|

"Дордуулсан" гэх 7 өөрчлөлтийн балаг өнөөдөр ч үргэлжилсээр

"Дордуулсан" гэх 7 өөрчлөлтийн балаг өнөөдөр ч үргэлжилсээр

 


Ямар үр тарина тийм л ургац авна гэсэн үг бий. Улс төрд хамааралгүй  үг мэт боловч өнөөдөр  Монголын төр яг л ийм тарьсан үрийнхээ "үйлийн үр”-ийг эдэлж байна.

Бодит байдал гэвэл өнөөдөр Монголын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногийн турш гацлаа.  Хуралдах гэхээр ирц нь хүрдэггүй, эсвэл асуудал хэлэлцэх гэхээр  сайд дарга нар нь хуралдааны танхимд орж ирдэггүй. Товчхондоо  хууль тогтоох дээд байгууллага маань Засгийн газартаа  бойкотлуулчихаад байна. Уг нь бол Засгийн газрыг томилдог, бас хариуцлага тооцдог нь УИХ.  Гэтэл одоо  Засгийн газрынхаа гарт орчихлоо гэх нь хаашаа юм,  буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг л юм болчихоод байна.  Үүнийг урвуу хамаарал гэхээс өөр юу гэхэв.

Ер нь хэнд ямар эрх мэдлийг өгөхөв гэдэг нь төрийн маш нарийн торгон мэдрэмж, тооцоолол  өндөр асуудал юм байна. Танхимынх нь  бүх сайд нар давхар дээлтэй Засгийн газар гэдэг  уурга авсан эмнэг шиг цойлж ороолоод хэцүү байдаг, бас  парламентын  шийдвэрт яаж нөлөөлдөгийг яс махандаа мэдэрч суугаа нь  өнөөдрийн УИХ.   Яагаад гэвэл яг үнэндээ Засгийн газарт эрх ашгийн зөрчил үүсчихээд тэр нь хууль тогтоох  дээд байгууллагынхаа үйл ажиллагааг гацаачихаад байгаа юм.

Өдгөө Ерөнхий сайдаас  бусад нь буюу Засгийн газрын танхимын 15 сайд нь УИХ-ын гишүүн. Үндсэндээ хууль тогтоох  эрх хэмжээний бараг 50 хувь нь гэсэн үг. Тэгэхээр тэдний хувьд парламентын жолоо цулбуураас атгаастай байна гэсэн үг.

Ийм нөхцөл байдал анх удаа бий болчихоод байгаа юм биш. УИХ-ын 2012 оны сонгуулиар бүрдсэн парламентын АН-ын Засгийн газрын 17 гишүүн нь Засгийн газрын гишүүн болчихсон байсан үе бас бий. 

Тэгэхээр Засгийн газрынхаа гишүүдийг давхар дээлээр "хуягладаг” нь ганцхан МАН-ын асуудал биш бөгөөд том зургаараа Монголын улс төрд бий болсон гажуудал юм.  Өөрөөр хэлбэл АН ч ийм байдлаар өнгөрсөн жилүүдийг үдсэн.

Өнгөрсөн 20 гаруй  жилийн хугацаанд Үндсэн хуулийг дагаж мөрдөхдөө нэг удаа өөрчлөлт оруулсан байдаг.  2000 онд оруулсан энэ өөрчлөлт "Дордуулсан долоон заалт” гэсэн нэрээрээ нийгэмд нэрлэгдсэн. Өөрөөр хэлбл тэр үед эрх барьж байсан МАХН энэ өөрчлөлтийг хийсэн, одоо түүнийхээ горыг амсч байна гэсэн үг.

Үндсэн хуулийн "дордуулсан долоон заалт”-аас болж парламент парламентаараа, Засгийн газар Засгийн газраараа, Шүүх шүүхээрээ ажиллах боломж байхгүй болсон гэх шүүмжлэл өнгөрсөн 20 шахам жил яригдсан.  Тэр үнэн гэдгийг улс төрд үе үе бий болдог нөхцөл байдлууд сануулсаар байхад харсаар шагширсаар, гасалсаар л суух уу.  Энэ гажуудлыг Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж "илааршуулах” ганцхан арга зам л бий. Харамсалтай нь хаалга тогшод зогсож байгаа Үндсэн хуулийнхаа өөрчлөлтөд хаалгаа хэзээ нээх нь тодорхойгүй.

М.Нэргүй

 


 

0 сэтгэгдэл