|

Ерөнхийлөгч болон түүний нөхөд түүх үгүйсгэв үү?

 

Ерөнхийлөгч болон түүний нөхөд түүх үгүйсгэв үү?

 


Монголчууд өчигдөр туурга тусгаар улс болсон баярт өдрөө тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл  энэ өдрийг Ерөнхийлөгч болон түүний нөхөд үл тоов. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү арга хэмжээнд Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж, оролцсонгүй. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ‪”Өнөөдөр Монгол улсаа тунхагласан өдөр биш. 2200 гаруй жилийн өмнө Монгол улсаа тунхагласан билээ. ‪Харин Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засаглалын хэлбэрт шилжээд 94 жил болжээ” хэмээн бичжээ.

Тэгвэл түүхийн хуудаснаа шарлан үлдсэн баримтыг эргэн сануулъя. Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж, Бүгд Найрамдах улсаа дэлхий дахинд зарлан тунхагласан түүхтэй билээ.

Энэ өдрийг  2003 оноос арваннэгдүгээр сарын 26-ныг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан юм. Гэсэн ч энэ өдөр үнэхээр тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр мөн үү гэдэг асуудал эрдэмтэн судлаачдын  дунд өрнөсөөр байдаг. Учир нь Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн өдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг монголчуудын жинхэнэ Тусгаар тогтнол дахин сэргээсний өдөр гэж үзэн тэмдэглэх нь зүйтэй гэсэн маргааш ч бий. Гэхдээ энэ бол МАН-ын түүх биш. Бүх Монголчуудын бахархан түүх юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дээрх мэдэгдэл Монголын ард түмний түүх, тусгаар тогтнолыг нэг намын өмч байлгах гэсэн санаархал гэж хэлэхээс аргагүй.

УИХ-ын 2012 оны сонгуулиар АН үнэмлэхүй олонх болсон. Үүний дараахан УИХ шийдвэр гаргаж Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны ойн өдрийг бүх нийтийн амралтын өдрөөс хасаж, оронд нь Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаж байсан. Мөн Сүхбаатарын талбайн нэрийг Чингис хэмээн сольж байсан түүх саяхных. Ийнхүү улстөрийн хүчнүүд түүх өмчилж, бас үгүйсгэж байгаа үйл явц үргэлжилсээр байна. Үүнд Төрийн тэргүүн хийгээд түүний нөхөд оройлон оролцож байгаа нь тийм ч  таатай үйл явц биш юм. Гэхдээ Чингис АН-ынх, Сүхбаатар МАН-ынх гэвэл та бүхэн үнэхээр андуурч байна.
 

 

П.ГОО
Оллоо.мн

88 сэтгэгдэл