Сонгодог хэлбэрийн парламенттай бүгд найрамдах улсууд дотроос Ерөнхийлөгчийн хагас тогтолцоог үндсэн хуулиараа тунхагласан орон бол Франц. Ерөнхийлөгчийн хагас тогтолцоо (semi-presidential system)-г заримдаа холимог тогтолцоо гэдэг. Үүнийг "холимог хуурга” шиг зүйл гэж буруу ойлгоод байх шиг. Ерөнхийлөгчийн болон парламентын систем холилдсон тогтолцоо төдийхнээр л ойлгоод байх шиг санагдана. Гэтэл агуулга нь үнэн хэрэгтээ өөр юм. Энэ бол хосолмол биш, харин ч нэгдмэл удирдлагатай төрийн цогц байгууламж. Орчин үеийн нийгэм зүйд холимог тогтолцоог бүгд найрамдах засаглалын төгс хэлбэр гэж үзэж, улс орнууд реформ хийцгээж байна. Энгийнээр тайлбарлавал, төрийн байгуламжийн хөндлөн ба босоо тэнхлэгийн огтлолцол дээр Ерөнхийлөгч зогсож байх загварыг хэлж буй. Хөндлөн тэнхлэг гэдэг нь парламентын дээд танхим, босоо тэнхлэг гэдэг нь парламентын доод танхим юм. Тэнхлэгүүдийн огтлолцлыг Ерөнхийлөгч нь цэрэг арми, хууль цаазын хүчээр зохицуулж, ард түмний аюулгүй байдал, тав тухтай амьдралыг хангаж байдаг харилцаа аж. Эндээс Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалдаа биечлэн тусалж, хамжилцсанаар том эрх эдлэн, парламентын доод танхимд нөлөөлдөг, эргээд дээд танхимын өмнө хариуцлага хүлээдэг давуу талтай юм. Парламент нь ард түмний шууд төлөөллийн дээд танхимтай, хууль боловсруулан барих мэдлэг чадвартай гишүүд бүхий доод танхимтай, хүчтэй Ерөнхийлөгчтэй тогтолцоо бүрдэнэ гэсэн үг. Зарим орны төрийн байгууламжийн жишээг харахуйд улам ойлгомжтой болно.
СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ҮР ДАГАВАР НЬ ТУЙЛШРАЛ
Дэлхийн улс орнуудын төр ер нь ямар тогтолцоотой байдаг юм бол? Гаднын орнуудын төрийн тогтолцоо, засаглалын хэлбэрийн талаар цөөнгүй хүн сонирхож байсан тул үүнийг дурдахаар шийдлээ.
Парламент нь төлөвшсөн, төгс хэлбэрээ олчихсон аль нэг орныг жишиг болгон сонгож дагах нь зайлшгүй. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Туйлын сайн судалж, Монголын нийгмийн байдал, түүхэн уламжлалт соёл, зорих ирээдүйгээ бодолцож сонгох ёстой байх. Төр Монголд анх үүссэн гэдэг. Тэгвэл энэ түүхэн уламжлалаа сэргээх концепц гаргаж, төрийн хар хайрцагны бодлогыг үндсэн хуулийн preamble (угтлага бичээс) болгон тавьж, төрийн бодлогын залгамж чанарыг хангах ёстой. Энэ талаар нухацтай бодох цаг нь одоо ирчихээд байна. Францын тавдугаар үндсэн хуулийн preamble хэсэг нь яагаад Напелеон Бонапардын гаргасан хууль байдаг юм бэ? Америк Улс яагаад үндсэн хуулиа өөрчилдөггүй юм бэ? Бодох л асуудал.
Үндсэн хуулийн preamble хэсэг нь eрөнхий зүйл, оршил, малгай үг огт биш. Үндсэн хуулийн агуулгын товчоо ч биш, зүйл анги бүр ч биш. Үндсэн хуулийн preamble нь монголоор бол үндсэндээ төрийн хар хайрцагны бодлого, төрийн уламжлалт залгамж чанарыг зангидан товчоолсон бичвэр юм. Өдгөө мөрдөж байгаа үндсэн хуулийн гол алдаа нь preamble-г ор тас орхигдуулсан явдал мөн. Үндэсний уламжлалт чанараа үндсэн хуульд орхигдуулсан нь монгол хүн үндэсний соёлын кодоо мартаж, хүн чанараа алдах суурь болсон. Төрийн хар хайрцагны бодлогын үндэсний үзэлтэй холбогдох хэсэг шинэ үндсэн хуулийн толгой хэсэгт preamble болон тусгалаа олох ёстой.
Нөгөө талаас, өнөөгийн төрийн хямралаас гарах арга замаа бодон сэтгэл хөдлөлд автах, эсвэл бусдыг даган дуурайх хандлагаар 70 нөхөөстэй дээл шиг болгож болохгүй. Ийм хандлагын уршиг эргэж нөхөгдөхгүй гэдгийг анхаарууштай.
ДЭЛХИЙН ОРНУУДЫН ТӨРИЙН ТОГТОЛЦОО
Дэлхийн бүх орны төрийн байгууламжийг хоёр хэлбэрт хуваадаг. Хаант засаглалтай 30 орчим орон бий бол үлдсэн нь бүгд найрамдах улсууд юм. Монгол Улс хаант засаглалтай байсан ч 1924 энэ тогтолцоог халсан. Мэдээж, өнөөдөр эргээд хаант засаглал тогтоох боломж, нөхцөл байхгүй. Гэхдээ төрийн уламжлалт чанарыг хадгалах, хууль цаазын уламжлалыг сэргээх зорилгоор шинээр боловсруулах үндсэн хуульд төрийн хар хайрцагны бодлогын зарим агуулга тусгалаа олох ёстой гэдгийг дахин дахин сануулъя!
Бүгд найрамдах засаглал улс орнуудын хувьд Ерөнхийлөгчийн болон парламентын гэсэн хоёр хэлбэртэй байдаг гэж монголчуудад ойлгуулчихсон юм шиг. Үнэн хэрэгтээ бол эх газрын эрх зүйтэй улс орнуудад Ерөнхийлөгчийн засаглалтай улс гэж байхгүй. Харин Ерөнхийлөгчпарламентын эсвэл парламент Ерөнхийлөгчийн холимог засаглалтай орнууд л бий. Далайн эрх зүйтэй улсуудад Ерөнхийлөгчийн, эсвэл туйлын Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд зонхилж байгаа. Монгол Улс бол Ром-Германы эрх зүйгээр явдаг бүгд найрамдах улс учраас далайн эрх зүй тохирохгүй. үндсэн хуульд тэндээс сэтэрхий тэвнийн чинээ ч зүйл тусгаж болохгүй.
Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй
Миний хувьд Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин нарын санаачилгаар гол хуулиудад орсон бүх заалтыг шүүрдэж цэвэрлэх ёстой гэж боддог. Далайн орнуудын эрх зүйгээс бараа сонгож буй мэтээр хандаж, зарим нь ашиг сонирхолдоо хөтлөгдсөөр Монголын хууль, хууль эрхийн актуудыг ноорхой тэрлэг шиг далан нөхөөстэй болгосон. Манайд хууль боловсруулах нэгдсэн концепц байгаагүй, одоо ч байхгүй. Соёл иргэншилтэй улс орнуудад юу болоод, ямар реформ хийгээд байгааг анзаардаггүй, мэддэггүй хүмүүсийн гараар улс орны оршин тогтнох эрх зүйн орчин занганд орсон гэж бодохоор аймшигтай. Тогтолцоо болохгүй байна гэж төрийн эрх үүргийг зохицуулах нормативдаа будаг нялж, шинэ жилийн гацуур мод шиг болгосон. Эцэстээ нэгдсэн зохицуулалтгүй болж, төрийн өндөрлөгт хүн амын 90 хувь, гишүүдийн олонх нь итгэхгүй байхад ч зайлуулж чадахгүй болтлоо завхарчээ. Энэ бол Монголын хуулийн гажуудал, завхрал.
ТӨР ЗАСГИЙН ЦАГ БАЙДЛЫН ТУХАЙД
Монгол Улсын төрд бодитойгоор нүүрлэсэн хямрал эх захаа алдаж, савнаасаа халин НҮБ болон олон улсын конвенцуудын үзэл санааг бүдүүлгээр зөрчиж эхэллээ.
1. НҮБ ардчилал дор олонхын шийдлийг цөөнх нь дагаж хэрэгжүүлэх агуулга оршиж буйг олон удаа анхааруулсан байдаг юм. Ардчиллын амин чухал зүрх нь угтаа бол энэ юм. Гэтэл парламент олонх, цөөнх болон хуваагдаж, цөөнх нь төрийн тамга, спикер, УИХ-ын танхимд сууж байгаагаараа, сүүлийн 20 жилийн туршид өөрсдөдөө зориулж баталсан хуулиудаараа бамбай хийж, цөөнхийн явуургүй, бусармаг үзэл бодлыг олонход тулган шаардаж, заналхийлж эхэллээ. Ардчилал гэгч Монголд ийн үнэт зүйлээ алдав. Aзийн ардчиллын од гэгдэж нэг хэсэг дэлхийг гайхуулж явсан Монгол улсыг сүйрүүлж чадсан хэсэг бүлэг олигархиуд, тэдний гар хөлүүд эвсэж, ардчиллын үнэт зүйл рүү довтлож байна. НҮБ үүнийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой, ийм "өвчин” бусад улс оронд халдварлахаас сэрэмжлэх нь тодорхой.
2. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дүрэмд хүний амьд явах эрхийг санаатайгаар тасалдуулсан аллагын гэмт хэргүүд, түүний дотор төр, нийгмийн зүтгэлтний амь насыг тодорхой зорилготойгоор зэрлэгээр хөнөөсөн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа байж болохгүй гэж заасан байдаг юм. Уг конвенцод нэгдсэн эсэхээс үл хамааран НҮБ-ын гишүүн орнууд уг заалтыг үндэсний хууль тогтоомждоо тусган хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм. Монгол Улс, энэхүү конвенцын үзэл санааг сөрж, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгон хэргийг хаалаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гаргасан шийдвэрээ зөрчиж байгааг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.
3. НҮБ өөрийн салбар институц, олон улсын конвейнциудад төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх вотум гэдэг зарчмыг маш тодорхой заан тайлбарласан байгаа. Парламентын гишүүдийн олонх, нийт сонгогчдын дийлэнх олонх нь итгэл хүлээлгэхгүй бол спикер тэр даруй огцорсон тухайгаа мэдэгдэж, импеачмент гэх зарчмаар хуулийн байгууллагын мэдэлд шилжиж, хүлээх хариуцлагын түвшингээ тогтоолгох учиртай юм байна. НҮБ-ын гишүүн мөртөө энэ зарчмыг бүдүүлгээр зөрчөөд сууж болохгүй. Хэрэв үндэсний хуулиар огцрох эрх зүйн орчин үүсэхгүй байгаа л бол үндэсний хууль тогтоомж НҮБ-ын зарчмыг зөрчиж баталсан хууль байна гэж үзэн хуулиа өөрчлөх шаардлагатай юм. Үндсэн хуулийг дордуулсан долоон заалт гэдэг шиг УИХ 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд шинэ жилийн баярын босгон дээр өөрчлөлт оруулж, спикер нь хэзээ ч огцрохгүй, гишүүд нь хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй байхаар зохицуулсан заалтуудыг эргэж үзэн, хүчингүй болгох ёстой.
4. Парламентын цөөнх үүрээ хөндүүлсэн шоргоолж аятай сандралдаж, хагас солиорол (эйфорын байдал)-д орж, эцэстээ өөрсдийн өдүүлсэн бүх хэргийг Засгийн газарт тохон огцруулах аргад шилжив. Засгийн газрыг огцруулах ажиллагааг дахин явуулна гэж шинэ гишүүн Н.Амарзаяа хэллээ.
5. Засгийн газрын тэргүүнд хандаж хэлэх миний үг бол "Хурд бол хүч!” Алгуурлах бүрд эсрэг тал чинь маневрлах аргаа олчихоод байна. Цорын ганц гарц нь гэвэл, УИХ-ын гишүүн сайд нартаа дилемма (ацан шалаа) хийх. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхээсээ татгалзаад сайдын ажлаа сайн хий, эсвэл УИХ-даа үлдээд сайдын суудлаа чөлөөл гэж хэл. Ердөө энэ! ингэж байж Засгийн газраа парламентын гадна гаргаж, улс төржилтөөс зайлсхийхгүй бол өөр гарц харагдахгүй байна. Tэртээ тэргүй хуралдаа биш бойкотонд сууж байгаа биз дээ?
6. Залуу үлстөрчдөд ч хандаж хэлэх үг байна. Хэт тулган шаардах нь тийм ч сайн арга биш ээ. УИХ-ын олонх болсон давуу талаа ашиглан зохион байгуулалтад орж, хурлаа хийн даргаа сонгож, УИХ-ын олонх нь бага хурлын горимд орж ажиллах болсноо дэлхийд зарлах нэг гарц байна. М.Энхболд, түүнийг тойрон хүрээлэгчдийн "тогтолцоо” ажиллагаагүй болно гэсэн үг. НҮБ-ын self-determination зарчим бий учраас юунаас ч айх хэрэггүй. Манайд бага хуралтай байсан уламжлал бий. Тэд шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулах даалгаврыг гардаж авах ёстой, ард түмэн ойлгоно. Гэхдээ УИХ-ыг тарааж хэрхэвч болохгүй, өртөг нь арай л дэндүү өндөр тусна. Эс бөгөөс арай гэж Монгол руу хандах чигтэй байгаа гаднын хөрөнгө оруулагчид бүгд нүүрээ буруулж, дахиж хэзээ ч гаднын хөрөнгө оруулалтын талаар ярих хэрэггүй болно. Эдийн засаг макро түвшиндээ суларч, ард түмний амьдрал улам доройтно. Өөр ч олон эрсдэл бий. Төр сүүлийн 20 жилд баталсан гол хуулиудын бүх заалтуудыг нэг бүрчлэн нарийн шалгаж үзэх шаардлага байгаа гэж хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн үг үндэслэлтэй болох нь төрийн хямрал гүнзгийрэх бүрд улам тод болсоор.
Социологич И.Цэрэнхүү
sonin.mn
1 сэтгэгдэл