Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэх үеэрээ тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай болсныг зарласан билээ.
Тодруулбал тэрээр: "УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах бус бодит ажил өрнөж, шийдлүүд гаргадаг, тэр нь нийт улс орны ажил, амьдралд нөлөөгөө үзүүлдэг индэр байх учиртай. Харамсалтай нь, энэ танхимд хэлсэн үг, эндээс гарсан шийдвэрүүд амьдрал дээр хэрэгждэггүй, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хариуцлагагүй, идэвх санаачилгагүй байдал ноёлсноос ард иргэдийн итгэл алдарсан байдалтай 28 жил явж ирлээ. Маш их шүүмжлэл, асар олон санал санаачилга гарч байгаа ч хэрэгждэггүй буюу хэрэгжих үндэсгүй байгаа, төрийн албаны болон хуулийн байгууллагын завхрал, албан тушаалтны хэрэг илэрсэн ч хуулийн хариуцлагаас мултарч байгаа, баялагтай орон мөртлөө баялгийн эзэд ядуу байгаа зэргийн шалтгаан, уг үндэс нь явж явж нэг зүйл дээр тулж иржээ. Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ.
Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна. Ямар ч сайн хүн, нам байлаа гээд хариуцлагагүй, уялдаагүй, эзэнгүй тогтолцооны золиос болж, асуудлууд хуримтлагдсаар, нийгэм бухимдсаар байх тийм нөхцөл бат тогтжээ. Үүнийг нотлох гэхдээ олон тоо, баримт дурдаж болох ч илүүц гэж үзлээ. Ганцхан жишээ дурдахад, хоёр жилийн өмнөөс илчлэгдэж, яригдаж эхэлсэн "60 тэрбумын” гэх тодотголтой хэргийг эцэслэх талаар УИХ-ын чуулганыг завсарлуулахгүйгээр хэлэлцэх хэрэгтэй гэсэн саналыг би гаргасан. Дараа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөхцөл байдал үүссэнийг сануулж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал хүргүүлсэн. Улсын Их Хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхи нь бас шаардсан, Ерөнхийлөгч санал гаргасан зэрэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хуульд заасан хоёр үндэслэл нэгэн зэрэг бий болсон тохиолдолд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх ёстой. Гэтэл үүргээ биелүүлсэнгүй. Хууль тогтоох дээд байгууллага нь баталсан хуулиа үл тоомсорлох болсон нь эрх зүйн хямралын нэгэн тод, бодит жишээ.
Бид нийтээрээ засаглалын тогтолцооны мухардал, хямралыг гэтлэн давах шийдлийг олж, нийгмээрээ зорилгоо шинээр тодорхойлохгүй юм бол цаашдаа ямар ч асуудлыг шийдэж чадахгүй. Манай одоогийн тогтолцооны чадвар, боломж нэгэнт бүрмөсөн шавхагджээ.
Би Ерөнхийлөгч болсноосоо хойш маш олон улстөрч, улс төр судлалын эрдэмтэдтэй уулзаж, энэ асуудлыг нухацтай авч үзсэний дүнд тогтолцооны хямралыг гэтлэх санал, шийдлүүдийг Эрхэм гишүүд та бүхэнд болон Монголын сонгогчид, нийт ард түмэнд толилуулахаар шийдлээ.
Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй юм байна. Зүйрлэбэл, бидний хамтран босгосон өрх гэрийн минь суурь, тулгуур баганад алдаа гарч, нурах эрсдэл үүсчихээд байхад бид нурааж, шинээр суурь цутгах, бат бөх тулгуур хийхийн оронд ганц нэг нэмэлт бэхэлгээ хийх, эрсдэл арилсан мэт сэтгэгдэл төрүүлэх гэж өнгөц засвар, будаг түрхэх төдий байдлаар өнөөг хүртэл аргалж иржээ. Одоо аргалж, хуурч хүчрэхгүй хэмжээнд хямрал тулж иржээ. Өрх гэр маань хэдийнээ хазайж эхэлсэн байна.
Хардах, яаран дүгнэхийн оронд та бүгдийг хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй хэмээн хүсэж байна. Асуудлын гол нь нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, нийгмийг удирдах, зохицуулах үүргээ хангалттай биелүүлдэг, тэр хэрээр ард түмэн нь ажилтай орлоготой, эрүүл, боловсролтой, амьдралдаа сэтгэл хангалуун, жаргалтай байх төрийг зохион байгуулах, эмхлэх, ажиллуулах тогтвортой тогтолцоотой болоход л оршиж байгаа.
Монголын төр хариуцлагын хямралд бүрэн өртсөн байна. Дэлхийн банк, бусад байгууллагуудын тодорхойлолтоор "Хариуцлага гэдэг нь шийдвэр гаргагчдаас асуудалд хариу өгөх, шийдвэр гаргах чадвар юм”. Иргэдээс "энэ болохгүй байна” гээд гомдол гарахад төрийн зүгээс хариу өгөх, шийдэл олох чадварыг хариуцлага гэдэг. Гэтэл хариуцлагатай байж, нийгмийн тогтолцоог авч явах ёстой парламент, Засгийн газар зэрэг институци нь өөрсдөө хариуцлагын хямралд орчихоод байгаа нь тодорхой боллоо. Эдийн засаг сайнгүй ядуурал, орлогын тэгш бус байдал газар авсан нь Засаглал муу байгаагийн илэрхий шинж тэмдэг юм.
2018 оны 9 дүгээр сарын 26-29-нд хийгдсэн улс төрийн барометрийн судалгаагаар 10 онооны үнэлгээнээс иргэдийн УИХ-д итгэх итгэл 3.3 хувь, Засгийн газарт үзүүлэх итгэл 4.5 хувь (МЕС) байна. Ард түмний төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алга болжээ. Төрийн институцүүд дундаж болон дунджаас доогуур үнэлгээтэй байна гэдэг нь итгэлцлийн хямрал эрсдэлт нөхцөлд байгааг зааж байгаа үзүүлэлт.
Нийгмийн бүх давхарга, улс төрийн бүлэглэл, судлаачдын хүрсэн ойлголт, нэгдсэн цэг нь засаглалын тогтолцоогоо Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан хийх эрс шинэчлэл болоод байна. Үүнийг Үндсэн хуулиар л хийнэ.
УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан МОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг 4 оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна. Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн нэг тогтолцооноос нөгөө шинэ тогтолцоо руу хийх шилжилтийг зохицуулахад чухал механизм болжээ. Одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад "баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирлээ." хэмээсэн юм. Тодруулбал тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийж, сонгодог парламент, сонгодог Ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг эцэслэн сонгох шаардлагатай болсныг сануулсан гэж болно.
Зарим улс төрчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн засаглалд шилжих санаагаа илэрхийллээ хэмээж буй ч энэ нь баримтаар нотлогдоогүй байна.
Ер нь засаглалын хувилбарын хувьд МАН-ын байр суурь маш тодорхой бөгөөд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог парламентын засаглалыг дэмжиж буйгаа хэд хэдэн удаа зарласан билээ. Тэгвэл Ардчилсан Намын өнөөгийн удирдлага ч ямар ч тохиолдолд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй гэдэг дээр санал нэгдсэн тухай эх сурвалж өгүүлж байна.
Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглал тогтоохыг МАН, АН-ын өнөөгийн удирдлага лав хүлээн зөвшөөрөхгүй бололтой.
М.Чойжал
0 сэтгэгдэл