тэр жил Ардын хувьсгалын 80 жилийн ой тохиож байсан юм. Бүх офицер, ахлагч нар парадын бэлтгэлтэй байсан болохоор тэр л дээ. Ээж ээ, та санаж байгаа биз дээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн "Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” гэдэг шиг тэр жилийн сумын наадам их гоё үнэхээр сайхан болсон доо. Хамгийн сэтгэлээс гардаггүй зүйл нь 128 бөх барилдахад хүү нь түрүүлж, сумын заан цол хүртсэн шүү дээ.

Хүүгээ шагнал аваад, медаль зүүгээд, индрээс бууж ирэхэд, миний ээж нүдэндээ баярын нулимстай намайг үнсээд, "Миний хүү нутгийн зон олноо баярлууллаа. Ээжийгээ бүр их баярлууллаа” гэж хэлсэн дээ. Тээр жилийн сумын наадамд тэгж л би ээжийгээ баярлуулсан даа. Миний ээж арван хүүхэдтэй айлын том нь, есөн дүүгийн хайртай  эгч, долоон хүүхдийн ачит ээж, арав гаруй ач зээгээ өсгөж өгсөн буянтай буурал эмээ юм. 

 

Ээжийгээ би санадаг

 

Хань минь үрсээ эрхлүүлэхэд 

Ээжийгээ би санадаг 

Хажууд бүүвэй аялахад 

Ээжийгээ би санадаг 

Хатуу ааруул аяганд дэвтээхэд 

Ээжийгээ би санадаг 

Хатан орчлон зөөлөн зөөлөн эвийлэхэд 

Ээжийгээ би санадаг

 

Данхтай цайгаа дээлэндээ ороож хүүгээ хүлээдэг 

Даарчих вий гээд гутал дотор эсгий дэвсдэг 

Алдчих вий хүү минь гээд тарни уншдаг 

Аав болсон ч хамаагүй алаг үр минь гэдэг 

Нүдэндээ нулимс цийлэгнүүлэн 

Нууцхан би ээжийгээ санадаг 

Нутаг усаа зорьж очоод 

Ээжийдээ би золгодог 

 

Мэхийн ёсолсон:  Хүү С.Цэрэнноровоос Ээж Д. Буниад 

Эх сурвалж: http://www.mminfo.mn

1 сэтгэгдэл