Ардын Их Хурал болон Улсын Бага хурлаас бүрдэх хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгосноор өнөөгийн төрийн байгуулал, тогтолцоо болон засаглалаас гарч буй асуудлыг шийдэх зорилготой "Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулсан. Тус хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүхтэй ярилцлаа.
-"Ардын Их Хурал” хөдөлгөөнийг хэзээ байгуулав. Ямар шалтгаанаас үүдэж хөдөлгөөн байгуулах болсон бэ?
-Өнгөрсөн оны есдүгээр сард төрийн тогтолцоог өөрчилье, ард түмэндээ эрх мэдлийг өгье гэсэн хүсэл зорилгоор"Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулсан. Тэгээд арваннэгдүгээр сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд ухуулга хуудаснууд наалаа. Одоогийн төрийн тогтолцоог харахад амархан байна л даа. Төрийн хэд хэдэн хэлбэр байдаг. Жишээ нь, ардчилсан, дарангуйлсан, коммунист болон олигархи төр гэж байна. Төрийн эдгээр хэлбэр нэг нэг рүүгээ дамжиж орж байдаг юм. Тухайлбал, хүүхэд бэлтгэл ангид орж анги дэвшдэг шүү дээ. Үүнтэй адил хувьсал өөрчлөлтийг үзүүлдэг.
1921 оны Ардын хувьсгал бол гадны эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалсан. Дараа нь Оросын коминтерн коммунист дэглэмийг тогтоосон. Энэ засаглал нэлээн удаан үргэлжилсэн. 1990 оны хувьсгалаар ард түмэн эрхээ нэхсэн юм. Энэ бол ардчилсан хувьсгал. Ардчилал ялаад 27 жил болж байна. Даанч ардчилсан төр бүрэн бүрэлдэхүүнээр тогтож чадсангүй. Коммунист засаглал ардчилал болж зүсээ хувиргаад байгаа юм. Яагаад ардчилсан улс болж чадаагүй юм бэ гэхээр иргэддээ бүх боломжийг олгож чадахгүй байна. Үндсэн хуульд иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан. Гэтэл одоо иргэд уг эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Зөвхөн сонгох эрхээ л эдэлж байгаа юм. Төрийн сонгууль мөнгөний сонгууль болчихсон. Ардчилал олигархиудыг төрүүлдэг. Хэлбэрийн хувьд ардчилсан улс байдаг хэдий ч үндсэндээ тийм биш. Ардчилсан улсын иргэн бүр эдийн засгийн эрх чөлөөтэй байдаг.
-Иргэд эдийн засгийн эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа гэж үү?
-Чадахгүй байгаа. Олигархиудыг тойрон хүрээлж буй хүмүүс бизнес хийж болдог. Энэ хүмүүс тендер авдаг. Учир нь олигархиудын дэмжлэгтэйгээр бизнесээ амжилттай явуулдаг. Харин иргэн Батсүх би газраа барьцаалж зээл авч, бизнес эрхлээд, өрөө төлье гэхээр боломж байдаггүй. Тэгэхээр иргэн бүр эдийн засгийн эрх чөлөө, эрхтэй байна уу, үгүй байгаа биз.
-Тэгвэл одоо байгаа төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж харж байна уу?
-Яагаад заавал Ардын Их Хурал байгуулах нь зөв гээд байгаа вэ гэхээр одоо нам төвтэй төр үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм. Төрийн эрх мэдлийг худалдаж аваад байна. Нэг олигархи тухайн намд гишүүнээр элсэж сонгуульд оролцож байна. Гэтэл өөрийн өрсөлдөж буй тойрог дээр мөнгө тараачихдаг. Энэ бүхэн иргэдтэй шударга үйлчилж чадахгүй байгаагийн илрэл. Бид төрийн хууль ёсны үйлчилгээг авах гэж авлига өгөөд байж байна шүү дээ. Ийм байж болохгүй.
-Танай хөдөлгөөн Ардын Их Хурал, Улсын Бага Хурал буюу парламентыг хоёр танхимтай болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цөөн хүн амтай улсад хоёр танхим байх хэрэггүй гэх хүмүүс ч бий. Ер нь парламентын танхимыг өөрчилснөөр иргэд эрхээ бүрэн эдэлж чадах уу?
-Үндсэн хуульд засгийн бүх эрх мэдэл иргэдийн гарт байна гэдэг ч одоо олигархиудын гарт байгаа юм. Олигархиуд өөрийн танилыгаа төрийн эрх мэдэлд томилж байна. Олигархиудад төрийн эрх мэдэл очихоор дарангуйлалт төрийг бий болгодог. Улсын баялгийг хэдхэн хүн хувааж иддэг боллоо. Ард түмэнд ямар ч сонголт байхгүй байна. Олигархиудын боол нь болоод амьдарч байна. Цаашдаа иргэд дарангуйлагчдынхаа боол болно. Яг "Гладиатор” шиг болно. Харин бид энэ бүхнийг эсэргүүцэж Ардын Их Хуралтай болъё гээд байгаа юм. Үндсэн хуульд ард иргэдэд эрх мэдэл байдаг юм бол эрхээ эдэлье. Хороо, сум, дүүргээс Ардын Их Хурлын гишүүдийг сонгодог болъё. Одоо сонгогдсон хүмүүс ард түмний төлөө ажиллахгүй байна. УИХ-ын дээр Ардын Их Хуралтай байя. УИХ хууль баталдаг. Харин Ардын Их Хурал төсөв санхүү, томилгоог хийдэг байх ёстой.
Манайх шиг ганцхан парламенттай улс орнууд цөөхөн байна. Хамгийн их авлигад идэгдсэн ядуу буурай орнууд л ганц парламенттай байдаг. Харин үсрэнгүй хөгжилтэй улс орнууд ихэвчлэн парламентын хоёр танхимтай байна. Мөн намууд иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна. Жишээ нь, МАН засгийн эрхэнд үнэмлэхүй олонхиороо гарсан. Гэвч одоо иргэдийн амьдрал сайжраагүй л байна. АН мөн адил. Тэгэхээр энэ нь одоогийн улс төрийн тогтолцоо болохгүй байгаа гэсэн үг. Засгийн эрхэнд гарсан намууд аль аль нь иргэдийнхээ төлөө ажиллахгүй байгаа нь харагдаж байна.
-Таны бодлоор ардчиллыг хэрхэн аврах вэ?
-Ардчиллыг аврахын тулд Ардын Их Хуралтай төрийг байгуулах хэрэгтэй. Бид ардчиллыг аварна гэхээр АН-ыг аврах зүйл биш. Ардчилал гэдэг тухайн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг олон эрхийг хангах төрийн тогтолцоо. Нөгөө талаасаа шүүх засаглал юм. Яагаад вэ гэхээр ардчилал шүүхээс хараат бус байхыг шаарддаг. Шүүх хараат бус байхаа больчихвол ардчилал алга болдог. Мөн иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлдэг байх хэрэгтэй. Энэ бүхэн цогцоороо нийлж ардчиллыг бүтээх юм.
-Тэгвэл одоо байгаа төрийн тогтолцоог өөрчилнө гэхээр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай тулгарах уу?
-Тэгнэ. УИХ-аас Ерөнхий сайдыг сонгодог биш. Ардын Их Хурлаас сонгодог байх гэх мэт томилгоог хийдэг байхаар өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж иргэд эрхээ эдэлж чадах юм.
-"Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөө тухай хувьсгалт тэмцэл, жагсаал хийх талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Иргэд хэрхэн хүлээж авав?
-Иргэд, ТББ-ууд болон Ардын Их Хурлын депутатууд уулзаж байгаа. Та нар зөв зүйтэй зүйлийн төлөө явж байна гэсэн. Ухарч, шантрахгүйгээр цааш яваарай гэж хичээнгүйлэн захиж байгаа. Бид олигархиудын эсрэг хувьсгал хийх гэж байна шүү дээ.
-Хувьсгал гэхээр иргэд талцах байх гэсэн айдас байх шиг?
-Талцаж магадгүй. Хүн юу бодож, юу ярих талаар мэдэхгүй. Олигархийн төр, засаг бий болсон энэ цаг үед иргэд хүртэх ёстойгоо хүртэх гэхээр боломж нь байхгүй. Эвлэрээд явж болохгүй шүү дээ. Энэ улсад бидний хойч үе амьдарна. Тэгэхээр бид тэмцэх шаардлагатай болж байна.
-Оны өмнөхөн ухуулга хуудаснууд наасан. Тухайн үед ухуулга наасан хүмүүсийг хүчний байгууллага баривчилж, байцаасан гэж хэвлэлийн хурал хийж байсан. Энэ хэрэг юу болов?
-Намайг ТЕГ-аас дуудаж байцаасан. Тэд "Чи долдугаар сарын 1-ний үймээнийг бий болгох гэж байна. Иргэдийг буруу зүйл рүү турхирч байна. Боль” гэсэн. Харин би чадахгүй гэсэн. Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэж заасан, би эрхээ эдэлж байна гэхэд "чи араа даах уу” гэж байна лээ. Намайг заналхийлж байгаа байхгүй юу. Шаардлагатай үед намайг дуудна гэж хэлсэн. Ийм балиар зүйлтэй эвлэрч амьдар гэвэл би чадахгүй. Би өөрийнхөө араас олон мянган Батсүхийг бий болгоно. Ард иргэддээ боломж олгосон бол ийм зүйл яриад явахгүй байх байсан. Би олигархиудаас айхгүй.
-Хавар жагсаал хийж тэмцлээ үргэлжлүүлнэ гэж байсан. Хэвээрээ юү?
-Бид Ардын Их Хурлын "Зөвлөлдөх уулзалт”-ыг пүрэв гаригт хийх гэж байна. Энэ зөвлөгөөнд бидний үйл ажиллагааг дэмжиж буй иргэд болон ТББ-ууд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. Энэ хавар томоохон жагсаал хийхээр төлөвлөж байгаа. Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр будаа тогтохтой адилхан зүйл гэдэг. Тэгэхээр ганц олдох цаг үедээ хүн шиг амьдармаар байна.
-"Зөвлөлдөх уулзалт”-ыг ямар зорилготой зохион байгуулж байгаа вэ?
-Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог олон талаас нь ярилцаж, зөвлөлдөх юм. Цаашдаа ямар арга хэмжээ зохиох уу гэх мэт зүйлсийг ярилцана. Даварсан олигархиудыг ташуурддаг ийм тогтолцоог иргэд өөрсдөө сэргээн байгуулах шаардлагатай байна. Даварсаар даварсаар олигархиуд диваажинд очлоо. Харин ард түмэн тамд уначихлаа.
З.Болд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
1 сэтгэгдэл