|

УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна

УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна

 


УИХ-ын чуулганы 2018.12.07-ны өдрийн үдээс өмнөх хуралдаан хуралдаж чадсангүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв.

УИХ-ын гишүүд ээ,

Арванхоёрдугаар дугаар сарын 06-ны үдээс хойших хуралдаан, 12 дугаар сарын 07-ны үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирээгүйгээс болоод хуралдаж чадсангүй.

Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу УИХ-ын даргын захирамж гарч, хэлэлцэж эхэлсэн. Харамсалтай нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд чуулганы хуралдаанд ирээгүйгээс гишүүд асуулт асууж чадахгүй болж, ирц бүрдээгүйгээс санал хураалт явуулж чадсангүй. Ингээд энэ асуудал хоёр өдрийн турш хэлэлцэгдсэнгүй.

Улсын Их Хурлыг ард түмэн сонгодог. Ард түмэн Та биднийг улс эх орныг удирдан чиглүүлэх бодлого, чиглэлийг тогтоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж сонгосон. Парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой байна, түүнийг цаг алдалгүй гаргаж бай гэж сонгосон.

Засгийн газрыг Улсын Их Хурал томилдог. Ингэхдээ УИХ-ын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд бодлого шийдвэрээ гарган хэрэгжүүлж, Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, тайлагнаж ажилла гэж томилсон.

Засгийн газар, түүний Тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцаж, Улсын Их Хуралд ажлаа тайлагнах хуультай. Гэтэл Улсын Их Хурлын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар явуулахгүй, хоёр өдрийн турш бойкотлож байна.

Бид бензин шатахууны үнийн нэмэгдэл, валютын ханшны өсөлтийн асуудлыг Засгийн газраас асуугаад дөрөв дэх долоо хоног руугаа орж байна. Нэр дэвшүүлж, өргөн барьсан сайдыг нь томилж өгөх гээд гурав дахь долоо хоног руугаа орлоо. Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын гишүүдийн олонх итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэсэн шийдвэрийг гаргасан. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх ёстой. Засгийн газар нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг одоо биш ээ.

Цаг агаарын байдал хүндэрч, өвөлжилтийн байдал ч амаргүй байх шинжтэй боллоо. Улс орны хэмжээнд уламжлалт мал тооллогын ажил эхэллээ. Энэ мэт олон ажил, арга хэмжээг Засгийн газар зохион байгуулах үүрэгтэй. Улаанбаатар хотын агаарын бохирдолттой холбоотой асуудлаар ямар ямар арга хэмжээ авах гэж байгаагаа УИХ-д танилцуулж ажиллах ёстой.

Тийм учраас Засгийн газрыг ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг би шаардаж байна. Төр тогтвортой байх ёстой. Үүний төлөө би ажиллана. Төр тогтвортой байж гэмээнэ түмэн олон тайван амгалан ажиллаж, амьдрах үндэс бүрдэнэ6

Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогуудыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ хэмээн олон түмнийг цочирдуулах уриалга лоозонг УИХ-ын гишүүд ярьж байна. Энэ бол Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Түүнчлэн "60 тэрбумын” гэх хэргээр ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар тараасан асуудлыг дарах оролдлого, сурталчилгааг ихээр хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой гэж үзэж байна.

"60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. УИХ-ын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна.

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, саналаа бичгээр, албан ёсоор тавь. Хэвлэл мэдээллийн PR болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явагдах учиртай. Бид хуульд нийцсэн үйл ажиллагаа л явуулах ёстой.

Засгийн газар УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын хоёр өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйд би ард иргэдээсээ уучлалт хүсье.


360 сэтгэгдэл